Алтны үнэ 10 жил дараалан өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Алтны үнэ 10 жил дараалан өсчээ

2010 оны сүүлийн арилжаа хаагдахад алтны үнэ рекорд үнээс ердөө 10 ам.доллараар дутуу болжээ. Өнгөрсөн жилийн хувьд шар металлын үнэ ам.долларын ханшийн уналт, дэлхийн эдийн засгийн тогтвортой бус байдлаас болж ихээхэн өссөн юм. Шинэ онд мөн адил өсөлттэй байх төлөв харагдаж байна. Нийт 19 үнэт металлуудын индекс 2010 онд 15 хувиар өсчээ. Хамгийн их үнэд орсон үнэт металл бол паллади байлаа. Энэ металлын үнэ өнгөрсөн онд 97 хувиар өссөн юм.

Мөнгө мөн адил үнэд орж, жилийн дотор 83 хувийн өсөлттэй байсан байна. Хөрөнгө оруулагчид алтыг орлох бүтээгдэхүүнээр мөнгийг сонгосон юм. Унц мөнгө баасан гаригт 30 жилийн турш харагдаагүй өндөр үнэ болох 30,92 ам.доллар болжээ. Алтны үнийн хувьд 1418,85 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 1,06 хувиар өссөн байна. Харин баасан гаригийн арилжаа хаагдахад бага зэрэг хямдарч, 1403,99 ам.доллар болов. Жилийн хэмжээнд алт 29,4 хувиар өссөн юм.

АНУ-ын бирж дээр алтны хоёрдугаар сарын урьдчилсан гэрээт үнэ 1421,40 ам.доллар буюу 1,1 хувиар өссөн байна. Гэрээт үнийн хувьд 2009 оны 1096,2 ам.доллараас 29,7 хувиар илүү болжээ. Баасан гаригийн арилжаанд нөлөөлсөн гол хүчин зүйл нь ам.долларын ханшийн уналт байсан юм. Гэхдээ ам.долларын ханш шинэ онд харьцангуй сайн байх төлөв байна.

“Алтны худалдаа 2011 оны эхний хагаст сайн хэвээр байх юм. Харин хоёрдугаар хагаст бага зэрэг суларна” гэж Чикаго хот дахь “MF Global” компанийн үнэт металлын шинжээч Том Павлики хэлж байна. Түүний хэлснээр хөрөнгө оруулагчид олон улсын өрийн асуудалд илүү анхаарлаа хандуулах бөгөөд Хятад болон бусад орны төв банкууд алтны хуримтлалаа нэмэгдүүлэх аж. Энэ байдал хоёрдугаар хагаст намжиж, дэлхийн эдийн засаг сэргэж эхэлснээр 2010 онд алтнаас олсон их хэмжээний ашиг эсрэгээрээ үнэт металлын зах зээлд муугаар нөлөөлөх юм.

Палладигийн ханш 799,47 ам.доллар болж, есөн жилийн өндөрлөгт хүрсэн бол цагаан алтны үнэ 2010 онд 20 хувиар өсч, 1766,24 ам.доллараар унц нь арилжаалагдлаа.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж