Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Уинтер Классик

Хойд Америкийн Үндэсний хоккейн лигээс шинэ жилийн өдөр уламжлал болгон зохиодог “Уинтер Классик” тоглолт болж өнгөрлөө. Мөсөн талбайн дэлхийн шилдэг лигээс үзэгчдэдээ барьдаг том бэлэг гэж болох “Уинтер Классик” энэ жил “Вашингтон Капиталс”, “Питтсбург Пенгвинс” багуудын хооронд боллоо. Тус тоглолт Питтсбург хотын мөсөн талбайд болсон бөгөөд гадаа цас бус бороо шивэрсэн үдэш байсан юм. “Уинтер Классик”-ийн түүхэн дэх анхны бороо орсон тохиолдол энэ байлаа. Энэ үдшийн тулаанд Александр Овечкин, Эрик Фер гэсэн хослол Сидней Кросби, Евгений Малкины хослолын эсрэг тоглосон юм.

Тоглолтын эхний үед багууд хаалганы торыг хөдөлгөж, гоолын хонхыг дуугаргаж чадаагүй бол, хоёрдугаар үе эхлээд хоёр минут өнгөрсний дараа Евгений Малкин тоглолтын салхийг хагалж, “Капиталс”-ын хаалгач Семион Варламовын хаалганд гоол оруулж дөнгөсөн. Түүний гоолыг ордонд цугласан 68111 үзэгч “Стийлерс”-ийн тачдаунаас илүү баяр хөөртэй хүлээж авсан юм. Варламов үүнээс хойш хаалгаа хуурай манасан бөгөөд хүчирхэг “Пенгвинс”-ийн 32 цохилтыг няцаасан юм. Нэгдүгээр хаалгач Мичал Неювертийг эзгүйд үүргээ сайн биелүүлж чадсан.

Харин энэ үеэс эхлэн нийслэлийн баг тоглолтын санаачлагыг авч, хоёрдугаар үед гарсан пауэрплейд Майк Набль тооны харьцааг тэнцүүлсэн байна. Улмаар Эрик Фер энэ үе дуусахаас өмнө Маркус Йоханссоны дамжуулалтаар Марк-Андре Флеюригийн хаалганд гоол хийж, тоглолтыг “Нийслэлийнхэн” анх удаагаа тэргүүлж эхэлсэн. Өнгөрсөн улиралд 25 гоол хийж, карьерынхаа оргил амжилтаа гаргасан Ферийн гоол үүгээр дууссангүй, тэрбээр тоглолтын гуравдугаар үед дубль хийсэн юм.

Сидней Кросби гоол хийгээгүй нь олон хүний урмыг хугалсан ч энэ жилийн “Классик”-ийг олон сая хоккей сонирхогчид шууд хүлээн авч үзсэн нь тодорхой. Шууд дамжуулалтыг хүлээн авч үзсэн 18-49 насны насанд хүрэгч үзэгчдийн тоогоор шинэ дээд амжилт тогтоосон ажээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж