“Эрүүл аюулгүй жолоодлого” аян өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

“Эрүүл аюулгүй жолоодлого” аян өрнөж байна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос шалтгаалан зам тээврийн осол гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх загварыг бий болгох зорилгоор эрүүл аюулгүй жолоодлого аяныг Дархан-Уул аймгийн хэмжээнд өрнүүлж эхэллээ. Аянд аймгийн хэмжээнд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг 14 аж ахуйн 780 гаруй жолооч нар хамрагдах юм. Аяны үеэр нийтийн тээврийн үйлчилгээнд гарч байгаа жолооч нарт эрүүл мэндийн үзлэг хийх, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхэд хяналт тавьж, зөвлөмж өгөн ажиллахаар болжээ. Тээвэр авто замын газраас санаачлан энэхүү аяныг өрнүүлж байгаа бөгөөд Дархан сумын Засаг даргын тамгын газар, Замын Цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын газар болон Эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байна. Үүнээс гадна жолооч нараас судалгаа авах, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, анхааруулга, санамж тарааж зөвлөгөө өгөх, үйлчилгээнд ажиллах эрүүл мэндийн баталгаа хангаагүй жолооч нарыг тухайн өдрийн ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байгаад үзлэг хийж байна. Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа том бага оврын автобус болон жижиг тэрэгний жолооч, тэдний үйлчилгээтэй холбоотой олон асуудлыг хэрэглэгчдийн зүгээс ирүүлж байдаг. Эрүүл аюулгүй жолоодлого аяныг зохион байгуулснаараа цаашид ч ийм хяналт, үзлэгийг тогтмолжуулж, загвар болгох зорилгыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа юм.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж