Зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ давлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Зэсийн эрэлт нийлүүлэлтээсээ давлаа

Зэсийн үнэ дахин шинэ дээд амжилт тогтоолоо. Лондоны Металлын бирж дээр нэг тонн зэсийн үнэ 9631.75 ам.доллар болсон нь түүхэнд байгаагүй өндөр үнэ юм. Өнгөрсөн оны хувьд шаргал өнгөтэй энэхүү металлын үнэлэмж 30 хувиар өссөн. Үүнээс зөвхөн сүүлийн нэг сард 15 хувиар үнэ нь чангарсан байна. Эдийн зас­гийн хямралын үед улс орнуудын зэсийн нөөц бага байсан. Харин одоо эргээд сэргэж байгаагаас ийн үнэ нэмэгдэж байна хэмээн зарим ажиглагч тайлбарлажээ. “Голдман Сакс”-ын шин­жээ­чид Лондонгийн Металлын биржэд энэ онд нэг тонн зэс 11 мянган ам.доллар хүрнэ хэмээн таамаглаж байгаа.

Өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар олон улсад зэсийн нийлүүлэлт 480 мянган тонн болсон тухай Олон улсын зэсийн судалгааны агентлагаас мэдэгджээ. Боловсруулсан зэ­сийн хэрэглээ өнгөрсөн онд 2009 оныхтой харьцуулахад найман хувиар их гарсан байна. Харин зэсийн нөөц буурчээ. Лондоны Металлын бирж дээр 2001 онд 1.1 сая тонн зэс нөөцөд байдаг байсан бол 2010 оны эхээр 551 мянган тонн, харин оны сүүлээр 412 мянган тонн болж багассан байна. “Bloomberg”-ийн эдийн засагчдын үзэж байгаагаар энэ онд зэсийн нийлүүлэлт буурч, нэлээд хомсдолтой байх юм.

Их Британид төвтэй “GFMS” судалгааны төвийн­хөн Хятадын хэрэглээ ойрын хэдэн жилд зургаа хүртэл хувиар өсөх магадлалтай гэ­жээ. Тиймээс ирэх 10-15 жилд Хятад дэлхийн зэсийн нийт эрэлтийн дор хаяж 15 хүртэлх хувийг дангаараа бүрдүүлсээр байх юм. Өнөөдрийн байдлаар тус улс зэсийн эрэлтийн 35 хувийг хангаж байна.

Зэсээс гадна бусад хүнд металлын эрэлт нь ний­лүүлэлтээсээ хэдийнэ даваад байгаа юм. Үүнд юун түрүүнд өсөн нэмэгдэж буй зах зээл бүхий орнууд чухал нөлөөтэй гэдэг нь илэрхий байна. Тий­мээс богино хугацаанд зэ­сийн үнэ өсөх хандлагатай аж. Өнгөрсөн онд зэсийн үйлд­вэрлэл буурч, нийлүүлэлт чан­гарсан. Энэ нь үнийг хөө­рөгд­сөн билээ. Харин эрэлт ихэсч байгаа нь юун тү­рүүнд Хятадын Засгийн га­зар нөөцөө нэмэгдүүлж бай­гаатай холбоотой юм. Өн­гөр­сөн онд зэсээс гадна нике­лийн үнэ 55 хувиар өсчээ. Бусад хүнд металлын хувьд 2007-2008 оны хямралын жи­лүүдээс хойш ерөнхийдөө үнэ нь нэмэгдэх хандлагатай бо­лоод байна. Түүнчлэн газ­рын тосны үнэ 13 хувиар өссөнтэй зэрэгцээд ОПЕК ний­лүүлэлтээ бууруулах ханд­лагатай болжээ. Харин Ев­роп, АНУ-ын Засгийн газ­рууд мөнгөний бодлогоо сул­руулж байгаагаас үнэт ме­тал­лын өртөг нэмэгдсэн аж. Ерөнхийдөө металл, түүхий эдийн эрэлт урт хугацаанд нэмэгдэж байгаа бол харин нийлүүлэлт нь богино хуга­цаанд буурах хандлагатай байна. Үүнээс шалтгаалан үнэ нь нэмэгдэх болжээ.

Зохиогийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж