Квинслэндийн үер нүүрсний үнийг өсгөнө

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Квинслэндийн үер нүүрсний үнийг өсгөнө

Австралийн Квинслэнд мужид асар их бороо орж, үер бууснаас болж дэлхийн коксжуулсан нүүрсний хангамжийн 40 хувийг эзэлдэг тус бүс нутгийн экспортыг зогсоосон байна. Одоо төмөр үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ асар ихээр өсөх шинжтэй байгаа юм. Үерээс болж Квинслэндийн экспортын дэд бүтэц эвдэрчээ.

Коксжуулсан нүүрсний үнэ өсөхийн хэрээр төмрийн үнэ ч нэмэгдэх юм. Харин төмрийн үнэ өсвөл дэлхийн эдийн засагт хүчтэй нөлөөлж, улмаар хэрэглэгчдэд таагүй нөхцөл бүрдэнэ. Төмрийн үнийн өсөлт өргөн хэрэглээний бүх бүтээгдэхүүний үнийг өсгөх юм. 2010 онд төмрийн хүдрийн үнэ 44 хувиар өссөн билээ. Энэ нь БНХАУ, Энэтхэг зэрэг хөгжиж буй эдийн засгуудад инфляцийн аюул учруулж байгаа юм. Жилд 100 сая тонноос илүү коксжуулсан нүүрс үйлдвэрлэх боломжтой уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоосон, эсвэл удалгүй зогсоох шаардлагатай болно гэж “Macquarie” компанийн шинжээч Колин Хэмильтон хэлж байна. Эдгээр уурхайнууд нийт экспортын 40 хувийг эзэлдэг юм.
Лхагва гаригт “Rio Tinto” компани Квинслэнд дэх уурхайнуудад арга хэмжээ авч, “BHP Billiton” форс мажор зарласан юм. Хамгийн сүүлд хангамжийн асуудлаас болж 2008 оны гуравдугаар сард коксжуулсан нүүрсний үнэ гурав дахин нэмэгдэж, 300 ам.доллар болж байсан. Энэ нь “BHP Billiton” компанийн үйл ажиллагаа их хэмжээний борооноос болж, 30 хувиар буурсантай холбоотой байжээ.

Коксжуулсан нүүрсний арилжааг улирлын гэрээтэй хийдэг юм. Одоогийн байдлаар ихэнхи гэрээ гуравдугаар сар хүртэл хийгдсэн байгаа аж. Нэг тонн коксжуулсан нүүрс 225 ам.доллар байна. Чанар муутай нүүрсний үнэ ч мөн өсч байна. Хангамжийн асуудлаас болж Европт халаалтад хэрэглэдэг нүүрсний үнэ 5,5 хувиар өсч, хоёр жилийн турш харагдаагүй хэмжээ болох 129,25 ам.доллараар нэг тонн нь арилжаалагдлаа.

Нүүрсний зах зээл цаг агаараас болж ихээхэн тасалдааж байгаа юм. Колумби, Индонезийн үер ч үүнд нөлөөлсөн билээ.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж