Жүдочид ”Masters”-ын бэлтгэлдээ гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Жүдочид ”Masters”-ын бэлтгэлдээ гарлаа

Олон улсын жүдо бөхийн холбооны 2011 оны анхны томоохон тэмцээн болох “World Masters” тэмцээн энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо болох билээ. Жин жингийн шилдэг 16 жүдоч оролцдог тус тэмцээнд манай зургаан жүдоч оролцох эрхтэй болоод байгаа. Тэднээс гадна гурван жүдоч шилдэг 16-гийн халз тулаанд өрсөлдөх боломжтой байгаа юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д дэлхийн чансааг манлайлж буй Х.Цагаанбаатар, мөн 66 кг-ын жинд тавдугаарт бичигдсэн С.Мияарагчаа нараас гадна Г.Болдбаатар /эрэгтэй, 60 кг/, С.Ням-Очир /эрэгтэй, 73 кг/, М.Бундмаа /эмэгтэй, 52 кг/, Ц.Мөнхзаяа /эмэгтэй, 63 кг/ нар Хятадад болсон гран-при тэмцээний дараачаар шинэчлэгдэн гарсан чансааны жагсаалтад жингийнхээ ангилалд шилдэг 16-д багтаад байна. Харин 60 кг-д Д.Төмөрхүлэг, -100 кг-д Б.Тэмүүлэн нар чансаагаараа 17 дугаар байрт, харин эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг 18 дугаар байрт эрэмбэлэгдсэн бөгөөд өмнө нь байгаа тамирчдаас ямар нэг шалтгаанаар тэмцээнд оролцохгүй тохиолдолд манай жүдочид шилдэг 16-гийн халз тулаанд зодоглох боломжтой.

2010 оныг амжилт дүүрэн үдэж, оны өмнө шилдгүүдээ тодруулсан жүдочид шинэ оны гараагаа амжилттай эхлүүлэхээр өнөөдрөөс эхлэн бэлтгэлдээ гарч байна. 2012 оны зуны XXX олимпийн наадам хаяанд ирсэн учир 2011 он жүдочдын хувьд чухал он жил байх учиртай. Тийм ч учраас олон уралдаан, тэмцээнд оролцож, олимпийн эрхээ оноо цуглуулах жүдочид маань оны эхнээс бэлтгэлээ шаргуу хийж эхэлжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж