”Монгол 999” шаардлага тавив

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

”Монгол 999” шаардлага тавив

Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компаниас шаардаж байна
Монгол Улсын Их хурал 2010 оны долдугаар  сарын 7-ны өдөр Таван толгойн нүүрсний ордыг ашиглах  зарим асуудлын тухай 39 дүгээр тогтоол гаргасан билээ.  Уг тогтоолд нөөцөөрөө дэлхийд тэргүүлж  байгаа коксжих нүүрсний орд болох Таван толгойн асар их баялгаас Монголын ард түмэн, Монголын үндэсний компаниудад хүртээх арга замыг тодорхой заасан билээ. 

Засгийн газар УИХ-ын энэхүү тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлсэнгүй. Үүнд:

1. Тогтоолд заасны дагуу Таван толгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь эзэмших “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг өнөөг хүртэл байгуулсангүй.  Компанийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан компани үүсгэн байгуулах хурлаар хэлэлцэж, шийдвэрлэх асуудлууд шийдвэрлэгдээгүй, түүний дотор компанийн дүрэм батлагдаагүй байна. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг тодорхойлсны дараа компанийн дүрмийг батална. Энэ компани нь хэтдээ олон улсын хөрөнгийн зах зээлд гарах Монголын төрийн өмчит анхны компани болох төдийгүй манай эдийн засгийн өсөлт хөгжилд тэргүүлэх үүрэгтэй болох учраас үйл ажиллагааных нь үндсэн хууль болсон дүрмийг боловсруулахдаа компанийн сайн засаглалын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд болон хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг тусгаж,  эдгээр зарчмыг үйл ажиллагаанд нь хэвшүүлэх механизмыг тодорхойлсон байж гэмээ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээж чадна. Үүний тулд дүрмийнх нь төслийг Монголын хувийн хэвшлийнхэн, түүний төлөөлөл болсон манай Танхим, Ажил олгогч эздийн холбоо, ажиллагсдын төлөөлөл болсон МҮЭ-ийн зөвлөл, компанийн сайн засаглал болон хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын оролцоотойгоор хэлэлцүүлэх ёстой.

2. УИХ-ын 39 дүгээр тогтоолд Таван толгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваалгүй “Эрдэнэс-Таван толгой” ХК-д эзэмшүүлэхээр тогтоосон.
Ашигт малтмалын тухай Монгол Улсын хуулийн 4.1.7-д ”ашигт малтмал ашиглах” гэж …ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ гэж, мөн хуулийн 4.1.16-д ”ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ гэж, 7.3-т “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглоно гэж, 7.4-т “Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг этгээдийн нэр дээр олгоно” гэж тус тус заасан байна.

Хуулийн эдгээр заалтаас харахад Засгийн газраас УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх нэрийн дор 2010 оны арванхоёдугаар сарын 08-ны өдөр нийтэд зарласан Сонгон шалгаруулах урилгад олборлох, борлуулах эрхийг сонгон шалгаруулалтаар шалгарсан этгээдэд олгохоор заасан нь  хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн  үйл ажиллагаа  болох нь  илэрхий байна.

3. Компанийн тухай хуулийн 6.8-д”…толгой компани нь хараат болон охин компанийн үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж байгаа хувьцааны саналын эрхээр оролцоно” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн  5.1-д “Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно” гэж заасан. Гэтэл . “Эрдэнэс МГЛ” компани нь хуулийн дээрх заалтуудыг зөрчин Таван толгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмших “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг байгуулаагүй байж түүний гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах, түүний ашиглах талбайд олборлолт явуулах операторыг сонгон шалгаруулах тендер зарлах гэх зэрэг хууль бус ажиллагааг удаа дараа явуулж байснаа бүр цаашлаад ашиглах талбайнх нь “өрөм” гэгдэж байгаа  хэсгийг таслан авч гадаадынханд өгөх  сонгон шалгаруулалт зарлалаа.  Ингэхдээ “Эрдэнэс-Таван толгой” ХК ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь бүхэлд нь эзэмших юм гэсэн хуурамч үгээр халхавчлан ордын хамгийн их нөөцтэй, ашиглалтын зардал багатай, геологи хайгуулын ажлаар хамгийн сайн судалсан, үйлдвэрийн түвшинд коксжилтын технологийн туршилт хийсэн хэсгийг нь гадаадын компаниудад өгөхөөр эртнээс төлөвлөж байсан арга хэмжээгээ хэрэгжүүлэхээр шинэ жил дөхөж, олон нийт баярын уур амьсгал орсон  өдрүүдийг ашиглалаа.

4. Дээр заасан сонгон шалгаруулалтыг явуулж, Таван толгойн ордын томоохон хэсгийг ашиглах эрхийг гадаадын компанид өгснөөр энэ талбайг ашиглах эрх бүхий “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үнэ цэнэ бүхэлдээ буурч, санхүүжих чадвар буюу хөрөнгө татах чадвар нь олон дахин багасах төдийгүй УИХ-ын тогтоолд заасан монголын ард түмэн эзэмших 10 хувь болон монголын үндэсний компаниудын эзэмшилд очих 10 хувь нь Таван толгойн ордыг бүхэлд нь ашиглах компанийн хувьцаа биш Засгийн газрын хувааснаар нийт ордын багахан хэсэг талбайд олборлолт хийх компанийн хувьцааны 10 хувь болж олон дахин үнэгүйдэх болоод байна.

5. Монголын ард иргэдэд болон аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх ажиллагааг хэрэгжүүлж эхэлсэнгүй. Үндэсний аж ахуйн нэгжүүдэд хувьцааны 10 хувийг нэрлэсэн үнээр нь худалдсанаар компанийн үйл ажиллагааг явуулж эхлэх, тухайлбал,  эхэлж ашиглах хэсгийн нөөцийг баталгаажуулах, ТЭЗҮ-г олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлбэрт  оруулах зэрэг ажиллагааг санхүүжүүлэх хөрөнгөтэй болох боломж байна.

Монголын нийт иргэдэд хувьцаа эзэмшүүлэх ажиллагааг өнөөг хүртэл эхлүүлсэнгүй.  2,7 сая хүнд хувьцаа эзэмшүүлэх үйл ажиллагаа нь ихээхэн цаг хугацаа, хүч шаардах ажил боловч Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл аваад үйл ажиллагаа явуулж байгаа 50 шахам брокер дилерийн компаниудаар дамжуулан хэдэн сарын хугацаанд хэрэгжүүлэх боломжтой. Хүн амын шинэчлэсэн бүртгэл болон нэгдсэн тооллогын дүн гарахыг хүлээлгүй шинэчилсэн бүртгэлд хамрагдчихаад байгаа иргэдээ үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн дансаа нээлгэхийг  уриалаад энэ ажлыг зохион байгуулах журмыг нь тогтоон аль долдугаар сард  эхлүүлсэн байх ёстой ажил билээ. Иргэд дансаа нээлгэчихвэл хувьцаа эзэмшүүлэх нь хэдхэн өдөрт хийх ажил юм. Ингэснээр Монголын иргэд хувьцааных нь 10 хувийг, Монголын үндэсний компаниуд мөн 10 хувийг нь эзэмшиж, өөрсдийн төлөөлөл болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээр дамжуулан  компанийн удирдлагын үйл ажиллагаанд хяналт тавих боломж нээгдэх, эрх ашгаа хамгаалан дээр дурьдсан сонгон шалгаруулалт мэтийн хууль бус ажиллагааг таслан зогсоох боломжтой болно.

6. Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн заалтыг хэрэгжүүлэх нь Монголын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд шийдвэрлэх алхам болно. Олон улсын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа үндэсний компанийн хувьцааг эхлээд үндэсний бирж дээрээ, үндэсний хөрөнгө оруулагчиддаа зориулан гаргаад, дараа нь олон улсын биржид гаргадаг туршлага, тухайлбал, Хятадад байна. Монголын Засгийн газар үнэхээр л үндэсний компаниудаа дэмжиж байгаа бол ийм туршлагыг хэрэгжүүлэх ёстой гэж бид үзэж байна.

Дээрх дурьдсан шалтгааны улмаас Монголын ард түмний эрх ашиг, улс орны эдийн засгийн тусгаар тогтнолд  ноцтой хохирол учруулж болох энэхүү “Сонгон шалгаруулах урилга” гэгчээ зогсоож, УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасан арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлэхийг “Монгол 999” үндэсний нэгдэл, түүний гишүүн олон мянган компанид Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэс МГЛ” компаниас шаардаж байна.

“Монгол 999 Үндэсний Нэгдэл”ХК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж