Хөгжмийн дугуйлан нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Хөгжмийн дугуйлан нээгдлээ

Хүүхдэд хөгжмийн боловсрол эзэмшүүлнэ гэдэг хамгийн том хөрөнгө оруулалт. Сарын өмнө Дархан-Уул аймагт нээлтээ хийсэн хөгжим хүүхдийн хөгжил төсөл ч үүнийг гэрчилэх биз ээ. Хүүхдийг гагцхүү хөгжмөөр дамжуулан хүмүүжүүлэх нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд хамгийн оновчтой арга гэдгийг НХХ-ийн сайд онцолж байсан. Харин өнөөдөр Манай аймгийн 18-р дунд сургууль болон Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран хөгжмийн дугуйланг нээсэн юм. 18-р дунд сургуулийн хувьд Солонгосын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй соёл, хөрөнгө оруулалт гээд олон талаар хамтран ажиллаж байгаа гэлээ.

Хөгжмийн дугуйлантай болох санаачлагыг тус сургуульд Солонгос улсаас ирж ажиллаж байгаа дуу хөгжмийн багш Чой Шин Эй гаргажээ. Тэрээр хоёр жил багшлах хугацаандаа хүүхдүүдэд хөгжим, найрал дуу сургасан байна. Түүгээр ч барахгүй хөгжмийн дугуйлангийн төсөл боловсруулж, Солонгосын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг 9,5 мянган доллар, харин 18 дугаар сургууль дөрвөн мянган долларын хөрөнгө оруулалт хийснээр хөгжмийн дугуйлан ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болжээ. Мөн ажиллах хугацаандаа хүүхдүүдэд хөгжмийн онолыг заахын тулд бяцхан номыг ч хэвлүүлсэн байлаа.

Солонгосын хамтын ажиллагааны олон улсын нийгэмлэг нь 1991 оны дөрөвдүгээр сарын 1-нд байгуулагдаж байсан бөгөөд дэлхийн олон оронд боловсрол, эрүүл мэнд, эрчим хүч, удирдлага, мэдээлэл харилцаа холбоо зэрэг олон салбарт хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллаж иржээ. Ийнхүү тус аймгийн боловсролын салбарт ч хөрөнгө оруулалт хийснээр хүүхдүүд, мөн хөгжмийн сонирхолтой суралцахыг хүссэн хүн бүр хөгжмийн дугуйланд хамрагдах боломжтой боллоо.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж