Өвлөөр ч хөл тасрахгүй…

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

2010-2011 он солигдох мөчийг ийнхүү “Хүүхдийн парк”-даа тэмдэглэсэн нь өвөрмөц, шинэлэг байлаа. Улаанбаатар хот өвөл, зуны алинд ч хөл хөдөлгөөнөөр тасрахгүй нэгэн газартай болсон нь энэ.

Гадаа жавар хацар хайрсан хүйтэн үдэш байсан ч хүн бүрийн сэтгэлд шинэ оныг угтан буй халуун дулаан баярын амьсгал шинэхэн үүд хаалгаа нээсэн Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ”Зул сарын мөсөн хотхон” руу хөтлөнхөн байлаа. Арванхоёрдугаар сарын 31-ний үдэш нийслэлчүүд шинэ жилийн баяраа шинэхэн “гоёлоо” зүүсэн Үндэсний соёл амралтын хүрээлэнг зорьсон юм.

Өмнө нь бид их жанжин Сүхбаатарын талбайдаа цугларан хуучин оноо үдэж, шинэ жилээ угтдаг байсан бол 2010-2011 он солигдох мөчийг ийнхүү “Хүүхдийн парк”-даа тэмдэглэсэн нь өвөрмөц, шинэлэг байлаа. Улаанбаатар хот өвөл, зуны алинд ч хөл хөдөлгөөнөөр тасрахгүй нэгэн газартай болсон нь энэ.

Өнгөрсөн намар нээлтээ хийсэн Үндэсний соёл амралтын хүрээлэн анх удаа шинэ жилээр буюу өвөл ийнхүү хүүхэд багачууддаа үүдээ нээн бэлгээ дэлгэсэн билээ. Тус төвд зассан том гацуур, мөсөөр урласан дэлхийн долоон гайхамшиг, энд тэндгүй гялалзан анивчих өнгө өнгийн гэрэл, өвлийн өвгөний бяцхан зочдод бэлэглэх өнгө өнгийн бөмбөлөг хүүхдүүд төдийгүй томчуудын сэтгэлийг баясгаж байлаа. Шинэ жилийн баярын арга хэмжээг үзэхээр зочид хөвөрсөөр л.

Тус төвөөс тасалбар, урилга  авсан хүмүүст халуун цай, кофе, жимсний ундаагаар үнэгүй үйлчилж байсан юм. Мөн мөсөн хотхоны дэргэд ажиллах тухлаг уушийн газарт саатан халуун дарс, түргэн хоол, халуун аарцаар үйлчлүүлэх ая тухтай орчныг бүрдүүлсэн байсан нь зочдын сэтгэлд нийцсэн сайхан үйлчилгээ байлаа. Гадаа -32 хэмийн хүйтэн байсан ч шинэ оноо угтахаар ирсэн хүмүүс өнгө өнгийн чимэглэлтэй мод, мөсөн хотхонд сүндэрлэх Цагаан хэрэм, Эйфелийн цамхаг, Таж Махал, Нью-Йоркийн эрх чөлөөний мөсөн хөшөөний дэргэд зургаа татуулан хүүхдүүд мөсөн талбай дээр тэшүүрээр гулган, яармаг худалдаанаас хөгжилтэй баг, амьтдын дүрс бүхий малгай, чихмэл зөөлөн тоглоомоо гээд хүссэн зүйлээ худалдан авч цагийг хөгжилтэй өнгөрүүлсэн юм.

Хүрээлэнгийн зүгээс зорин ирэх нийслэлчүүддээ хоймортоо зассан тайзан дээрээс рок попынхны тоглолтыг хүргэв. Залуу DJ нарын транс аянд бүжиглэн үдшийг  зугаатай өнгөрүүлсэн. Энэ үдэш “Үнсэлт”, “Шилдэг бүжигчин” зэрэг хөгжөөнт тэмцээн явуулж, шалгарсан хүмүүст өвлийн өвгөн бэлэг гардуулав. Үндэсний соёл амралтын хүрээлэнд гаднын жуулчид цөөнгүй ирсэн байлаа.

Улиран буй хуучин оноо үдэн айсуй шинэ оноо угтахаар тэнд цугласан олон нэгэн зэрэг тооллоо.  30,29,28….3,2,1 хэмээн хамтдаа хоолой мэдэн тоолж уухай өргөн, 2010-2011 онд шилжих торгон агшныг оргилуун дарс, ёслолын буудлагаар угтлаа. Ийнхүү Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийслэлчүүд нэгэн гэр бүл мэт хөгжилдөн наадан шинэ оноо угтан авлаа. Ирэх жил эргэн уулзъя, баяртай “Мөсөн хотхон” минь.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж