Хөгжлийн банкинд баталгаа гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкинд баталгаа гаргажээ

УИХ-ын намрын чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо нь улс орны хөгжлийг түргэтгэх томоохон хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийг боловсруулахад голлох үүрэгтэй ажилласан гэж тус байнгын хорооны дарга Д.Зоригт мэдэгдлээ. Тодруулбал, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах 2011 оны үндсэн чиглэл, Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсөв, Хүний хөгжлийн сангийн тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай зэрэг багц хуулиудаас гадна Хөгжлийн банкны тухай хуулийг нэрлэж байна.

Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий салбарыг хөгжлийн бодлогод нийцүүлэн хөгжүүлэх, нэмүү өртөг шингээсэн экспортыг дэмжих, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор Хөгжлийн банк байгуулахаар Засгийн газар хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн мэдүүлснийг УИХ-ын намрын чуулганы отгон хуралдаанаар гишүүдийн 90 гаруй хувийн саналаар баталсан юм. Хуульд  Хөгжлийн банкийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-д танилцуулж байх. Төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүдийн гурав нь хараат бус гишүүн байх, Хөгжлийн банкны санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг төр болон хувийн хэвшлийн байгууллага хамтран хэрэгжүүлж болох, тус банкны өөрийн хөрөнгийн эх үүсвэр нь улсын төсөв, хуульд заасан бусад эх үүсвэр байх. Банкны гүйцэтгэх удирдлагын 50-иас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх, Хөгжлийн банкинд гаргах Засгийн газрын баталгаа нь зөвхөн уг хөтөлбөр, төсөл дотор Засгийн газрын эзэмших, өмчлөх хувиар хязгаарлагдах. Засгийн газрын баталгааг  зөвхөн даатгагдсан төсөлд гаргах зэрэг зохицуулалтыг тусгасан юм. Мөн УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт”, “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан төсөл, арга хэмжээ, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборуудын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх эрхийг УИХ тогтоолоор баталж өгсөн. Ингэхдээ Хөгжлийн банкинд 1.9 их наяд төгрөгийн баталгаа гаргаж өгсөн билээ. Энэ асуудалтай холбогдуулж, байнгын хорооны дарга Д.Зоригтоос дараах асуултад хариулт авав.

-Хөгжлийн банкинд 1.9 их наяд төгрөгийн баталгааг гаргах нь гадаадаас авах 20 жилийн зээлтэй тэнцэх болж байна. Энэ нь эрсдэл дагуулж болзошгүй, болгоомжтой хандах хэрэгтэй гэж УИХ-ын гишүүн З.Энхболд анхааруулж байсан. Гэвч УИХ-аас дээрх шийдвэрийг зоригтойгоор гаргасан. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Монгол Улсад өнөөдөр хийх ажил маш их байна, тэр бүгдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийнэ гэвэл маш их хугацаа зарцуулах болно. Тийм учраас Хөгжлийн банк байгуулан, төмөр зам барих, аймгуудыг авто замаар холбох, 100 мянган айлын орон сууц барих, Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг байгуулах зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудаа ажил хэрэг болгоё гэж зориглосон. Энэ ч үүднээс 2011 оны төвшинд Хөгжлийн банкинд 1.9 их наяд төгрөгийн баталгаа гаргаж өгсөн. Эхний ээлжинд гаргасан баталгаа. Ер нь бол Хөгжлийн банк нь маш их хөрөнгө шаардсан төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх учраас олон давхар хяналт тавихаар хуульчилж өгсөн.

-Намрын чуулганы хугацаанд гадаадаас авах 10 орчим зээлийн хэлэлцээрийг соёрхон баталсан гэж та хэллээ. Зээлийн хэмжээ нийт дүнгээрээ хэд болж байгаа вэ?

-Нийтдээ 100 орчим сая ам.долларт хүрнэ. Тухайлбал, Японоос авах зээл 57 сая ам.доллар бол Дэлхийн банкнаас авах зээл 25 сая ам.доллар, Германы сэргээн босголтын банкнаас авах зээлийг оролцуулахад 100 орчим сая ам.долларт хүрнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж