
Манайд хөрөнгийн зах зээл үүсээд 20 жил болж байна. Гэсэн ч эдийн засгийн ачааны 95 хувийг банкууд үүрч байгаа нь Монгол Улс бэлэн мөнгөний эрсдэлд хялбархан өртөх нөхцөлийг бий болгож байгаа. Тиймээс ч сүүлийн жилүүдэд инфляциас айхдаа мөнгөний хатуу бодлогоор эдийн засгийг аргацаах нь буруу хэмээн хүн бүр л ярих боллоо. Эдийн засагчид Засгийн газар болон Монголбанкнаас мөнгөний хатуу бодлогоор зөвхөн банкны системд мөнгө татах бодлого баримталж буй нь буруу хэмээн хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх цаг хэдийнэ болсныг анхааруулж эхэлсэн. Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх бодлого боловсруулж, Монголын Хөрөнгийн биржийн (МХБ) үйл ажиллагааг дэлхийн жишигт нийцүүлэх эхлэл тавигдаж, Хөрөнгийн биржийн менежментийг дэлхийд томоохонд тооцогдох Хөрөнгийн биржүүдтэй хамтарч ажиллах замаар өөрчлөх тендер зарласан билээ. Харин өнөөдөр Монголын Хөрөнгийн бирж Английн Хөрөнгийн биржийн замаар замнах нь тодорхой боллоо. Үүнийг энэ салбарын мэргэжилтнүүд сайшааж, аливаа алдааг эхнээс нь засах хэрэгтэй хэмээж байгаа юм. Учир нь МХБ 1998 онд нэг сая шахам хувьцаа эзэмшигчийн 1.1 тэрбум орчим төгрөгийг салхинд хийсгэсэн нь монголчуудын хувьцаанд итгэх итгэлийг үгүй хийсэн гэж тэд буруутгадаг. Энэ явдлаас болж үнэт цаасны арилжаа зогсонги байдалд орсон. Нэр хүнд нь унасан, зах зээлд үнэт цаас гаргагч компаниудын хариуцлага суларч брокер, дилерийн компаниуд хаалгаа барин Монгол Улс бүхэлдээ үнэт цаасанд итгэх итгэл алдарч, хөрөнгийн зах зээл зогсонги байдалд орсон гэхэд болно. Тиймээс хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нэгдүгээр алхам хийснийг онцлох нь зүйтэй. Харин хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд ганцхан Хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулаад зогсох нь хангалтгүй, хоёр, гуравдугаар алхам байгааг мартаж болохгүйг цохон тэмдэглэж байгаа юм. Учир нь монголчууд юмыг дутуу хийхдээ гаргуун хүмүүс. Тиймээс үүнийг мэргэжилтнүүд дахин дахин сануулсаар байна. Тухайлбал, өнөөдөр манайд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхээр МХБ-ээс гадна Санхүүгийн зохицуулах хороо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг төрийн болон төрийн бус байгууллагууд ажиллаж байгаа юм. Гэтэл эдгээр байгууллагын үйл ажиллагаа төдийлөн хангалттай бус байгаа учир хөгжиж эхлээгүй хөрөнгийн зах зээлийг дахин дахин эрсдэлд оруулсаар байна. Уг нь 2000 он гарсаар Засгийн газраас үнэт цаасны зах зээл дээр бонд гаргаж хөрөнгийн зах зээлийн нэр хүндийг өсгөх оролдлого хийж эхэлсэн. Тиймээс ч томоохон компаниуд шинээр болон нэмэлт хувьцаа гаргаж, харилцагчдынхаа итгэлд тулгуурлаж хөрөнгө босгон үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн юм. Үүнийг дагаад арилжааны банкууд ч нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт орж эхэлсэн. Тухайлбал, “Зоос”, “Анод” банк хувьцаагаа арилжаалж эхэлсэн нь хөрөнгө хуримтлуулах гэсэн хүмүүсийн анхаарлыг татаж байсан юм. Гэтэл энэ бүх үйл явцыг анхнаас нь баталгаажуулаагүй, нягтлан шалгаагүйгээс болж дээрх банкууд дампуурч, хувьцааг нь худалдаж авсан иргэд хохирогчдын холбоо байгуулах болсон. Ийнхүү СЗХ-ныхон ажлаа хийж чадаагүйгээс болж, хөл дээрээ дөнгөж догонцох төдий байсан хөрөнгийн зах зээлийг дахин өвдөг шороодуулж орхисон билээ. Ийнхүү ажлаа хийж чадахгүй байгаагаас болж Хөрөнгийн биржид бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй брокер, дилерийн компаниудад итгэх иргэдийн итгэл өнөөдөр ч гэсэн дутмаг байгаа юм. Тухайлбал, үнэт цаасны үйл ажиллагаа явуулдаг 50 гаруй брокер, дилерийн компаниас Хөрөнгийн биржийн өдөр тутмын арилжаанд оролцох эрх бүхий 30 компанийн ихэнх нь зөрчилтэй байдаг. Үүнд, үнэт цаасны арилжаанд оролцогч компаниудын хувьцааны ихэнх нь нэгдмэл сонирхол бүхий цөөн хүний гарт төвлөрсөн учир хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй. Мөн арилжаанд зуучлагч брокер, дилерийн компаниуд нь хяналтын орон тооны ажилтангүй, дотоод журамгүй, эрх аваагүй эсвэл ганцхан ажилтантай үйл ажиллагаа явуулж байхад СЗХ-ноос хуульд заасан эрхийнхээ дагуу тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэргээр арга хэмжээ авдаггүй нь аудитын шалгалтаар тогтоогдсон байна. Харин СЗХ-ноос дээрх компаниудад тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулаагүй гэсэн шалтгаанаар л эрх түдгэлзүүлэх арга хэмжээ авдаг жишиг тогтсон гэхэд болно. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх ёстой СЗХ-ныхны ажлын үр дүн хохирогчдын холбоо хэзээ ч хамаагүй үүсч магадгүй эрсдэлийг бий болгосон хэвээр л байна.
Өөр нэг асуудал нь жижиг хувьцаа эзэмшигчид байнга гадуурхагдах нь манайд хэвийн үзэгдэл болсон. Өнөөдөр тэдний эрх ашгийг хамгаалах нь бүү хэл дуу хоолойг нь сонсох газаргүй байна. Тиймээс хөрөнгийн зах зээлийг цогцоор нь хөгжүүлэхийн тулд бага ч гэсэн зүйлийг орхигдуулах ёсгүй юм.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин