Хөрсний бохирдол, нянтай ус, хөөрхий иргэд

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Хөрсний бохирдол, нянтай ус, хөөрхий иргэд

Нийслэлд сүүлийн 20-иод хоног цас ороогүй. Цас ороогүй болохоор ч тэр үү замын хальтиргаа гулгаа бараг л алга. Харин хотын төвийн энэ дүр зураг  гэр хороололд эсрэгээрээ. Цас орох үгүй нь хамаагүй гэр хорооллын гудамж өвлийн гурван сар бохир  “мөсөн гулгуур”-ын талбай болж хувирна. Зүгээр ч нэг мөсөн гулгуур биш ээ. Үнс нурам, хог, угаадас, ял­га­дас барьцалдан хөлдсөн бо­хир заваан “мөсөн гулгуур” Үүгээр тус хороололд амьдрах олон хүн ажил, сургууль, цэцэрлэгтээ явахаар нааш цааш хөлхөлнө. Энхэл донхол зам­тай нарийхан давчуу гудамжинд хир даг, савангийн хөөстэй бохир усаа “надад хамаагүй” гэсэн шиг нэ­лий­тэл нь асгачихаад хээв нэг явж одох нь энүүхэнд. Энэ бол Сүхбаатар дүүр­гийн нутаг 100 айл орчмын гэр хо­роо­лолд өдөр бүр  үзэгдэх дүр зу­раг.

Нааш цааш хөлхөх хүмүүсийн дунд ямар нэг зүйлд яаравчлан алхах 50 орчим насны эрэгтэй “мөсөн гул­гуур” дээр хальтирч  унах нь тэр. Түү­гээр явах хүмүүс  тоосон шинжгүй ха­жуу­гаар нь өнгөрах аж. Хэдхэн минутын өмнө бохир заваан газарт унах  дөхсөн болохоор түүнд туслахаар шийдэв. Тэрбээр  “арчаагүй гэр хорооллынхон  угаадасаа гудамжинд гаргаад асгачих юм. Над шиг хүмүүс гэлтгүй хүүхдүүд хальтирч унаад хөл гараа хугалчих гээд  хэцүү юм” гэж амандаа бувтнав. Түүнийг Б.Баярбаатар гэнэ. Тус дүүргийн 10 дугаар хороонд 10 гаруй жил оршин сууж байгаа аж. Түүнтэй ийн яриа өрнүүллээ.

-Энэ хавийн оршин суугчид яа­гаад бохир усаа гудамжинд асгаад бай­даг юм бэ. Хальтиргаа үүсгэхээс гадна орчныг бохирдуулж байна шүү дээ?

-Ганц энэ гудамж гэлтгүй бүх гэр хороолол адилхан. Олонх нь хашаан­даа муу усны нүх байхгүй. Зарим муу усны нүх нь өвлийн улиралд хур­дан дүүрч гудамжинд асгахаас ар­га­гүйд хүрдэг. Хүйтэн болохоор чинь асгасан угаадас нь тэр дороо л хөл­дөж орхино. Энэ байдалдаа гэр хорооллын оршин суугчид дасаад удаж байна. Мэдээж ийм бо­хир орчинд амьдарч байхад эрүүл мэн­дээ­рээ хохирох нь тодорхой л доо.

-Айл болгон муу усны нүх ухахад тийм хэцүү гэж үү?

-Нэг хашаанд хаяа хаяагаа дэрлэ­сэн олон айл амьдардаг. Зарим нь хөлсний хашаанд амьдардаг бо­ло­хоор  муу усны  нүх ухахгүй л дээ. Энэ хавь чинь гэр хороололгүй байхдаа голтой, нууртай байсан юм билээ. Тийм болохоор гүнзгий нүх ухаж болохгүй, ус гараад ирдэг юм. Ухсан муу усны нүх нь ес эх­лэ­хэээс өмнө дүүрчихдэг. Тэгээд л гудам­жинд асгах ганц сонголт үлдэж байгаа нь энэ.

-Бохир усныхаа дээрээс үнсээ асгачихсан байх юм. Үнсээ бас асгах газар олддоггүй  хэрэг үү?

-Өө энэ чинь асгах газаргүйдээ биш ээ. Ирж ачих ёстой хүмүүс нь цагтаа ирдэггүй байхгүй юу. Уг нь дүүрэг бүрт хогны машин байдаг л гэдэг. Хүрэлцдэггүй юм уу, эвдэрч хэмхрээд явдаггүй юм уу, олон сараар хо­гоо ачихгүй байх нь энүүхэнд. Энэ хүйтэнд өдөр шөнөгүй нүүрс түлж буй айлууд чинь хогийг нь ирж ачих­гүй болохоор бас л гудамжинд ас­гаж орхино. Нэг талаараа манай иргэ­дийн ухамсар дорой байдалтай  холбоотой.

-Хог, бохир усаа ил задгай асга­сан айлуудад хорооноос арга хэм­жээ авдаг уу?

-Тэд ч ажлаа хийхээсээ хийхгүй нь элбэг. Уг нь хуулиараа торгох ар­га хэм­жээ авах эрхтэй л юм гэсэн. Даан ч хэ­нийх нь мэдэгдэхгүй. Тор­гоод ирэхээр өөр айлын үүдэнд ас­га­чих жишээтэй. Хороо хорины ажилтнуудын үгийг тоодог хүн  байх­гүй дээ гэсэн юм. Тэрбээр зарим тохиолдолд  үнс, бохир усаа гудам­жинд асгадаг гэдгээ нуусангүй.

Тус хорооны гудамжаар хэсэг алх­вал бохир ус, үнснээс гадна гялгар уутанд хийж зориуд хаясан ахуйн хог хаягдал, нохой мэрээд орхисон яс, үхсэн  гөлөгний сэг зэм гээд орч­ныг бохирдуулах зүйл дэндүү их харагд­лаа. Нэг хашаанд 3-6 айл зэ­рэг­цэн буужээ.  Нэг  өрхийн хүн амыг дундажаар гурав гэж тооцвол нэг хашаанд 10-18 хүн оршин суудаг  гэх тооцоо гарна. Харин тэд дундаа ганц­хан бие засах газартай. Өвлийн улиралд хөлдөж овойгоод тэр олон хүн орж гарахад хэцүүхэн болох нь ойлгомжтой. Дээрх асуудлыг шийд­вэр­лэхэд  холбогдох албаныхан бо­лох хотын захиргаа, мэргэжлийн хянал­тын газар, Байгаль орчны газ­рууд ямар ажил хийж байна вэ?

Бие засах газарт био ариутгал хийнэ

Нийслэлийн Захирагчийн аж­лын албаны Хог хаягдлын менеж­мен­­тийн хэлтсээс өнгөрөгч онд био бэлд­мэлээр гэр хорооллын бие засах газ­руудад ариутгал хийх ажлыг эх­лүүлжээ. Тэд бусад гэр хорооллоос олон жилийн нүүр үзсэн Гандангийн Туулын 1-9 дүгээр гудамжны өрхийг сонгон авч гурван сая гаруй төгрөгөөр био ариутгал хийсэн байна. Гэр хо­роол­лын айл өрхийн бие засах газ­раа ариутгаж буй хлорамин нь хямд үнэтэй ч үр дүн муутай аж. Харин дээрх био бэлдмэл нь хүний ялгадсыг богино хугацаанд задлах, үнэргүй болгох давуу талтай болох нь туршилтаар ажиглагдсан гэж албаны хүн хэлж байна.  Ариутгал хийх зориулалттай био бэлдмэлээр жилд хоёр ариутгал хийхэд хангалттай бөгөөд нэг кг нь 8000 төгрөгийн үнэ­тэй аж. Тэгэхээр нийслэлийн ир­гэд жилдээ 16 мянган төгрөгөөр бие засах газраа ариутгаж болох нь. Түүнч­лэн өндөр үнэ өртөг бүхий био жор­лон нэвтрүүлэх  Франц улсын төсөл дээр хамтран ажиллаж эхэлжээ. Гэвч дээрх арга хэмжээ хэзээ ч гэр хорооллыг бохирд­лоос аварч чадахгүй. Гагцхүү гэр хорооллыг барилгажуулах хүртэл “гал унтраах” ажил гэдгийг албаныхан ч хү­лээн зөвшөөрч буй.

1000 гаруй зөвшөөрөлгүй худаг бий

Гэр хорооллын айлуудыг ундны цэвэр усаар хангах эрүүл ахуй, стандартын шаардлага хангасан ху­даг хуруу дарам цөөн. Тодруулбал нийс­лэлийн есөн дүүрэгт нийт 1611 гү­ний худаг үйл ажиллагаа явуулж бай­гаагийн дөнгөж 600 орчим нь албан ёсын зөвшөөрөлтэй. Дээрх гү­ний худгийн 46  хувь нь бохирын цэ­гээс 30 метрээс доош зайд буюу бие засах газар, муу усны нүх, хогийн цэгтэй хаяа дэрлэж байрладаг гэсэн үг. Дээрх гүний худгийн усны 30.7 хувь нь нянгийн бохирдолтой, 5.2 хувь нь химийн найрлагатай  болох нь шалгалтаар илэрчээ.

Нянгийн бохирдолтой ус ууж, хорт утаа, хөрсний бохирдлоор амьсгалах гэр хорооллын иргэдийн ирээдүй даан ч бүрхэг. Гэвч өдрөөс өдөрт хаяагаа тэлэх  гэр хорооллын олон асуудал “гэр  хорооллыг барилгажуулах хүртэл” цэгцрэхгүй гэдгийг  дээр дооргүй хүлээн зөвшөөрчээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж