Нефть үнэд орж байгаа ч 2008 оны хямрал давтагдахгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Нефть үнэд орж байгаа ч 2008 оны хямрал давтагдахгүй

Баррель нефтийн үнэ 100 ам.долларын босгыг давсан цагаас хойш бараг гурван жил өнгөрчээ. Харин үнэ гурван оронтой тоонд хүрэх үед 2008 онд дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал дахин үүсч болзошгүй гэх айдас байгаа. Зарим шинжээч энэ онд нэг баррель хар алтны үнэ 150 ам.доллар хүрвэл дэлхийн эдийн засаг тэсэхгүй гэж байгаа юм. Гэхдээ ийм зүйл болохгүй байх гэж ихэнхи нь үзэж байгаа юм. Учир нь хангамж хямралын төвшинд хүрэхээс өмнө газрын тосны компаниуд олборлох хүчин чадлаа нэмэгдүүлж амжина, байгалийн баялгийг төрийн өмчид авах явдал багассан, ам.долларын ханш тогтворжсон зэрэг хүчин зүйлс хямралаас сэргийлж чадна гэжээ. Мөн нефтийн болон шатахууны нөөц дэлхийн хэмжээнд хангалттай байгаа, Шатахуун экспортлогч орнуудын нийгэмлэг ОПЕК-ийн орнууд шаардлагатай гэж үзвэл ашиглахад бэлэн олон тооны нефтийн цоног байгаа аж.

Ямартай ч эдийн засагчид 2011 онд нефтийн үнийг найман хувиар өснө гэж үзэж байгаа аж. Түүнчлэн импортлогч орнууд сүүлийн саруудад хангалттай их нөөц бүрдүүлж чадсан бөгөөд ОПЕК-т 60 хоногийн нөөц байгаа юм байна.

Өнгөрсөн оны байдлаар дэлхийн газрын тосны өдрийн хэрэглээ 2,2 сая баррелиар нэмэгдсэн нь сүүлийн зургаан жилийн турш харагдаагүй их өсөлт болсон юм. “Reuters” агентлагийн судалгаанаас харахад 2011 онд дахин 1,5 сая баррелиар өсөхөөр байгаа аж. Хэдийгээр энэ нь 2007 оны хэрэглээнээс давах ч энэ хугацаанд газрын тосны олборлолт олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын ачаар их хэмжээгээр нэмэгдсэн юм. ОПЕК-ийн орнууд одоо өдөрт 5-6 сая баррель нэмж олборлох бүрэн боломжтой байна. Энэ нь 2008 оны хямралын үеийнхээс гурав дахин их хэмжээ.

ОПЕК-ийн хувьд эхний улиралд хангамжийг нэмэгдүүлэх шаардлагагүй гэж мэдэгдэж байгаа бөгөөд газрын тосны үнэ 70-80 ам.долларын үнэтэй байхад байдал муудахгүй гэж тус нийгэмлэгийг тэргүүлэгч Саудын Араб улсын Газрын тосны сайд Али ал-Наими хэлсэн. Тэр бүү хэл зарим орнууд 100 ам.долларын үнэтэй газрын тос дэлхийн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж байгаа юм.

Шатахуун экспортлогч орнуудын нийгэмлэгээс бусад олборлогч орнуудын нийлүүлэлт энэ онд өдрийн 400 мянган баррелиар нэмэгдэхээр байгаа нь 2010 оныхоос 66 хувиар бага байгаа ч 2008 онд ОПЕК-ийн нийлүүлэлт 400 мянган баррелиар буурч байсантай харьцуулахад байдал муугүй байна.

ОХУ болон Венесуэль гадаадын компаниудад харьцангуй талтай болж нөөц газруудыг төрийн мэдэлд авах нь багасч байна. Түүнчлэн эрчим хүчний компаниудын хайгуулын ажилд хийх хөрөнгө оруулалт 11 хувиар нэмэгдэж, сүүлийн 25 жилийн турш харагдаагүй хэмжээнд хүрэхээр байгаа аж. Ингэвэл хангамж бага байна гэх асуудал зөөлрөх юм.

Хэрэв хангамж эрэлтээс давах тохиолдолд олборлолтын хязгаарлалт хийгээгүй Нигери, Ирак зэрэг орнууд үйлдвэрлэлтээ нэмэгдүүлэх боломжтой.

Хамгийн сүүлийн байдлаар нэг баррель Брент нефть Лондоны бирж дээр 95,36 ам.доллар, харин АНУ-д WTI нефть 91,77 ам.доллараар арилжаалагдаж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж