Халдварт шар буурч, ханиад нэмэгдэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Халдварт шар буурч, ханиад нэмэгдэж байна гэв

Өнгөрөгч долоо хоногт болон баярын өдрүүдэд ханиад томууны дэгдэлт, халдварт өвчний өвчлөл ямар байсан талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн олон нийттэй харилцах албаны дарга Ч.Уртнасангаас тодрууллаа.

– Ханиад томууны өвчлөл ямар байгаа вэ?  
-Өнгөрөгч долоо хоногт улсын хэмжээнд 146 мянга 495 хүн амбулаториор үйлчлүүлсний 13 мянга 350 буюу 9.1 хувь нь томуу төст өвчтэй гэж оношлогдсон. Улаанбаатар хотод 67 мянга 866  хүн амбулаториор үйлчлүүлсний 6 мянга 746 нь томуу, төст өвчтэй гэж оношлогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 2.3 хувиар илүү байна. Нийслэл хотод нийт өвчлөгсдийн  84.5 хувийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, үүнээс 56.5 хувийг дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Нийслэлийн есөн дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 47.1 хувийг томуу төст өвчний дуудлага эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс 6.4 хувиар илүү байна. Иймд энэ насны хүүхэддээ анхаарал халамж илүү тавихыг эцэг эхчүүддээ зөвлөж байна.

-Өвчлөлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Эмнэлгийн байгууллагууд томуу, томуу төст өвчинтэй тэмцэх сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай зөвлөмж, тамифлю эмийг томуугийн үед хэрэглэх зааврыг боловсруулан орон нутагт хүргүүлж байна. Харин вируст гепатитын өвчлөлийн мэдээг өдөр бүр аймаг, дүүргээс авч байгаа тул уг өвчний өнөөгийн байдал,  цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд оруулахаар ЭМЯ-нд хүргээд байгаа.

– Хот, хөдөөд дэгдэлт байдлаар гарч байсан халдварт шарын өвчлөл хэр байна. Ямар арга хэмжээ авсан бэ?
– Оны сүүлийн сард шарын дэгдэлт буурсан гэж болно. Вируст гепатит А бүртгэгдсэн цэцэрлэг, сургуулийн голомтод өвчтөнтэй хавьтал болсон 2-9 насны хүүхдүүдийг вакцинжуулах ажил явагдаж байгаа. Нийслэлд энэ заалтаар гурван мянга гаруй хүүхэд уг вакцинд хамрагдсан байна.

-Баярын өдрүүдэд дуудлага хэр ирсэн бэ?
-Шинэ жилийн баяраар хоолны хордлого болон бусад онцгой дуудлага ирээгүй.
 

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж