”300 сая ам.доллар”-ын дуусдаггүй түүх үргэлжилсээр

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

”300 сая ам.доллар”-ын дуусдаггүй түүх үргэлжилсээр

Түүх ингэж эхэлжээ

 2003 он.
БНХАУ-ын дарга Ху Жин Тао манай улсад айлчлах үеэр БНХАУ-ын Засгийн
газраас 300 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо дуулгав.
Энэхүү зээлийг дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулах нөхцөлийг тухайн үед
санал болгосон аж. Үүнийг сонссон Засгийн газар баярлаж, ард түмэн
хардав.Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбогдуулан Хятад улс нүхээ
малтаж байна хэмээн сэрдэцгээв. 

Хоёр жилийн дараагаар Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн
газар хооронд 300 сая ам долларын хөнгөлөлттэй зээл авах гэрээг албан
ёсоор байгууллаа.

Монгол Улсын тал таван төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргажээ.
Тус төлөвлөгөөний дагуу “Баруун бүсийн авто зам хөтөлбөр, Замын үүдийн
дэд бүтцийг хөгжүүлэх төсөл хөтөлбөр, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний
парк шинэчлэх төсөл хөтөлбөр, Орон сууцны хороолол дэд бүтэц төсөл
хөтөлбөр, Мэдээлэл харилцаа холбооны нэгдсэн сүлжээний шинэчлэл төсөл
хөтөлбөр” зэрэг таван төсөл хөтөлбөр боловсруулан БНХАУ-ын талтай
харилцан тохиров.
Гэтэл Мэдээлэл харилцаа холбооны нэгдсэн шинэчлэл төсөл хөтөлбөр нь
манай улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц байгааг
Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс үзээд өөр чиглэлээр дахин
боловсруулах үүрэг Сангийн яаманд өгсөн байна. Тухайн үед Хятадын 300 сая долларын зээлд зориулсан төслийг булаацалдаж
М.Энхболдын Засгийн газарт дэд бүтэц, эрчим хүчний салбарын сайдыг
дангаар нь огцруулах асуудлыг УИХ хэлэлцээд ч амжсан байна.

Гэрээг үзэглэснээс хойш дахин нэг жил өнгөрөв. Зээлийн 60 хувийг хувь
хүмүүст, бусдыг нь компаниудад олгох ба ингэхдээ зөвхөн Монгол дахь
Хятадын иргэд, компаниудад олгох, зээлийг Монголын банкаар дамжуулалгүй
Хятадын “Эксим” банкаар дамжуулан зээлдүүлэхээр болсон талаарх мэдээлэл
хэвлэлээр гарлаа. Зээлийн зориулалт хэнд чиглээд байгаа талаар эргэлзээ
төрж эхлэв. 

2008 он. Анх яригдаж байсан Эгийн голын усан цахилгаан станц
байгуулах төслийн ажил зогссонтой холбогдуулан хөнгөлөлттэй зээлийн
санхүүжилтийн асуудал мөн зогслоо. Иймд дээрх 300 сая ам.долларыг манай
улсын тємєр замын хєдлєх бvрэлдэхvvнийн паркийг шинэчлэх, Замын-Үvдийн
дэд бvтцийг сайжруулах, баруун бvсийн авто зам, орон сууц, инженерийн
байгууламж барих, мэдээлэл холбооны нэгдсэн сvлжээг байгуулж шинэчлэх
зэрэг дэд бvтцийн бvтээн байгуулалтад зарцуулахаар дахин төслийн загвар
босгож эхлэв. Ийнхүү шинээр босгосон загвар болох “БНХАУ-ын Засгийн газар хооронд
байгуулсан 300 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий
хэлэлцээрийг соёрхон батлах” асуудлыг хэлэлцүүлэхээр УИХ-аар оны эцэст
орууллаа. Засгийн газрын боловсруулсан хувилбар улсын эдийн засагт бодитой хувь
нэмэр болохуйц, байгаль орчинд хөнөөл багатай төсөл, хөтөлбөрийг сонгон
хэрэгжүүлэхээр ийн өнгөө өөрчилсөн аж. С.Баярын Засгийн газрын энэ
саналыг УИХ дэмжсэнээр баруун бүсийн авто зам, Орон сууцны хорооллын
инженерийн дэд бүтэц, барилгын материал, төмөр замын хөдлөх паркийг
нэмэгдүүлэх, Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах, Мэдээлэл, холбооны
нэгдсэн сүлжээний шинэчлэлд зарцуулахаар болж, гэрээг УИХ соёрхон
баталлаа. Энэ зээлийн зарцуулалтын талаар Монголын тал шийдвэр гаргахдаа Хятадын
талын эрх ашгийг байнга харж байгаа талаар шүүмж өрнөв. Энэ
санхүүжилтийг Буцалтгүй тусламж уу, зээл гэх үү хэмээх эргэлзээ төрлөө. Тухайн чуулганы хуралдаанаар Д.Балдан-Очир гишүүн “Замын-Үүдийн чөлөөт
бүсийг хөгжүүлэх асуудлыг нэгэнт оруулчихсан мөртлөө Алтанбулагт чөлөөт
бүс байгуулах асуудлыг яагаад хамтад нь оруулаагүй” тухай асуухад
Ерөнхий сайд С.Баяр “Зээлийг Хятадаас авч байгаа учраас Оросын хил дээр
аваачих нь зохимжгүй “ гэх хариултыг өгч байв.

2009 он гараад дахин дөрвөн сарыг өнгөрөөв. Зээлийн асуудлыг БНХАУ-ын
Бээжин хотноо энэ удаад хэлэлцэв. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан,
техникийн хамтын ажиллагааны Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар
хоорондын Комиссын ХI хуралдаанаар хятадын талаас олгох 300 сая
ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах ажлыг түргэтгэх шаардлагатай
байгааг тодорхойлов. Энэ уулзалттай ойрхон болсон бас нэг уулзалт байсан нь БНХАУ-ын Төрийн
Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао Ерөнхий сайд С.Баярын Санъяа хотын
Шератон зочид буудалд хийсэн уулзалт байв. Монголын талаас өнөөх 300
тэрбумын зээлийн төслүүдийг даруй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг
хэлсэн бол үүний хариуд Вэнь Зябао Хятадын аж ахуйн нэгжүүд Монгол Улсад
дэд бүтэц, уул уурхайн салбарын томоохон төслүүд хэрэгжүүлэхэд
оролцохыг дэмжихийг Ерөнхий сайд С.Баярт санал болгосон байна.

2010 он.
Уг зээлийн хөрөнгөөр нийтдээ таван төслийг санхүүжүүлэхээр
эрх баригчид шийдвэрлэсэн бөгөөд үүнээс “Төмөр замын хөдлөх
бүрэлдэхүүний парк нэмэгдүүлэх”, “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах”
төслүүдийн тендер зарлагдаад 60 сая ам.долларын санхүүжилт авах эзэд нь 
тодорхой болжээ. Тэднийг “хязгаарлагдмал тендер шалгаруулалт”-ын аргаар
тодруулсан гэнэ. Үүний хууль эрх зүйн үндэслэлийг нь тодруулбал
“мэргэжлийн өндөр ур чадвар, туршлага, техник, технологи шаардсан нарийн
төвөгтэй бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх чадвартай этгээдийн тоо
хязгаарлагдмал” тохиолдолд хязгаарлагдмал тендер зарлана хэмээн хуульд
заажээ. Гэтэл Хятадын ЭСЯ-наас манай Сангийн яаманд ирүүлсэн албан тоотод “Хятад
улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийг хэрэгжүүлэх журмын дагуу
Монголын тал Хятадын талаас хүргүүлсэн компанийн жагсаалтын хүрээнд
хязгаарлагдмал тендерийн аргаар төсөл гүйцэтгэгчдийг шалгаруулан авах
ёстой” хэмээн анхааруулаад дээр өгүүлсэн таван төсөлд оролцох Хятадын
компаниудын нэрсийг төсөл тус бүрээр жагсаан ирүүлжээ. Ингэхдээ дөрвөн
төсөлд тус бүрд хоёр компаний нэрийг зоожээ. Ингээд дээр өгүүлсэн эхний
тендерт Хятадын хоёрхон компани орж China CAMC engineering Co.LTD
шалгарчээ. Үүнийг нь тендер буюу шалгаруулалт гэх боломж бага байв.
Өөрөөр хэлбэл, тендерт оролцох хоёр компани хоёулаа л шалгарахаар байв.
Үүнээс болж зээлийн үр дүн Монголын талд байгаа эсэх талаар шуугиан
өрнөв.

Хятадаас 300 сая ам.долларын зээлийн 24 сая ам.долларыг нь Замын-Үүдийн
ложистикийн тө­сөлд зарцуулахаар төлөвлөж, зураг төсөл нь бэлэн болжээ.
Хоёр удаа тендер зарлахад хоёр компани шалгарсан аж. Гэтэл нэг компани
нь ложистикийн төв байгуулахад 24 сая ам.доллар хаанаа ч хүрэхгүйг хэлж,
санхүүжилтээ нэмэхийг шаардсан байна. Санхүүжилтийг тэр даруй шийдэх
боломжгүй тул тухайн компани ажлаа орхисон байна. Гэтэл тухайн үед ОХУ
125 сая ам.долларын зээл авах бололцоо гарч иржээ. Гэсэн ч дээрх зээлийг
авч чадаагүй байна. Учир нь тус зээл хөнгөлөлттэй ангилалд багтах
боломжгүй байжээ. Тиймээс 24 сая ам.доллараа өөр зүйлд зарцуулахаар
шийдсэн аж. Ложистикийн төв байгуулах ажил бүтэлгүйтсэн нь ийм учиртай
гэнэ.

2010 оны зургадугаар сар.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд
Вэнь Зябао манай улсад хоёр хоног саатахдаа 500 сая долларын
хөнгөлөлттэй зээлийг дахин амлав. Ху Жиньтао даргын 2003 онд амласан 300
сая долларын зээлийн санхүүжилт нь бүрэн орж ирээгүй байхад Ерөнхий
сайд нь дахин 500 саяыг амласны цаад учир битүү хэвээр үлдэв. 2010 оны төгсгөл ирэв. Зас­гийн газ­раас Хятадын засгийн газрын 300 сая
ам. долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийг төмөр замын зам
барилга, хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэхэд ашиглахаар
шийдвэрлэлээ. “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх
төсөл”-өөс 24,307,840 ам. доллар үлдсэн аж.

 2010-12-31. Энэ өдөр бол БНХАУ-тай ерөнхий гэрээгээ
танилцуулах сүүлийн өдөр. Үүнд амжихын тулд Төсвийн байнгын хороо, Эдийн
засгийн байнгын хороо хамтран уг асуудлыг хүчээр дэмжлээ. Засгийн
газрын хэлэлцээрийн дагуу 40 сая ам долларыг нэмж олгохоор болсон бөгөөд
энэхүү хөрөнгийг юунд зарцуулах тухайгаа БНХАУ-ын талд амжиж
мэдэгдэхээр болов. “Мэдээлэл, холбооны үндсэн сүлжээний өргөтгөл, шинэчлэл төсөл”-ийг
Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж уг төслийг
цуцлах шийдвэрийн дагуу энэхүү төслийг хэрэгжүүлэх боломжгүй болсны
улмаас төслийн өртөгт нь багтаан “Шинэ зууны боловсрол ба  цахим эрүүл
мэнд”, “Бага оврын трактор худалдан авах, угсрах үйлдвэр байгуулах” хоёр
төслийг хэрэгжүүлэх саналыг гаргахаар боллоо.

2011 оны нэгдүгээр сарын 3. Сангийн сайд С.Баярцогт БНХАУ-аас
Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Юү Хон Яаог хүлээн авч уулзлаа.
Тэрээр “Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх”,
“Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах”, “Баруун бүсийн автозам”
төслүүдийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийг байгуулсан. Орон сууцны
хороолол төслийн хэлэлцээрийг 2011 оны нэгдүгээр сарын дундуур
байгуулахаар Хятадын талтай тохироод байгаа талаар дуулгалаа. 300 сая
ам.долларын зээлийн түүх үргэлжилсээр.

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж