Олон өвдчихсөн шүднээс нэгийг сугалаад нэмэргүй

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Олон өвдчихсөн шүднээс нэгийг сугалаад нэмэргүй

УИХ-ын гишүүн С.Сайхансамбуутай ярилцлаа.

-Эх оронч төрийн түшээ болсонд тань баяр хүргье. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Юуны өмнө  шинэ гарч байгаа 2011 оны мэндийг  “Монголын мэдээ” сониноор дамжуулж нийт монголын ард түмэндээ дэвшүүлж байгаадаа туйлын их баяртай байна.  Эх оронч гэдэг нэрийг “Зууны мэдээ” сониноос надад өгч буй эрхэм алдар хэмээн ойлгож байгаа.  Би өөрийгөө нэг л эх оронтой хүн хэмээн боддог. Тэр нь Монгол Улс.  Монгол Улсынхаа хоёр  сая гаруй хүн ам дундаас УИХ-ын гишүүн болж сонгогдсон нь туйлын үнэн. Өнөөдөр монголын ард түмэн нэн түрүүнд шударга үнэнийг маш их хүсч байна. Мөнгө төгрөг гэхээсээ илүү шударга төр, засаглал, хуулийн байгууллагыг хүсч байгаа нь илт байна. Ард түмнийхээ тэрхүү хүслийн төлөө цөөхөн хэдэн гишүүн өнгөрсөн онд дуугарсан. Тэгэхдээ бид бодож байсан шигээ том амжилт олсонгүй. Учир нь бид хэтэрхий цөөхөн байсан. Гэхдээ манай хэвлэл мэдээллийнхэн шударга үнэнийг олж, харж байгаад баяртай байна. Нөгөө талаас юун эх оронч гэх зэрэг эсрэгээрээ хүлээж авч байгаа хүмүүс байгаа байх. Тэд хожим ойлгоно гэдэгт итгэж байна. Харин бид бол эхлэлээ тавьсан.

-Эх оронч төрийн түшээ болоход ямар зүйлүүд нөлөөлсөн бол?

-Миний хувьд ийм нэр зүүхийн тулд хамгийн анх хамтарсан Засгийн газарт орсон цагаас эхэлж дуугарсан хүн. Засаг хамтарч болохгүй гэдгийг олон удаа хэлж байсан. УИХ-д анх орж ирэхэд манай нам олонхи болчихсон, нөгөө нам 25 гишүүнтэй байлаа. Тэгэхээр бид ихээхэн том сөрөг хүчинтэй тулж ажиллах юм байна. Монголд шударга ёс тогтох юм байна гэж тооцож байсан чинь  нэг тогоонд нийлүүлж хутгаад бантан болгоод  тавьчихсан. Хэрэв ийм бантан хутгаагүй байсан бол Оюутолгойн гэрээ өнөөдөр хийгдээгүй байх байсан. Айвенхоу майнз, Риотинто нар хийдэг ажлаа хийгээд л явж байх байсан. Хяналтгүй учраас чанаргүй хууль гарсан. Түүнд л их харамсч байна.

-Таны хувьд эх орон гэдгийг юу гэж ойлгодог вэ. Эх оронч хүн  гэж хэнийг хэлээд байгаа юм бол оо. Төрийн түшээ хүний  хувьд юу гэж бодож байна?

-Нэгдүгээрт газар шороо, дараа нь монголын ард түмэн. Эдгээр зүйлээс  Монгол хэмээх эх орон бүрдэж байгаа юм. Хоосон газар байвал эх орон биш. Мөн түүнтэй адил орох орон, оочих аягагүй хэсэг хүмүүс байвал бас эх орон биш.  Энэ бүгд нийлж байж эх орон бүрддэг. Эх орны тухай задлаад ярих  юм бол маш том ойлголт. Харин эх оронч хүн гэдэг бол ядарч байгаа иргэдийн өмнөөс чөлөөтэй дуугардаг, амьдралыг нь  өчүүхэн ч гэсэн дээшлүүлэх хүсэлтэй явдаг улстөрч хүнийг эх оронч хүн гэж УИХ-ын гишүүний хувьд хэлмээр байна.

-Эх оронч төрийн түшээ  хэмээх алдрыг хүртэхийн тулд Оюутолгойн гэрээний талаар байр сууриа  илэрхийлсэн байдал болон  хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагыг үндэслэсэн гэж байсан?

-Оюутолгойн  ажлын хэсгийг байгуулж  Сангийн сайд ахалсан. Мөн УИХ болон Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдаж  байсан.  Хамгийн товчхон хэлэхэд тус гэрээ үндсэндээ Монголын ард  түмэнд ор хоосон биш ч хүртээмж муутай гэрээ болсон.

-Таныхаар яавал  ард иргэдэд  илүү хүртээмжтэй сайн байх байсан юм бэ?

-Өнөөдөр манайд бэлэн жишээ байна. Эрдэнэт үйлдвэр гэхэд манай тал 51 хувиа эзэмшдэг. Үүн шиг  гэрээ хийх ёстой байсан. Харин Оюутолгойн гэрээг бол янз бүрийн хувилбар яриад, нэг том самбарт 100 мянган ам.доллар гэж бичээд  иргэдийг хуураад  байх шаардлага байгаагүй. Хэтэрхий олон задалж ярихаар болохгүй болчихдог юм. Хамгийн товчхоноор ойлгогдох нь Эрдэнэт шиг л байгаасай гэж бодож  ажлын хэсгээс гуйгаад барсангүй дээ.

-Тантай санал нийлж байсан гишүүдийн тухай яривал?

-Манай намаас Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ бид гурав Оюутолгойн гэрээгээр  санал хураахад  эсрэг сууж байсан. Эвгүй юм билээ. Гэхдээ нөгөө намын бүлэгт ч гэсэн эсрэг саналтай хүн  цөөн байсан. Хамгийн гол нь хүндээ биш. Тухайн үед Оюутолгойн гэрээг ойлгож эсрэг санал өгсөн гишүүд нь хэт цөөдчихсөн байсан.

-Одоо Тавантолгойн асуудал эд яригдаж байна. Оюутолгойн гэрээ шиг болгохгүйн төлөө юу хийх вэ?

-Энэ хоёр орд бол шал өөр гэж бодож байна. Нэг нь газрыг 1000 гаруй  метрийн гүнээс зэс гаргаж боловсруулаад доллараа Монгол төгрөг болгоод ард түмэнд өгнө гэсэн  маш удаан хугацаа шаардсан асуудал. Оюутолгойн монгол хүнд ашиг өгөх  хугацаа миний бодож байгаагаар дор хаяж 10 жил. Бизнесмэн хүний нүдээр харахад тийм байна. Би ч гэсэн уул уурхайн салбарыг мэдэхгүй биш мэднэ. Харин Тавантолгойг бол хэдэн алхдаг эксковатор, хүнд даацын хэдэн машин байхад Монгол хүн хийчих ажил шүү дээ. Гэхдээ Монгол хүнд өгчихье гэхээр мөнгөтэй компани байхгүй байна. Засгийн газар бол иргэддээ амласан нийгмийн халамждаа зориулах зорилготой учраас гадны мөнгөтэй компаниудад өгчих магадлал өндөр байгаад бухим­даад байгаа юм.

-Үүнээс гадна Засгийн газрын гишүүнийг огцруулах тухай бичиг УИХ-ын даргад өргөн барьсан байгаа. Үүнийг хэрхэн ойлгож байна вэ?

-Олон өвдчихсөн шүднээс  нэгийг нь суга татуулаад эмчилгээ болохгүй шүү дээ. Гэртээ очиж хэвтчихээд маргааш нь дахиад нэг шүдээ бариад ирэх нь ойлгомжтой. Тийм учраас  хэрэв ярих гэж байгаа бол бөөнд нь ярих хэрэгтэй. Нэг хүнийг ярина гэдэг чинь улстөрчдийн өшөө хонзонгийн асуудал болно шүү дээ. Үүнээс болж заваарсан улс төр үүсгээд тоглолт хийгээд байна гэж ойлгож байна

-Засгийн газар үнэхээр өвдчихсөн шүд шиг ажлаа хийж байгаа хэрэг үү?

-Би Засгийн газрыг шүүмжилдэг хүний нэг. Засгийн газартаа арга хэмжээ тооц гэдгийг  анх гаргаж байсан.  Чуулган дээр асуулт тавих гэсэн сайд байгаагүй учраас УИХ-ын даргад хандаж  энэ тухай  санал болгож  хэлж байсан удаа ч бий. Манай бусад гишүүд ч гэсэн Засгийн газрын талаар  надтай адилхан бодолтой байгаа.

-Тэр гишүүдтэйгээ нийлээд ямар нэгэн хурал зохион байгуулж болдоггүй юм уу?

-Надад тэр талаар бодсон зүйл алга. Гэхдээ шийдвэр гаргах төвшний хүмүүс рүү захидал бичсэн. Захидлын маань мөрөөр үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хууль батлагдлаа.

-Ер нь  өнгөрч буй он таны хувьд болон УИХ-ын хувьд ямар он байсан гэж  та бо¬дож байна?

-Манай УИХ байдгаараа, урсгалаараа онцын хийсэн зүйл байхгүй он байлаа. Хий хоосон магтаалд умбаж, бие бие­дээ талархлын үг хэлж өнгөрлөө. Хамгийн гол нь монголын ард түмэн өглөө бүр инээмсэглэлтэй байх хэрэгтэй. Хүний амьдралыг ерөөл, уран үгээр засчихдаг бол  аль хэдийнэ засарчих хугацаа өнгөрлөө. Ирэх онд хоосон ерөөл магтаалаа өндөрлөөд хүн бүр хийдэг ажлаа сайн хийх хэрэгтэй.  Шинэ ондоо арай өөр зохион байгуулалтад орж ажиллахгүй бол Засгийн газрынхаа гарт баригдчихаад, нуман тулгуурт орчихсон бөх шиг яаж чадахгүй байгаад байвал хэрэг алга. Ажлаа хийвэл хийсэн шиг хийгээд хийхгүй бол бүр  болиод дараагийн хүмүүстээ шилжүүлээд өгчихмөөр санагдаад байх юм.  Хамгийн гол нь УИХ-ын гишүүд маань ажил хэрэгч,  аливаа асуудалд  илүү бүтээлчээр хандаж байх хэрэгтэй байна. Хэрүүл маягаар яриад байхаар хэн ч тоохгүй байна. 2011 онд энэ байдлаа засаасай гэж хүсэх байна.

Б.Даваа.


Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж