Гишүүд шинэ дэг мөрдөж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Гишүүд шинэ дэг мөрдөж эхэллээ

Ш.Сайхансамбуу гишүүнээс бусад нь УИХ дэггүй хуралддагийг хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл, гишүүдэд өмнө нь мөрдөж байсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль хангалтгүй байжээ. Тиймээс ч хоёр жилийн өмнөөс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг бие биенээсээ өрсөн байж өргөн барьсан. Гишүүдийн боловсруулсан дөрвөн хуулийн төслийг нэгтгэж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг санал нэгдсэнээ өнгөрсөн оны отгон чуулганаар хэлэлцүүллээ. Харин УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу “Одоо мөрдөж байгаа хууль яачихаад байгаа юм бэ. Заавал шинэ хууль гаргах шаардлагагүй. Тэгээд ч баталсан хуулиа мөрддөггүй биз дээ” гэж шүүмжилж байв. Хариуд нь хуулийн төсөл санаачлагч, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Одоо мөрдөж байгаа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн тодорхой зүйл заалтад зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа. Ер нь чуулганы хуралдаан даргалагч, гишүүд харилцан эрх, үүрэг хүлээж ажиллах ёстой. Мөн нэг асуудлыг олон дахин ярьж цаг алдахгүй, гишүүдийг ажил хэрэгч байлгах үүднээс хуулийн төсөл санаачилсан. Хуулийн төсөл олон улсын дэг жаяг, мөрддөг хуульд нь ч нийцэж байгаа” гэсэн юм. Э.Бат-Үүл гишүүний хэлснээр парламентын засаглалтай улс орнуудад спикер нь илүү эрх мэдэлтэй байдаг аж. Бүр гишүүддээ сахилгын хариуцлага хүлээлгэдэг, хуралдаанаас хөөх эрхийг эдэлдэг гэнэ. Тиймээс тухайн гишүүний Үндсэн хуулиар олгосон эрхийг ажил хэргийн улмаас хязгаарлах нь хууль зөрчсөн зүйл биш гэдгийг онцолсон.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор УИХ-ын даргын эрх мэдэл тодорхой хүрээнд нэмэгдэх аж. Мөн нэг асуудлыг өдөржин хэлэлцдэг тогтолцоо ард үлдэж, энэ оноос чуулганы нэгдсэн хуралдаан ажил хэрэгч болох боломж бүрдсэнийг гишүүд онцоллоо. Ингээд гишүүд мөрдөх дэгээ улам сайжруулан 80 гаруй хувийн саналаар дэмжлээ. Харин нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулийг УИХ-ын гишүүд, Тамгын газар, байнгын хорооны ажилтнууд судлах хугацаа олгохыг Су.Батболд гишүүн гаргасан. Түүнийхээр гишүүд энэ оны хаврын чуулганы хуралдаанаас эхлэн шинэ дэгээ мөрдөх учиртай аж. Гэвч уг саналыг гишүүд дэмжсэнгүй. Харин 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай шинэ хуулийг дагаж мөрдөхөөр болсон юм. Иймээс гишүүд энэ оны ажлын эхний өдрөөс буюу өнөөдрөөс шинэ дэгээ мөрдөх болов.  УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гишүүдээ танхимаас хөөж гаргахгүйгээ тоглоомоор илэрхийлээд “УИХ-ын тухай болон чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зарчмын чанартай нэлээд өөрчлөлт орлоо. Иймээс гишүүд хуулиа сайн судалж, ажил хэрэг болгож ажиллая. Энэ нь зөвхөн бидэнд биш дараа дараагийн гишүүдэд чухал ач холбогдолтой” гэж онцлов.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж