Дакар раллигийн эхний гараанд Сайнс тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Дакар раллигийн эхний гараанд Сайнс тэргүүлэв

Аргентиний нийслэл Буэнос-Айрос хотоос гараагаа хийсэн Дакар ралли-2011 уралдааны эхний гараа өндөрлөж, автомашины ангилалд өнгөрсөн жил аваргын цом хүртэж байсан Карлос Сайнс тэргүүллээ. Шинэ оны эхний өдөр нийт 407 оролцогч Буэнос-Айросоос хөдөлж, Викторияг зорьсон бөгөөд тэндээс албан ёсоор уралдаан эхэлж, Кордоба хүртэл нийт 222 км зайд уралдсан байна. Хэдийгээр цаг агаарын нөхцөл байдал тааламжгүй байсан ч Испанийн тамирчин Карлос Сайнс нийт замаа хоёр цаг, 18 минут, 32 секундэд туулж, хамгийн түрүүнд бариалсан бол Францын Стефан Петерансель түүнээс нэг минут, 31 секундээр хоцорч, барианд оржээ.

Өдгөө 48 настай Сайнс уралдааны дараа “20 км орчим зайг туулах үед хүчтэй бороотой байлаа. Зам сайн харагдахгүй хүндрэл үүссэн. Үүгээр ч зогсохгүй машины маань шил арчигч гэнэтхэн ажиллахаа больчихсон. Гэхдээ энэ хүнд өдөр дуусч, ялагч болсонд баяртай байна” хэмээн ярьжээ.

Хоёрдугаарт бариалсан Петерансель Дакар раллиг Хар тив зохиогддог байх үед автомашины ангилалд гурван удаа, түүний өмнө мотоциклийн ангилалд таван удаа түрүүлж байсан туршлагатай нэгэн юм. BMW багийг төлөөлөн уралдаж буй тэрбээр эхний гараанд багийнхнаасаа хамгийн өндөр амжилт үзүүлсэн бол Volkswagen-ы дөрвөн тамирчин эхний таван байрт шалгарсан байна. Дашрамд сануулахад, автомашины ангилалд нийт 107 оролцогч өрсөлдөж байгаа юм. Эхний гараанд эхний 10 байрт орсон тамирчдыг танилцуулъя.

Дакар раллигийн эхний гараа (автомашины ангилал):
1.    Карлос Сайнс – Volkswagen
2.    Стефан Петерансель – BMW
3.    Нассер аль-Аттияа – Volkswagen
4.    Марк Миллер – Volkswagen
5.    Гиниель де Виллиерс – Volkswagen
6.    Кшиштоф Холовчик – BMW
7.    Орландо Терранова – BMW
8.    Робби Гордон – Hummer
9.    Гуильерме Спинелли – Mitsubishi
10.    Леонид Новицкий – BMW

Дакар ралли 2011 уралдааны эхний гараанд мотоциклийн ангилалд Францын Сайриль Деспре, ачааны машины ангилалд ОХУ-ын Владимир Чагин, харин дөрвөн дугуйтын төрөлд Чехийн Жозеф Мачачек түрүүлсэн байна.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь гараа болох бөгөөд оролцогчид Кордобагаас Сан Мигуэль де Тукуман хүртэл уралдана. Нийт 13 гарааны туршид тамирчид 9500 км замыг туулж, тэмцээний ялагч энэ сарын 15-нд тодрох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж