Салют борлуулах зөвшөөрөлтэй хоёр компани байдаг

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Салют борлуулах зөвшөөрөлтэй хоёр компани байдаг

Шинэ оноо угтаж баяраа тэмдэглэж явсан хүмүүс салютнаас болж гар, гарын хуруугаа тайруулж тахир дутуу болсон явдал гарсныг бид мэдээлж байсан. Одоогийн  байдлаар нийслэлд 43 хүн бэртэж гэмтсэнээс 10 нь Гэмтэл согогийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Мөн Эрдэнэт хотод гурван хүн салютнаас болж гэмтэж хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээ байна. Баяраа тэмдэглэж яваад хоёр гаргүй болсон иргэн ч байгаа бөгөөд ихэнх хүмүүсийн гарын хурууг тайрсан байна. “Хөвсгөл  аймгаас нэг хүн ирж байгаа биеийн байдал нь ямар байгааг мэдэхгүй. Ирэхээр нь үзэж оношлоод шаардлагатай арга хэмжээг авна. Одоогоор хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн биеийн байдал сайжирч эмчилгээ хийгдэж байна гэж” Гэмтэл согогийн үндэсний төвийн гар сарвуу, бичил мэс заслын килиникийн мэс заслын эмч Д.Даваажаргал хэлж байлаа. Бэртсэн иргэд “хэрэглэсэн салют нь хятад бичигтэй болохоор сайн мэдэхгүй байна. Хаа сайгүй л зарж байсан шүү дээ. Холбогдох байгууллагууд нь хил гаалиар оруулж ирж байгаа бүтээгдэхүүндээ хяналт тавиагүйгээс бид хохирч байна. Хил гаалиар нэвтэрсэн, хаа сайгүй зарж байсан. Ийм аюултай зүйлийг хаа сайгүй зарж байхад  холбогдох хүмүүс нь юу хийж байсан юм бэ” гэж бухимдаж байсан юм.  Одоогоор бэртсэн хүмүүс харъяа дүүргийнхээ цагдаагийн газар гомдол гаргаснаар тухайн дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. Ямар нэртэй салют байсныг хэлэх боломжгүй, шалгаж байгаа аж. Бид салютад холбогдох байгууллагууд ямар хяналт тавьдаг талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Геологи уул уурхайн хяналтын байцаагч С.Болдоос тодруулсан юм.

-Баярын үеэр нэлээдгүй иргэд салют дэлбэрсэнээс бэртсэн тохиолдолууд гарсан. Салютны хэрэглээ, худалдаа зэрэгт танайх ямар хяналт тавьдаг юм бэ?

-Баяр ёслолын үеэр хэрэглэдэг салютны төрлийн протехникийн хэрэгсэлийг Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас зөвшөөрөл авч импортоор оруулж ирдэг. Одоогийн байдлаар тус яамнаас зөвшөөрөл авч албан ёсоор борлуулах хоёр компани байдаг бөгөөд     “Протек” , “Бластик” ХХК-ууд юм. Тус аж ахуй нэгжүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, стандартад нийцсэн, Хятадын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг оруулж ирж борлуулдаг.

 -Бэртсэн иргэд ихэнх нь гадуур худалдаалж байсан салютнаас авсан. Тэгээд л ийм зүйл болчихлоо гэж байсан. Гадуур борлуулж байсан салютыг танайхаас хянадаг уу?

-Дээрхи хоёр компаний салют бол стандартын шаардлага хангасан дээрээс нь бид байнга хяналт шалгалт хийж байдаг учраас ийм асуудал үүсэхгүй. Мөн эдгээр байгууллагууд салют тэсэлгээ хийх тусгай мэргэшсэн хүмүүс хийдэг.  Харин иргэдийн хил гаалиар олон улсын стандартын шаардлага хангаагүй, баталгаагүй, хаана хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, ашиглах заавар нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг нууцаар, далдлан оруулж ирсэн салютнаас ийм асуудал үүссэж байна. Хамгийн гол нь гааль хяналтын байгууллагууд нь хил дээр энэ асуудлыг таслан зогсоох хэрэгтэй. Салютыг хилээр нэвтрэн оруулж ирэх, импортод нь Гаалийн ерөнхий газар хянадаг. Харин хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтэд нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналт тавьдаг юм байна. Мөн энэ тохиодолд холбогдох дүүргийн байцаагч, цагдаагийн газар, онцгой байдалын газар зэрэг байгууллагууд хяналт тавьдаг. Иргэд оруулж болохгүй гэсээр байтал хил гаалиар нууцаар бараан дунд нуух зэргээр  нэтрүүлсэнээс олон хүн хохирч байгааг анхаарч ойлгох хэрэгтэй.

-Ер нь салютыг яаж ашиглах ёстой байдаг юм бэ?

-Янз бүр л дээ. Зааваргүй бүтээгдэхүүн авч хэрэглэх нь аюултай. Гараар барьж болохгүй, тодорхой зайнаас хэрэглэх  гэх мэт заавар байдаг. Мөн  барихгүйгээр ямар нэг биетэд тогтоогоод асаагаад холдох юмуу хамгийн багадаа гурван метрийн зайтай байх ёстой гэсэн заавар ч байдаг. Мөн энэ Гаалийн ерөнхий газраас энэ талаар тодруулахад “Салют бол хориглосон бараа биш. Гэхдээ тусгай зөвшөөрлийн дагуу хилээр нэвтрүүлдэг. Манай байгууллага хуулийн дагуу зөвшөөрөлтэй байгууллагын бараа бүтээгдэхүүнийг шалгаж оруулдаг. Одоогоор хууль бусаар оруулж ирээд баригдсан гэх зөрчил бага байна. Иргэд хууль бусаар салютыг нуун дарагдуулаад хилээр нэвтрүүлээд байна. Иргэдийн бараа бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн шалгах боломж байхгүй” гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлсэн юм. 

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж