Монгол Улс 31 сая толгой малтай

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Монгол Улс 31 сая толгой малтай

Засгийн газрын хуралдаанаар өчигдөр Монгол Улс, Кувейт улсын Засгийн газар хоорондын Хөтөлбөр, УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачлан боловсруулсан хуулийн төсөлд өгөх санал, мал тооллогын урьдчилсан дүн зэргийн талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр  улсын хэмжээнд малын тоо толгой 2009 оныхоос 12 сая 195 мянгаар буюу 27.7 хувиар буурчээ. Урьдчилсан дүнгээр адуу 1860.6 мянга, үхэр 2123.7, тэмээ 265.3, хонь 14050.8, ямаа 13528.5 мянгад хүрсэн нь 2009 оныхоос адуу 360.7 мянга, үхэр 475.7, тэмээ 11.7, хонь 5224.0, ямаа 6123.0 мянган толгойгоор буурсан байна.

Ингэхдээ Сүхбаатар аймагт малын тоо толгой өмнөх оноос таван төрөлд өсч харин бусад аймагт буурсан урьдчилсан дүн гарсан аж. Дундговь, Завхан, Өвөрхангай аймагт малын тоо 1.1-1.7 сая толгойгоор буурсан нь хамгийн өндөр үзүүлэлт юм байна.

Улсын хэмжээнд малын тоо 2009 оныхоос 35 сум, нийслэлийн нэг дүүрэгт өсч 294 сум, найман дүүрэгт буурсан бөгөөд нийт мал сүрэгт ямааны эзлэх хувь буурч бусад мал өссөн дүнтэй байна.

Хөвсгөл аймаг 3072.1 мянга, Төв 2699.4, Архангай 2631.8, Булган 2211.3, Хэнтий 2014.3 мянган толгой буюу хамгийн олон мал тоолуулж эхний тавд багтжээ. Адууны тоо толгой 2 аймагт өсч, 19 аймаг, Улаанбаатар хотод буурсан аж.
Үхрийн тоо толгой гурван аймагт өсч, 18 аймаг, Улаанбаатар хотод буурсан дүнтэй байна. Тухайлбал, Хөвсгөл /309.2 мянга/, Архангай /293.6 мянга/, Булган /172.8 мянга/, Төв /171.8 мянга/, Хэнтий /156.5 мянга/-н үхэр тоолуулж эхний тавд багтжээ. Тэмээний тоо долоон аймагт өсч, 14 аймагт буурсан бөгөөд Өмнөговь аймаг хамгийн олон буюу 83.4 мянган тэмээ тоолуулсан байна.

Хонины тоо толгой хоёр аймагт өсч бусдад нь буурсан аж. Тодруулбал, Хөвсгөл /1348.6 мянга/, Төв /1345.1 мянга/, Архангай /1308.6 мянга/, Булган /1130.5 мянга/, Хэнтий /971.0 мянга/-д хүрсэн нь хамгийн олон хоньтой аймгуудын тоонд орж буй аж.

Ямааны тоо нэг аймагт өсч 20 аймаг, Улаанбаатар хотод буурчээ. Хөвсгөл /1265.8 мянга/, Баянхонгор /1185.3 мянга/, Төв /980.1 мянга/, Өвөрхангай /874.7 мянга/, Ховд /845.8 мянга/-н ямаа тоолуулж эхний таван байрт оржээ.

Таван оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулна

Арабын нэгдсэн Эмират улстай боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Засгийн хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах бүрэн эрхийг дэд сайдад олгосон байна. Кувейт Улстай байгуулах Хөтөлбөрийн хүрээнд 2011-2013 онд оюутан сургах боломжийг өргөжүүлэх /5 оюутныг тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах/, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тусгажээ.

• УИХ-ын гишүүн П.Алтангэрэл, Ж.Батсуурь, Я.Батсуурь, Н.Ганбямба, Ц.Сэдванчиг нарын боловсруулсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын боловсруулсан Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй нэгтгэн хэлэлцүүлэх боломжтой гэж үзэв.

• УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Шүүхийн тухай, Прокурорын байгууллагын тухай, Өмгөөлөл, Нотариатын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжив. Хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан хуульч ажлын ур чадвар, мэдлэг, мэргэшлээ тасралтгүй дээшлүүлэх ёстой бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол хуульчийн гэрчилгээг хүчингүй болгох, шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллах эсэх нь хөндөгдөхөөр хуульд заасан. Гэвч хууль зүйн сургалтад хамрагдаагүй хуульчийн шүүгч, прокурор, нотариатч, өмгөөлөгчөөр ажиллах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах үндэслэлийг хуульд тусгайлан заагаагүй учир энэ зөрчлийг арилгахаар гишүүн Х.Тэмүүжин хуулийн төсөл боловсруулсан байна.

• “Яамдын бэлгэдлийн загвар, тодорхойлолт, хэрэглэх журмыг батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж