Түүхт ой, тэмдэглэлт үйл явдалд бялуурах жил

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Түүхт ой, тэмдэглэлт үйл явдалд бялуурах жил

2011 он буюу туулай жил монголчуудын хувьд “халуухан” үйл явдлаар дүүрэн, ёстой л амьдрал буцалсан жил болно. Айсуй сонгуулийн угтал жил гэдэг утгаараа улстөрчид хөдөлгөөнд орж, Монголын улс төр жинхэнэ утгаараа өрнөнө. Улстөржих дуртай монголчуудын хувьд яах аргагүй “хөлсөө гоожуулах” биз. Сонгуулийн хууль яаж батлагдахаас их зүйл шалтгаална.

Тэгвэл эдийн засгийн хувьд эх орны хишиг, хувиа үргэлжлүүлэн хүртэх учраас ард түмний амьдрал бага ч атугай дээшилнэ гэж найдъя. Өнгөрөгч онд Монгол Улс эдийн засгийн хөгжлийнхөө суурийг цутгачихсан, харин энэ онд бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эхлэх учраас бүтээн байгуулалтын жил болох юм.
 
Энэ онд монголчууд олон чухал үйл явдлуудыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Хүннү гүрний 2200 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Тусгаар тогтнолын 100 жилийн ойг ойрын хэдэн жилдээ тэмдэглээгүйгээр өргөн тэмдэглэх нь лавтай. Ой, тэмдэглэлт жилүүдээр бялуурна гэсэн үг.  Зарим “зурхайчид” наадмаар монголчууд арав хоног амарна гэсэн мессеж тараагаад байгаа. Хэрэв ингэвэл ч сайхан л байна. За амарч тухлах яамай. Харин эрх барьж буй хоёр нам энэ хоёр их тэмдэглэлт үйл явдлыг өөр өөрийнхөөрөө өмчлөөд тэртэй тэргүй улстөржих энэ оны үйл явдлыг нэлээд өрнөлтэй болгох нь гарцаагүй. МАН Ардын хувьсгалын 90 жилийн ойг нүсэр тэмдэглэхээр улайрах бол АН-ынхан Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 100 жилийн ойг тэднээс дутахгүйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг бодно. Энэ өрсөлдөөн айхтар “хурц хэлбэрт” шилжихийг байг гэх газаргүй. Энэ их баяр дээр Монголын зэвсэгт хүчний 90 жилийн ой, Монгол хүн анх сансарт ниссэний 30 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 50 жил гэхчлэн явж өгнө. Аягүй бол таван яам 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Тусгаар тогтносон Монгол Улс түүхэндээ анх удаа таван яамтай болсоор даруй 100 жилийг үдсэн нь үнэн. Ийнхүү монголчууд ой тэмдэглэж, түүхт үйл явдлуудаа нэрлэсээр бүтэн оныг элээх боллоо. Харин баяр, сонгууль хоёртоо эрдээд бусад ажлуудаа цалгардуулчих вий дээ.  Энэ олон түүхт, тэмдэглэлт ойнуудаа нэг дор тэмдэглээд наадмаар бултаараа амарч байгаад “бут авбал” яасан юм бэ.

Б.ОЮУ

Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж