
Мөн тооцоолсноор, энэ сарын 20-нд Ардчилсан намын ээлжит бус хурал хуралдаж, нэлээд шуугиан дэгдээнэ. Ардчилсан намын ээлжит бус их хурал болдгоороо болбол улс төрийн амьдралд нэгэн шинэ хуудас нээж, УИХ-ын гишүүн З.Энхболд намын дарга болж, улмаар хамтарсан Засгийн газраас намаа авч гарна гэсэн эх сурвалж бий. Өнөө Э.Бат-Үүлийн хэлснээр нам дотроосоо идээлж, идээ бээр нэлээд тархаж тахал маяг орох хандлага бий.
Нөгөө талд шинэ оны өмнөхөн Ц.Батбаяр нарын гишүүд ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг огцруулах тухай өргөх бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ асуудал ч энэ сард шийдэгдэнэ. Харин УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу энэ талаар “олон өвчтэй шүднээс нэгийг нь сугалаад нэмэргүй, авч хэлэлцвэл бүгдийг нь авч хэлэлцэх хэрэгтэй”-г ч сануулсан. Магадгүй энэ нь ганцхан Ш.Сайхансамбуугийн санаа ч биш байх. Тэгэхээр З.Энхболд нарын үймээн, Засгийн газрын сайд нарын асуудал яригдах энэ мөчүүд яв цав нийлснээр энэ Засгийн газар тарах ч байж магад. Нэгэнт хөдлөөд гурав дахь оныхоо нүүрийг үзсэн Засгийн газрыг тараахгүй барьж байх бодлого МАН-д байж л таарна. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нарын хүмүүст ч энэ санаа бий.
Энэ бол тэдэнд ашигтай хувилбар байсан учраас тэр. Тэгэхээр энэ хоёр хүчин сөрөг энэ тэр гэж анхнаасаа яриагүй, нэг хөнжилд орчихсон юм чинь хамтраад тэмцвэл ашигтай, бас их инээдтэй зүйл болно. Их үймээн тэдний дан ганцаар хүчийг мөхөөх учир хамтарч л таарна. Энэ бол арга ядсан инээдтэй зүйл болно. Чухам хамтарсны үр ашиг яаж гарахыг төсөөлөх аргагүй. Хэрэв үр дагавар муу гарч гэмээнэ Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төлөвлөгөөнд эерэг тусна.
Гэтэл төрийн эрхийг стандарт бусаар барьж байгаа МАН дайснуудаасаа сэргийлсэн хамгаалалт хийхгүй бол МАХН-ынхан онц их хурлаа хийнэ, та бүхэнд гомдогсодын цуваа хурлын танхимыг бүү хэл гадна талбайг дүүргэнэ гэдэгт олон хүн эргэлзэхгүй байгаа. Магадгүй Монгол Улсын хэмжээнд ч яригдах юм билүү хэн мэдлээ. Тэд ч намынхаа нэрийг сэргээж, онц их хурал хийнэ гэдэгтээ эргэлзэхгүй байна.
Тиймээс эрх баригч намын хувьд нэг талаас Засгийн газар тарах нөгөө талаас нам тарах гэсэн хоёр асуудалд хавчуулагдах нь гарцаагүй болсон. Ёстой өнөөх “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага” болно. Гагцхүү Ардын намын журамт цэргүүд яаж хамгаалж үлдэх үү гэдэг дээр л хамаг асуудал төвлөрнө. Энэ оны улс төрийн амьдрал ингэж эхлэнэ. “Дайны хажуугаар дажин” гэдэг шиг иргэний хөдөлгөөнүүд ч дуу орж, үймээн дэгдээнэ. Нэг хэсэг иргэний хөдөлгөөнүүд нэгдээд “Гал үндэстэн” нэгдэл байгуулсан. Тэд мөн сард Удирдах зөвлөлөө хуралдуулж тэргүүнээ сонгоно. Тэргүүнээ сонгосны дараа үндсэн том хурлаа хийнэ. Тэд баруун таван аймагт иргэдийн төлөөлөлтэй уулзаад ирсэн төдийгүй үлдсэн аймгуудад ч очиж дэмжигчдийнхээ хүрээг тэлнэ хэмээсэн.
Түүнчлэн “Эрс шинэчлэл” хөдөлгөөн энэ сард Тавантолгойн гэрээг буруу гэсэн үндэслэлээр улс төрийн тэмцлээ эхлэнэ гээд жижиг юм шиг хэрнээ том тулаанууд эхлэнэ. Нөгөө талд У.Хүрэлсүхэд гомдсон МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Мөнхбат, НИТХ-ын төлөөлөгч М.Ганбаатар нарын залуус ч намынхаа эсрэг босч, магадгүй МАХН-ын штабтай нийлнэ гэсэн баттай эх сурвалжийг манай сонин хүргэж байсан. Гэтэл АН-ын бодлого, удирдлага болохгүй тухай ярьсаар бий болсон “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөнийхөн ч дуулиан шуугианд цучил өргөөд дүрэлзэх нь дамжиггүй. Энэ мэт иргэний хөдөлгөөний дуу хоолойг хурцатгаж, тэднээр дамжуулан, Үйлдвэрчний эвлэлийн С.Ганбаатар нарын хүмүүс шоугаа хийснээр энэ оны улс төрийн амьдрал ширүүхэн өрнөх нь. Хамгийн ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол сэтгүүлч Г.Уянга тэргүүтэй “Ард түмний амлалт нэхэх холбоо” орон нутагт тойрсон аяллынхаа үр дүнг хэлэлцэж, Засгийн газарт танилцуулна гэдгээ хэлсэн. Танилцуулах ч юу байхав, юугаа ч танилцуулахав, нөгөө сураг алдраад буй М.Энхсайхан ичээнээсээ гарах гэж буй дохио энэ. Одоо гарах болсон юм биш үү гэдэг дохиог ч Н.Энхбаяр өгнө. Эх сурвалжийн хэлж байгаагаар бол энэ холбоо МАХН-ын түр штабтай онь холбон МАН руу довтлоно. Энэ бол аюул. Тэгэхээр Ардын намын журамт “цэргүүдээ сонсоцгоо”. Та нар энэ онд маш олон дайсантай, дотроосоо гарсан тагнуулчидтайгаар улс төрийн тулаанд оролцох нь, мэдээж их эрсдэл хүлээж байгаа. Энэ онд улс төрийн амьдрал ингэж эхэлж, үргэлжилнэ. Ахин хэлэхэд Ардын намын журамт “цэргүүдээ сонсоцгоо”.
Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин