Хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх ёстой

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Хариуцлагыг Ерөнхий сайд хүлээх ёстой

Б.Лхагважав: УИХ-ын 39 дүгээр  mогтоол Ерөнхий сайд С.Батболдод хаяглагдсан. Тогтоол зөрчсөн  хариуцлагыг тэр хүлээх ёстой

-МҮХАҮТ-ын дэргэд “Таван толгой”-н асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулагдсан гэсэн. Энэ ямар учиртай, ямар зорилгоор байгуулагдсан ажлын хэсэг вэ?

-Таван толгойн орд бол Монголын ард түмэнд, Монголын бүх бизнес эрхлэгчдэд эдийн засгийн талаасаа өндөр ач холбогдолтой стратегийн томоохон орд газар. Өнгөрсөн долдугаар сард УИХ уг ордыг ашиглах зарим асуудлын талаар тогтоол гаргасныг та бүхэн санаж байгаа байх. Энэ тогтоол бол маш сайн хувилбараар гарсан. Нээлттэй, олон нийтийн хувьцаат компанийн анхны хэлбэрийг бий болгох, гол онцлог нь монгол улсын бүх иргэн аж ахуйн нэгж хамрагдахаар тогтоол гарсан. Мөн дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах гээд ер нь их сайн шийдвэр болсон л доо. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд ордыг ашиглаж эхлэх үйл явц УИХ- ын гаргасан тогтоолыг бүх талаар зөрчиж, гадаадуудад өгөх, гадаадынхан манай баялагийг ашиглаж мөнгө босгох тэр боломжийг бий болгож гадаадынханы эрх ашигт үйлчлэх ажиллагаа үргэжилсээр л байна. Төр засгийн дунд шатны гүйцэтгэгчид тогтоолыг зөрчиж олон ноцтой алдаа гаргаж байна. Тиймээс монголын биенес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний дуу хоолой болж байдаг МҮХАҮТ – ын дэргэд мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ ажлын хэсэг сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудалд хандахаасаа илүүтэйгээр ямар хуулийг яаж зөрчиж байгаа талаарх баримтуудыг дэлгэж тавина.

-Жишээ нь ямар хууль зөрчөөд, түүнээс үүдэн ямар асуудал үүсэх гээд байгаа юм бэ?

-Манайд сүүлийн хэдэн жил бугшаад байгаа нэг өвчин бол энэ л дээ. Төр өөрөө оролцох л юм бол хамаг хууль дүрэм үйлчилхээ больчихдог. Уг нь бол хуулийн дагуу процесс яаж өрнөх байсан нь хэн бүхэнд ойлгомжтой л доо. Эхлээд компани байгуулагдах ёстой. 2.7 сая хувь эзэмшигчтэй компани байх учраас компанийн дүрэм ямар байх асуудлыг хувь нийлүүлэгчдийг оролцуулж, хамруулж байж нээлттэй хэлэлцүүлж шийдэх байсан. Одоогийн компанийн тухай
хуулиар энэ асуудал зохицуулагдаж чадахгүй л дээ. Энд маш их судалгаа шаардлагатай, хуулинд өөрчлөлт оруулах хэмжээний асуудал юм. Мөн дараа нь нийт ард түмний оролцоотойгоор ТУЗ-ийг сонгох, сонгогдсон ТУЗ-ийн гишүүд нь гүйцэтгэх захиралаа томилон ажиллуулах дараалалтай юм. Мөн “Эрдэнэс Таван толгой” ХК нь ямар өртөгтэй компани байх нь ч тодорхойгүй байгаа. Компани ном журмын дагуу байгуулагдсны дараа орд газрын үнэлгээг тодорхой болгох. Энэ нь Таван толгойн орд газар дэлхийн зах зээл дээр улам бүр үнэ хүрэх тэр боломжийг бий болгох үүднээс юм. Харин дараа нь тэр тендер энэ тэрээ зарлах ийм л дараалалтай ажиллах ёстой. Гэтэл “Эрдэнэс МГЛ” доороо ямар ч компани байгуулалгүйгээр тендер зарлаж, ТУЗ байхгүй байхад гүйцэтгэх захиралыг сонгон шалгаруулах гээд баахан холион бантан хутгаж орхисон. Одоо бүр хөрөнгө оруулагчийн тендер зарлаж байна. Энэ маш ноцтой асуудал үүсгэх юм. Хууль бус зарлаж байгаа тендерийн материалийг нь үзвэл дандаа гадаадынханд хандсан, дотоодын компаниудын оролцоог бүрэн боомилсон, гадныханд найр тавин өгөх гэсэн ийм л дүр зураг харагдаж байгаа юм. Монгол улсын бүртгэлийн газарт бүртгүүлээгүй бол үйл ажиллагааны чадамжгүй гэж үзэх хуулийн заалттай. Гэтэл үйл ажиллагаа явуулах эрх нь ч бий болоогүй байхад яаран сандран хийж байгаа үйлдэл нь олон эргэлзээг төрүүлж үл итгэх байдал бий болгож байна.

-Ямар үнэ цэнэтэй компани байх асуудлыг ТӨХ шийдэх ёстой юу?

-ТӨХ ямар тохиолдол оролцох вэ гэхээр тухайн компанид Төрийн зүгээс хэдэн хувийн хөрөнгө оруулсан тэр хэмжээгээр л оролцоно. Төрийн эзэмшлийн хувийг л төлөөлнө гэсэн үг. Гэтэл одоогийн байдлаар төр ямар хөрөнгийг энэ компанид гаргах нь тодорхойгүй. Улсын төсөвт суусан юм байхгүй байна. Өнөөдрийг хүртэл хууль бусаар явагдаад байгаа энэ асуудалд ямар хөрөнгө хаанаас гарч байгаа нь тодорхой бус. Хувь нийлүүлэгч нар нь тодорхой биш, бүх шийдвэр нь яаж гэдэг нь мэдэгдэхгүй нууц байдалд гарч байгаа юм. Дандаа албан тушаалтнуудын ч компани болчихож магадгүй байна. ТӨХ бол яг төрийн эзэмшиж байгаа хувийг л төлөөлөх байгууллага юм ш дээ.  ийт ард түмний эзэмших хувьцаа 10 хувь, нийт компаниудын эзэмших хувьцаа нь 10 хувь. Энэ 20 хувийн төлөөлөл нь компани байгулах процесст ямар ч хамааралгүй болчихож байгаа юм. Таван толгойн орд газрын баялаг бол одоогийн ашигт малтмалын хуулиар үнэгүй шүү дээ. Бид газар дээр байгаа юмаа л үнэлээд байдаг болохоос газар доор байгаа баялаг маань үнэгүй гээд заачихсан байдаг. Мөн газрын хэвлий дэх баялаг нь нийт ард түмний мэдэлд, төрийн өмч гээд заачихсан. Тэгэхээр нийтийн өмч гэж юуг хэлэх нь манайд ямар ч хуулиар зохицуулагдаагүй. Нийтийн өмч гэхээр л шууд төр автоматаар ороод ирдэг. Өнөөдрийг хүртэл манайд нийтийн өмчийн тухай хууль байхгүй байгаа нь албан тушаалтнуудад томоохон өгөөш болсоор байна. Иргэний хууль болоод төр орон нутгийн өмчийн тухай хуулинд аль алинд нь төрийн хамааралтай нийтийн өмчид юу орох, түүнийг яаж зохицуулах, шамшигдуулсан этгээдэд хариуцлага тооцох ямар ч заалт байхгүй. Улаанбаатар хотын газрыг дур зоргоороо зарсан этгээдүүд одоо УИХ-д сууж л байна ш дээ. Хотын газар бол нийтийн өмч. Нийтийн өмчийг хувьдаа ашигласан, зарж үрсэн албан тушаалтанд хариуцлага тооцох хуулийн заалт байхгүй учраас тэр. Тэгэхээр юуны түрүүнд нийтийн өмчийн тухай хуультай болохгүй бол төрийн нэрийг барьсан хүмүүсийн ашиг хонжоо олох нэг том боломж нь газрын баялаг болоод бусад нийтийн өмчид хамаарах зүйлс болчихоод байна. Хэн эрх мэдэлд ойрхон байна, хэн албан тушаалтай байна тэр хүмүүсийн олз болчихоод байна л даа. Төрийн нийтийн хамааралтай өмчид 8 төрлийн өмч ордог. Иргэдэд өмчлүүлсэн газар, газрын хэвлий дэх баялаг ой мод түүнийг дагалдах баялаг, ус болон түүний даглдах баялаг, архелогийн олдворууд, мөн үнэт олдвор гэх зэрэг. Харин төрийн нийтийн хамааралтай өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь УИХ-д хадгалагдана гэж заасан байдаг. Тэгээд таслал тавиад үүнтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэсэн байдаг. Энэ хуулиар гэдэг нь төр ба орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн нийтийн хамааралтай өмчийн асуудлыг зохицуулахгүй ээ гэсэн үг. Монгол Улсад нийтийн өмчийн тухай хууль Иргэний хуулиндаа ч байхгүй, төр орон нутгийн өмчийн хуулинд ч байхгүй, өнөөдөр монголд төрийн нийтийн хамааралтай өмч буюу энэ баялаг эрх мэдэлтнүүдийн өмч болчихоод байгаа юм. Тэгэхээр эхлээд нийтийн өмчийн тухай хуультай больё. Нийтийн өмчийн тухай хуультай болох юм бол нийтийн өмчийн хороо нь УИХ-ын дэргэд байгуулагдах ёстой. Энэ хороо нь нийтийн хамааралтай өмчүүдээ бүгдийг нь бүртгэж авах ёстой. Тэгээд үнэлэх ёстой. Үүний дараа тодорхой нэг гэрээгээр жишээ нь концессийн тухай хуулийн дагуу ч юмуу аж ахуйн нэгж, төр, иргэнд эзэмш үүлж болно шүү дээ.

-Цаг хугацаа их давчуу байх шиг байна. Таван толгойн орд газрын хөрс хуулалтын ажил аль намраас эхэлсэн. Тэгэхээр одоо холбогдох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал их цаг орох байх. Гишүүд яаж хандаж хүлээж авах бол?

-Үүнийг хийхгүйгээс болоод гол үндсэн суурь нь байхгүй учраас барьсан барилга болгон нь нураад байна ш дээ. Төрийн нийтийн хамааралтай өмч нь ямар ч зохицуулалт байхгүй, УИХ мэднэ гээд л хаячихсан. Их хурал дахин хууль гаргаагүй учраас тухайн үеийн ерөнхий сайд төрийн нийтийн хамааралтай өмчийг дурын компанидаа өгчихөж байна. Хамгийн гол нь нийтийн хамааралтай өмчийг шамшигдуулсан, гадаадынханд өгсөн, хувьдаа завшсан ийм үйлдэлд хариуцлага хариуцлага хүлээлгэх ямар ч боломжгүй. Учир нь хууль нь байхгүй учраас. Хамгийн том хариуцлагын хууль болох эрүүгийн хуулинд ч энэ төрлийн хэрэгт хариуцлага хүлээлгэх ямар ч заалт байхгүй.

Эрүүгийн хууль төсөөтэй хэрэглэгддэгг үй хууль юм аа. Тодорхой хэргийг заасан нэр болоод зүйл ангиар үйлчилдэг болохоос энэ хэрэгтэй төсөөтэй гэсэн агуулгаар хандаж болдоггүй. Тэгэхээр нийтийн өмч болох газрын доорх баялагийг ашиглаж эхлэхээсээ өмнө заавал хуультай болох ёстой.

-Ирэх оны нэгдүгээр сарын 17-ны өдрийг хүртэл Таван толгойн ордод хөрөнгө оруулагч хамтран ажиллах компанийн сонгон шалгаруулалтыг явуулсан гэлээ. Энэ яагаад тийм ноцтой асуудал үүсгэнэ гээд байгаа юм бэ?

-Иргэний байгууллагуудын тэмцлийн үр дүнд Таван толгойн ордыг УИХын гишүүн С.Баяр Ерөнхий сайд байхдаа төрийн мэдэлд авсан. Энэ орд газар 7 хэсгээс бүрддэг юм, энэ долоон хэсгээс коксжих чанарын нүүрсийг хамгийн их агуулсан хоёр хэсэг байдгийн нэг нь Цанхийн хэсэг, нөгөөх нь Ухаа худаг. Сая зарлагдсан тендер нь Цанхийн хэсэг дээр хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулах зорилготой. Таван толгойн орд бол Оюу толгой шиг газрын гүнд тусгай технологи ашиглах нарийн ажил шаардагдахгүй орд л доо. Үүнийг монголчууд бид өөрсдөө хийж өлхөн чадна. Хийсээр л ирсэн зүйл шүү дээ. Гэтэл яагаад гадаадын компанид өгөх гээд байгаа нь сонирхол татаж байгаа төдийгүй ямар нэгэн эрх ашгийн зөрчил байна гэсэн хардалтыг төрүүлж байна. Гадаадынхан гэхээр л мөнгөө халааслаад хүрээд ирж байгаа асуудал биш шүү дээ. Бидний баялагийг ашиглах эрхийг авмагцаа тэр эрхэн дээрээ дөрөөлөөд хөрөнгийн биржээс л мөнгө босгох юм. Гэтэл үүнийг монголчууд чадахгүй гэж үү. Өнөөдрийг хүртэл гадаадын олон компани энэ мэтээр мөнгө босгож болоод байгааг бид бүхэн харж л байна шүү дээ. Мөн хамтран ажиллах компанийнхаа шалгуур дээр “хөрөнгө оруулж” гэсэн агуулгыг нэмж байгаа нь “ноцтой” асуудал үүсгэх гол сурвалж нь юм. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хамгаалах, тэдэнд давуу эрх олгох хэд хэдэн оролдлого хийгдсэн л дээ. Жишээ нь хаврын чуулган хаахаас өмнө ашигт малтмалын хуулийн 29.1- т өөрчлөлт хийе гэж Засгийн Газар асуудал оруулсан. 29.1 гэдэг чинь хөрөнгө оруулалтын гэрээ хийх эрхтэй субьектийг зааж өгдөг заалт.

Хөрөнгө оруулалтын гэрээг хэн хийдэг вэ гэхээр субьект нь ашигт малтмалын ашиглалтын лицензтэй хүн өөрөө хүсэх юм бол их хуралд хандаад хөрөнгө оруулалтын гэрээ хйидэг юм. Гэтэл сая ямар заалт нэмж оруулж ирсэн бэ гэхээр ашиглалтын лицензтэй этгээд дахиад хөрөнгө оруулах хүн өөрөө хүсэх юм бол хөрөнгө оруулалтын гэрээ хийнээ гэсэн ийм заалтыг Засгийн Газраас оруулж ирсэн. Тэрийг нь их хурал буцаасан. Энэ оролдлого бол дахиад гадаадын хөрөнгө оруулагчийг хамгаалж байгаа юм. Ямар сонирхол байсан бэ гэвэл бүр таван толгойг 7,8 хуваагаад л тал талаас нь ухаад хурдан сорчлоод л идэж дуусгах ийм л зорилготой байсан. Таван толгойг гадаадынхан биш монголчууд өөрсдөө ашиглах бүрэн боломж байна гэж мэргэжилтэн, эрдэмтэд нь хэлдэг. Харин шийдвэр гаргагчид нь ямар ч үндэслэлгүйгээр чадахгүй ээ гээд байдаг. Таван толгойн 10 хувиа дотоодын хөрөнгийн биржээр арилжаалхад л тэдний хүсээд байгаа мөнгө нь босоод л ирнэ. Гадаадын хөрөнгө оруулагч нарт хандахаасаа өмнө яагаад дотоодын нөөц бололцоог ашиглах хувилбарыг бодож олохгүй байгаа юм бэ гэдэг нь их сонин л доо.Татварын өршөөлийн “ил тод”- ын хуулиар одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа нийт компанийн 3-4 хөн /2980 компани/ хувь нь л хамрагдсан байдаг. Гэтэл 4 тэрбум ам.долларын орлого илэрсэн. /тухайн үеийн оюу толгойд оруулах хөрөнгө оруулалтын үнэтэй адил/ Энэ нь манайханы гудсан доор хичнээн их мөнгө хэвтэж байдгийн  аталгаа.

-Ажлын хэсгийн гол зорилгийг та дахин тодруулаач. Олон нийтэдчиглэсэн ямар нэг үйл ажиллагаа явууулах уу?

-Таван толгойн орд бол монголын нийт ард түмний буюу нийтийн өмчийн баялаг. Юуны түрүүнд үүнийг зохицуулах хуультай больё. Тэгэхгүй бол төсвийн цоорхой нөхдөг хэрэгсэл, хувьдаа ашиг хонжоо олоход л нийтийн баялагийг хэрэглэдэг тийм буруу жишиг тогтчихлоо. Ер нь Монгол Улсад хууль үйлчилдэг бол төрийн байгууллагууд нь үүнийг өөрсдөөсөө эхэлмээр байна. УИХ-ын 39- р тогтоол Ерөнхий сайд С.Батболдод хаяглагдсан. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх шатанд ямар их завхарал гарч байгааг та бүхэн мэдэж сонсож байгаа. Энэ бүхний хариуцлагыг үндсэн хуулианд тодорхой заасны дагуу Ерөнхий сайд л үүрэх учиртай, асуудал хүндэрвэл огцрох ёстой. Тэр дураараа авирлаж байгаа дунд шатны нөхдүүдтэй ажлын хариуцлага тооцохоос Ерөнхий сайдын ажил эхлэх байх гэж бодож байна.

Г.ОТГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж