EPL: Шинэ оны эхний тойрог

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

EPL: Шинэ оны эхний тойрог

Английн Премьер лигийн улирал сонирхолтой өрнөж байна. Амралтын өдрүүдээр ганц ч тоглолт цуцлагдалгүй бүх тоглолт хуваарийн дагуу боллоо. Эхний тоглолтыг лигийг тэргүүлэгч “Манчестер Юнайтед” шинэ цэрэг “Уэст Бром”-ын талбайд зочлон 2:1-ээр буулган авсан бол Манчестер хотын нөгөө баг нь болох “Манчестер Сити” зочлон тоглохдоо гарамгай “Блэкпуль”-ийг талбайдаа 1:0 харьцаатай хожлоо. Гоолыг “Хар муурнууд”-ын мөрөөдөл болоод байгаа Адам Жонсон оруулжээ. Улирлыг тун тааруу эхлүүлсэн “Ливерпуль” Раул Мэйрелешээ гэмтэлд алдсан ч “Болтон”-г талбайдаа 2:1 харьцаатай хожсон. Зочдоос Кевин Дэвис гоол хийсэн бол Мерсисайдын “Улаанууд”-ын Алтан жаал болон дэггүй Коул нар нь шинэ оныг өнгөтэй эхлүүллээ.

Харин “Стоук” “Эвэртон”-г 2:0, “Сандерланд” “Блэкбурн”-г 3:0, “Тоттенхэм” “Фулхэм”-ийг 1:0, “Уэстхэм” “Вулвес”-ийг 1:0-ээр тус тус буулган авсан байна. Хожсон багууд бүгд талбайдаа тоглосон юм.

Бямба гаригийн сүүлийн тоглолтыг “Бирмингэм” “Арсенал” багууд хийсэн бөгөөд энэ тоглолт Бирмингэмийн Сэйнт Андрьюс цэнгэлдэхэд болсон. Гэхдээ талбай нь энэ удаад Бирмингэмд ивээлээ хайрласангүй. “Их буучид” тэднийг 3:0-ээр бут ниргэж, өмнөө сөхрүүлж дөнгөсөн юм. Зочдоос ван Перси, Насри нар гоол хийсэн бол Жонсон өөрийн хаалгандаа гоолдон эсрэг багтаа хандив өргөжээ.

Харин ням гаригт хоёр тоглолт болсон бөгөөд “Уиган” “Ньюкасл”-ыг талбайдаа баралгүй 1:0-ээр хожигдсон байна. Харин “Челси” “Астон Вилла”-г талбайдаа хүлээн авч, тоглосон юм. Стэмфорд Брижид “Виллачууд” аваргуудад бууж өгөхийг хүссэнгүй, тоглолтын эхнээс л ширүүн тэмцлийг өрнүүлж байсан. Гэмтлээсээ эргэн ирсэн Лампард форндоо эргэн орж байгаагаа харуулан 22 дахь минутанд гоолын салхийг хагалсан. Гэхдээ тэдний тэргүүлэл 40 дэх минутад үгүй болсон бөгөөд Эшли Ян торгуулийн цохилтоо алдаагүй. Улмаар Жерар Ульегийн удирдсан “Астон Вилла” “Цэнхрүүд”-д гэнэтийн цохилт хийж, 46 дахь минутад хашир туршлагатай Эмил Хески мөргөн гоол хийж чадсан юм.

Гэхдээ “Челси”-гийн мэргэн бууч Дидье Дрогба 83, ахлагч Терри нь 89 дэх минутад гоол хийснээр талбайн эздийн баяр дээд цэгтээ хүрсэн. Харамсалтай нь, тэдний баяраар бус гунигаар тоглолт өндөрлөсөн юм. Учир нь шүүгчийн мэдлийн цагт Кэйрран Кларк Олбрайтоны хөндлөн дамжуулалтыг Чехийн хаалганд мөргөн оруулснаар Стэмфорд Брижээс оноо салгаж чадлаа.

Ингэснээр “Челси” хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байна. Хүснэгтийг хоёр тоглолт дутуу ч “Манчестер Юнайтед” тэргүүлж байгаа бол Манчестерийн нөгөө баг “Сити” тэдэнтэй ижил оноотой хоёрдугаарт бичигдэж явна. “Арсенал”, “Тоттенхэм” багууд тэдний араас нэхэж яваа бол “Вулвес”, “Бирмингэм” багууд сүүл мушгиж, “Уэстхэм” хасагдах шатнаас гарч чаджээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж