
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлол бүжигчин Б.Саруул анх удаа үндэсний балетад гоцлох гэнэ. Түүнийг балетын урлагт хайртай үзэгчид П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын цагаан хар хун, А.Аданы “Жизель” балетын Жизель, П.И.Чайковскийн “Щелкунчик” балетын Маша гүнж, “Нойрссон гүнж” балетын Аврора гүнж зэрэг дэлхийн сонгодог балетын гол дүрүүдээр нь танина. Тэгвэл тэрбээр энэ сарын 9-нд тоглох Ж.Чулууны “Уран хас” балетын Хандармаагийн дүрд тоглохоор болжээ. Энэ талаар Б.Саруул хэлэхдээ “Би дэлхийн сонгодог балетад дандаа гоцолж байсан. Харин анх удаа үндэснийхээ балетад гоцлох болсон. Гэнэт ийм шийдвэр гарсан байна. Ер нь би үндэсний балетад бүжиглэхийг хүсч байсан юм” гэв.
М.Анир