Сайд нар донго сонсов

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Сайд нар донго сонсов

Засгийн газрын хуралдаанаар  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Сангийн сайд С.Баярцогт нарт хариуцлага тооцох тухай асуудлыг авч хэлэлцсэн ч донгодсоноос цаашгүй бололтой. Хуульд зааснаар цалингийн 20 хувиар торгох ёстой ч, энэ тухай тодорхой мэдээлэл алга байгаа юм.

Ямартай ч, сайд нарт хариуцлага тооцох болсон шалтгааныг дараах байдлаар гаргажээ. Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2011 оны улсын төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэхэд 1 цаг 30 минут хоцорсон Сангийн сайд С.Баярцогт, УИХ болон байнгын хороо, дэд хороонд шаардлагатай судалгаа, мэдээллийг хугацаанд нь гаргаж өгөөгүй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нарт анхааруулга өгч,  хуулийн дагуу арга хэмжээ авлаа гэж албан мэдээндээ дурджээ.  

    Тиймээс цаашид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд хариуцлагатай оролцож, УИХ, байнгын хороо болон дэд хороонд шаардлагатай судалгаа, мэдээллийг хууль тогтоомжийн хүрээнд хугацаанд нь гаргаж өгөх, хууль тогтоомжийн төсөл хэлэлцүүлэх болон гишүүдийн асуулт, асуулгын хариу хэлэлцэх үед өөрийн биеэр оролцож байхыг Ерөнхий сайд С.Батболд Засгийн газрын гишүүдэд даалгажээ.

    Мөн хуралдаанаас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хандсан Ерөнхий сайдын албан даалгавар гаргасан байна. Түүнд орон нутагт төрийн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Засаг дарга нар хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд аливаа асуудлыг цаг алдалгүй шуурхай зохион байгуулж, түүний явц, үр дүнд тавих хяналтаа сайжруулан, хүлээлгэх хариуцлагыг чангатгаж ажиллахыг үүрэг болгов.

Түүнчлэн худалдан авах ажиллагааны бүх тендерийг 2011 оны хоёрдугаар сарын 1-ний дотор улсын хэмжээнд зарлаж, дөрөвдүгээр сарын 1-ний дотор дүгнэж дуусган гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, ажлаа эхлүүлсэн байхыг Засаг дарга нарт даалгасан байна.

Төсвийн хөрөнгө оруулалтын ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, гэрээнд заасан хүлээх үүрэг, хариуцлагыг маш тодорхой биелүүлэхийг Засаг дарга нарт даалгасан байна.

Мөн Ерөнхий сайдын албан даалгаварт аймаг, нийслэлийн Засаг дарга нар эрх шилжсэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний тайлан, гүйцэтгэлийн тайлан мэдээг холбогдох журам, маягтын дагуу бэлтгэж улирал бүрийн 3-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагчид ирүүлэх, албан даалгаврын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогтод үүрэг болгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж