
Сүүлийн үед Монгол дэлхийд “од” болоод байгаа. Газрын хэвлий доор нуугдаж буй их баялаг нь Монголыг гэх олон, олон сонирхлын олон олон ашиг хонжооны гол цэг болсон. Өөрөөр хэлбэл, өвгөдийнхөө үлдээсэн асар их хөрөнгө, баялгаа хэнтэй хуваах бол гэх их гүрнүүд, холын эрхмүүдийн далд шунал, ил санаашрил Монголыг моодонд оруулах боллоо. Тэр тусмаа өмнө нь хэнд ч хэрэггүй мэт, үнс нурам болох төдий байсан олон тэрбумаар хэмжигдэх нүүрсний нөөцөд шунан дурлагсад цөөнгүй байна. Монгол Улс олон улсын хэмжээнд явуулах нүүрснийхээ бодлогыг зөв тодорхойлох, өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, бусад орны арга туршлагаас суралцах зэрэг асуудлуудыг зүй зохистой шийдэхэд “Coal Mongolia-2011” ихээхэн хувь нэмэр оруулна хэмээн албаны хүмүүс тайлбарлаж сууна. Улаанбаатартаа л толгой цохидог зочид буудалд болох чуулга уулзалтын дараагаас бөөн бөөн мөнгөний төслүүд Монголд хэрэгжиж эхэлбэл сая “Coal Mongolia-2011” зорилгоо биелүүллээ гэж дүгнэх ёстой болов уу. Урьдаас магтаж, ач холбогдлыг нь урьдчилан дүгнэхээс илүү бодит үр дүн л бидэнд чухал юм. Өнгөрсөн онд Монгол Улс 25 сая тонн нүүрс олборлосон бөгөөд үүнийхээ 18 сая тонныг нь Хятад улс руу экспортложээ. Энэ бол сайхан мэдээ. Жилээс жил нүүрсний олборлолтын болон экспортын хэмжээ нэмэгдэж, анх удаа өнгөрсөн 2010 онд нүүрсний экспортоос төвлөрсөн мөнгөний хэмжээ зэсийнхээс давсан байна. Тодруулбал, өнгөрсөн 2010 онд нүүрсний экспортоос 877.6 сая ам.доллар олсон бол зэсийн экспортоос монголчууд 770.6 сая ам.долларын орлого олжээ. Нүүрсний экспортын орлого зэсийнхээс 107 сая ам.доллараар давсан тєдийгүй ємнєх оныхоос 571 сая ам.доллараар єссєн үзүүлэлттэй гарсан байна. Тиймээс “Coal Mongolia-2011” гол зорилгоо биелүүлж чадвал ирэх оноос монголчууд дэлхийн эрчим хүчний салбарт шинэ тоглогч болж чадна гэсэн үг.
“Coal Mongolia-2011”-ийн дараа бас нэгэн гоё чуулга уулзалт биднийг хүлээж байна. Хятад, Монголын уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт ирэх сарын дундуур Бээжин хотноо зохиогдох бөгөөд уул уурхайн салбартаа акул гэгддэг урд хөршийн томчууд оролцохоо аль хэдийн мэдэгдээд байгаа юм. Тодруулбал, манай улсын уул уурхайн салбарын томоохон түнш улс болох Хятад улсын уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг зуу гаруй томоохон аж ахуйн нэгжүүд тус арга хэмжээнд оролцохоо мэдэгджээ. Уг арга хэмжээг Хятад улсын уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ганц төрийн бус байгууллага болох “China mining” клуб манай улсын Уул уурхайн биржтэй хамтран зохион байгуулах юм байна. Ашигт малтмалын газар энэхүү арга хэмжээг дэмжин ажиллахаар болжээ. Монголын уул уурхайн салбарын өнөөгийн төлөв байдал, эдийн засаг, эрх зүйн орчин болон байгаль орчин, эрдэс баялгийн талаар мэдээлэл өгч, БНХАУ-аас Монгол Улсад оруулах зохистой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар тус улсын өндөр бүтээмжид суурилсан ноу-хау, хөрөнгө оруулалтыг татах сонирхолыг бүрдүүлэх, цаашдын харилцан ашигтай үр дүнтэй харилцааны механизмыг бий болгоход дээрх чуулга уулзалтын зорилго чиглэгдэж буй. Өнөөдөр Монголын газрын тос, нүүрс, алт, жонс, төмөр зэрэг ашигт малтмалын салбаруудад хятадууд багагүй хөрөнгө хаях болсон бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон бодлого, төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа нуудаггүй. Монголчууд ч хятадууд ч энэхүү чуулга уулзалтад багагүй горьдлого тавьж байгаа юм. Үүнтэй зэрэгцээд ирэх гуравдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын лиценз эзэмшигчдийн чуулга уулзалт Канадын Торонто хотод зохион байгуулагдана. Канад улсад жил бүр энэхүү чуулга уулзалтыг зохион байгуулдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс уул уурхайн компаниуд, төрийн байгууллагууд ирж оролцдогоороо онцлог. Тус арга хэмжээнд манай улсыг төлөөлөн Ашигт малтмалын газрын холбогдох албан тушаалтнууд оролцох юм байна. Мөн тус уулзалтад гадаадын хөрөнгө оруулалт татах хүсэлтэй Монголын компаниуд ч оролцох аж. Дэлхийн зургаан тивийн акулууд нэгэн дээвэр дор цугларах Канадын чуулга уулзалтын үеэр Монголыг сонирхогчид цөөнгүй байна гэдэгт Ашигт малтмалын газрынхан итгэлтэй байгаа гэнэ. Эцэст нь хэлэхэд урин хавраар өрнөж буй чуулга уузалтууд улс оронд маань мөнгөний даллага авчрах болтугай гэж ерөөх хэрэгтэй болов уу. Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг болохоор.