Өнгөрсөн ба өнөө жилийн эдийн засаг

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн ба өнөө жилийн эдийн засаг

Эдийн засгийн хүрээнийхэн 2010 оныг “Эдийн засгийн хөгжил, өсөлтийн суурийг цут­гасан жил боллоо” гэж дүгнэж байна. Энэ дүгнэлттэй олон хүн санал нэгдэх биз. Монгол Улс уул уурхайгаа түшиглэн хөгжих нь нэгэнт тодорхой болсон цаг хугацааны дайд баялгаа хэрхэн ашиглах, зах зээлд хүргэх, нэмүү өртөг шингээж борлуулах, орж ирэх орлогыг үр ашигтай зарцуулах олон бодлогын бичиг баримт, төсөл хөтөлбөр, шинэтгэлийн ажлыг хийлээ.

Дэлхийд эхний 10-т орох нөөцтэй Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах “галт тэрэг”-ийг хөдөлгөлөө. Засгийн газар яаж ашиглах нь оны өмнө тодорхой болж, мэдээлэгдсэн тул дурьдах нь илүүц биз. Тавантолгойн нүүрсийг дэлхийн зах зээлд хүр­гэхийн тулд “Төрөөс төмөр замын тээврийн бодлого” баримт бичгийг анх удаа баталлаа. Төмөр замыг барих ажлыг хариуцан гүйцэтгэх “Монголын төмөр зам” компани байгуулагдав. Тавантолгойд болон бусад томоохон төслүүдийг ашиглалтад оруулах хөрөнгө оруулалтыг шийдэхээр Хөгжлийн банк байгуулах ажил бараг дууслаа. Хөрөнгө оруулалтын нэг суваг болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд “Монголын хөрөнгийн бирж” компанийн удирдлагыг га¬даа­дын багийнханд өгөв. МХБ-ийн удирдах багийг тенде­рээр шалгаруулахаар ажилласан боловч бүтэлгүйсэн. Харин уул уурхайн хөрөнгө оруулалтаар мэргэшсэн, зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд хоёрт эрэмбэлэгддэг Лондонгийн хөрөнгийн биржийн багийг стратегийн түншээр ажиллуулахаар болж, оны өмнөхөн гэрээнд гарын үсэг зурлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг нэмүү өртөг болгон дэлхийн зах зээлд гаргах “Сайншандын хүнд аж үйлдвэрийн парк” төслийн боловсруулалтыг маш хурдтай хийлээ. Уул уурхайн баялгаас олох орлогыг эдийн засагтаа шингээх “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийг баталлаа. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил”-ийн хүрээнд бизнес хийхэд хүнд суртал үүсгэж, цаг зав, мөнгө төгрөг үрдэг шаардлагагүй олон гарын үсгийг цөөллөө. Эдийн засгийн харилцаанд “өөр” уур амьсгал бүрдсэнээр Компанийн тухай, Ашигт малтмалын тухай гэх мэт амин чухал зохиулалтын баримт бичгүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах эхлэлийг тавилаа. Энэ бүгд яах аргагүй эдийн засгийн ирээдүйн хөгжил, өсөлтийг дэмжсэн суурь ажлууд байсан юм.

Одоо зарим үйл явцууд монголын эдийн засагт ямар өөрчлөлтүүдийг авчирсныг дурдья. Энэ жилийн сүүлийн хагаст валютын Монгол руу орох урсгал давамгайлснаар ам.долларын ханш доошоо “гулслаа”. Үүний улмаас мон­голчуудыг төгрөгт итгэх итгэл сэргэж, арилжааны банкууд дахь төгрөгийн хадгаламж 40 хувиар өслөө. Иргэдийн зээл ч үлэмж хэмжээгээр өсөв. Энэ үйл явцууд нь арилжааны банкуудад зээлийн хүү бууруулах боломж олгов. Өмнөх онд зээлийн хүүгийн дундаж 23 хувь байсан бол 19.8 болж буурлаа. Мөн валютын орох урсгал давамгайлснаар Монголбанкны албан нөөц 2.2 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо.

Гадаад валютын албан нөөц нь монголчуудын төлбөрийн чадварыг харуулдаг. Албан нөөц өссөнөөр манай улсын зээлжих зэрэглэл  BB- байсан бол BB+ болж ахисан. Мөн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд төгрөг анх удаа давсан юм. Санхүүгийн зах зээлд ийм олон амжилт ирсэн. Харин бэлэн мөнгө тараасан, махны хомсдол үүссэн шалтгаанаар инфляци огцом өсч, Төв банк жилийн сүүлийн хагаст мөнгөний хумих бодлого барилаа.

Аж үйлдвэр, худалдааны салбарт нүдэнд харагдам өсөлт гарсан. Зэсийн ханш түүхэн дээд амжилтаа эвдэж өссөөр байна. Тиймээс саалийн “ганц үнээ” “Эрдэнэт” үйлдвэр маань энэ онд төсөвт их мөнгө өгсөн. Бас алтны үнэ өссөн нь ч чамгүй үүрэг гүйцэтгэсэн. Нүүрсний экспорт 7.5 сая тонн байсан бол 15.3 сая болж өслөө. Бүх төрөлийн худалдан авалт сэргэснээр гааль, татварын орлого төлөвлөгөөнөөсөө олон хувь давж биелсэн юм. Тухайлбал, гаалийн орлого 170 орчим тэрбумаар давж биелсэн.

Энэ бүгдийн эцэст манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 7.5-8 хувиар өсөх таамгийг эдийн засгийн хүрээний дуулгаж буй юм. Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын нөлөөгөөр өнгөрсөн онд манай орны эдийн засаг 1.6 хувиар буурч байсан билээ.

Айлчлан ирсэн 2011 онд эдийн засагт ямар үйл явц өрнөх бол. Мэдээж Засгийн газрын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд үргэлжилнэ. Тавантолгой дээр стратегийн хөрөнгө оруулагч орж ирнэ. “Эрдэнэс ТТ” компани нүүрснийхээ экспортыг хийнэ. Даланзадгад-Зүүнбаян, Сайншанд-Чойбалсанг холбосон төмөр зам тавих ажил эхэлнэ. Хөгжлийн банк оны хоёрдугаар улирлаас зээл олгож эхлэх мэдээлэл байна. Хөрөнгийн зах зээлд Лондонгийн хөрөнгийн биржийнхэн шинэлэг арга барилаар ажиллах нь ойлгомжтой. “Сайншандын хүнд аж үйлдвэрийн парк” төслийн боловсруулалт дуусна. Анхны үйлдвэрүүд баригдаж эхлэх магадлалтай. Энэ бүх ажлын үр дүнд Монгол руу хөрөнгө оруулалт урсана. Төдөн ам.доллар орж ирнэ гэж таамаглахад бэрх. Тодорхой болсон мэдээллээр “Оюутолгой” төсөлд 2.3 тэрбум ам.долларын санхүүжилт орж ирнэ. Хөрөнгө оруулалт дагаж, валютын урсгал Монголыг чиглэснээр төгрөгийн ханш улам чангарах болов уу. Өнгөрсөн жил 14 хувиар чангарсан. Энэ жил өнгөрснөөс их хэмжээний валют урсаж орж ирэх нь тодорхой. Арай ам.долларын ханш гурван оронтой тоонд ороод ирэх юм биш биз. Зэсийн ханш өссөөр байх болно гэдгийг олон санхүүгийн байгууллагынхан тамаагласнаар байна. Тэгвэл төсвийн орлого өсөх нь дамжиггүй. Аж үйлдвэр дэд бүтцийн салбарт өсөлт гарах нь тодорхой.

Харин Засгийн газраас 805 тэрбум төгрөг тараахаар шийдвэрлэсэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөх болгоомжлолыг төрүүлж байгаа. Монголбанкныхан оны эхнээс ирэх жил ч мөнгөний хатуу бодлого үргэлжилнэ гэдгийг битүүхэн хэлээд байгаа. Ерөнхийдөө ирэх онд мөнгөний бодлого баригчдад хүндхэн шалгуур учрах бололтой.  Энэ оны эдийн засагт иймэрхүү үйл явцын шинэ тэмдэг харагдах болов уу.      

         

Т.ЭНХБАТ. Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж