
Салаа хархан үсэнд нь цагийн хяруу унаагүй, сайхан чилгэр нуруу нь бөхийж нугараагүй, саалийн үнэртэй дээлийнх нь үнэр арилаагүй, санаж бэтгэрсэн хайранд нь үүлэн сүүдэр дайраагүй буурай ижийгээ би дурсан санаж сууна. Хоёрхон арваны өмнө буурай ижий минь яг л ямар байсан тэр л хэвээрээ. Миний л төлөө хорвоод ирж, надаар л амьдралынхаа утга учрыг хийж явсан, аарцаг бор толгод шиг болтлоо намхарсан миний муу ижий. Унаж өгсөх амьдралд “Яах вэ, охин минь алдвал алдаа л биз. Онох цаг гэж бас бий” гэх урам хайрласан ухаарлын үгээрээ богинохон бодлыг минь тэтгэдэгсэн.
Он цагийн эрхээр… он цагийн ч гэж дээ. Тэр бурхан хүн миний ижийг, дараа нь намайг өсгөх гэж, хүний зэрэгт хүргэж, гарыг минь ганзганд хөлийг минь дөрөөнд хүргэх гэж өдийг хүрэхдээ байгаа бүхнээ надаас харамлаагүй. Тэгш чилгэр нурууг нь би л бөгтийлгөж, сүмбэн сайхан хурууг нь би л моонийлгож, тас хархан үсэнд би л цагийн он тоос буулгасан.
Тийм ээ. Тэр он цаг нь би. Эрх заяагаараа хатуурхаж өширхсөн тэр он цаг чинь би. Буурай ижийнхээ нас буянаар жигүүр хийн амьдрал хэмээх огторгуйд бусдын буян сэхээрлийг үл тоомсорлон дураар цэнгэгч тэр шувуухай чинь би. Сайн сайхан бүхнийг нь өөрөө л авсан хэрнээ эдүгээ навсгар бор гэрийнх нь зууханд өвдөг бохирдуулан суулгаж, ганц домбохон бүгээн цайг нь залгуулж, хатуурхан яваа нүгэлтэн нь би.
Тэглээ гээд буурай ижий минь ганц ч өргөст үг надад хэлж үзээгүй. Ийм их нүглийн өмнө голдоо ортлоо гомдмоор атал тэгээгүй ээ, миний буурал. Тэнүүн энгэртээ ертөнцийн хамгийн сайхан бүхнийг тэвэрч байгаа юм шиг миний муу охин гэсээр тэвэрч үнсдэг. Аяа, энэ аугаа бүхний өмнө хүн бид чинь ямар өчүүхэн ч амьтас вэ дээ.
Тэнгэр уйлагнасан намар оройн жихүүн үдшүүдэд буурай ижий минь шар тос самарсан хийцтэй шаргал цайгаа уудалж ойр зуурыг хүүрнэх дуртай. Олон ч бүрхэг саарал үдэш бид хоёр ингэж хуучилж суусан даа. Үлгэр домог, эцэг өвгийн тухай сонин хачин хууч яриа заримдаа үүр цайтал үргэлжилнэ. Хэчнээн сайхан гээч.
Тэр болгон нь надад ухаарал өгнө. Уул усны маань тухай, ширхэг чулуу, мод, мяралзах өчүүхэн горхи хүртэл амьтай гэж сургана. Хийцтэй цайны аагинд духных нь хөлс дааварласан ижий яриандаа улайрчихсан эгээ л өөрөө үзчихсэн юм шиг дүрсэлж ирээд л ярина гээч. Аргаар болдоггүй орчлонд алдаж эндээд ирэхэд аашлаж, зэмлэхийн оронд алгадаад авах шиг аугаа үгээрээ ухаарал хайрлаж, уужуу хэлдэгсэн. Одоо хэр нь ухаарал хайрласан утга төгөлдөр намуухан яриа нь ухаан санаанаас минь сонсогдсоор.
Ижий нь хүүгээ мэхээрийн оготны хөеө хураагаад ир гэж хэлээд явуулсан гэдэг. Гэхдээ хөеө олмогцоо дөрөв хуваагаад зөвхөн нэгийг нь аваад л үлдэх гурван хэсгийг нь буцаагаад хийгээрэй гэж захиж л дээ. Хүү ч уухайн тас дэгдэж одвоо. Тэр өдөржин л хонинд явахын хажуугаар мэхээрийн оготны хөеөг хоосолж гарлаа. Олон ч оготны хөеө хоосоллоо. Бялууртлаа идэж аваад л үлдснийг нь шууд л хүүдийлнэ.
Үдэш нь хоёр ч хүүдий дүүрэн мэхээр түүчихсэн ирлээ. Ээж хараад нэг их баярласангүй. Хүү ч гайхлаа. Гэтэл ээж үг дуугүй унинд хавчуулсан чөдрийг шүүрч аваад хүүг баруун солгойгүй ороолгож гарч гэнэ. “Больё оо, байя аа. Би бүгдийг нь аваагүй ш дээ. Үлдээсэн” гээд л хүү ч бархираад байж. Ээж улам уурлан “Бас худлаа хэлнэ гэнэ ээ. Өвөлжин үр зулзагаа тэжээх хоол, хүнсийг нь хуу хамчихаад, худлаа яриад зогсч байна гэнэ ээ, айн. Эх амьтас зулзагаа тэжээж чадахгүй болохоор хялганаараа өөрийгөө боомилчихдог юм. Яасан цэвдэг амьтан бэ” гээд л нөгөө чөдрөөр чинь үг сүггүй ороолгоод л байсан аж.
Тэр өдөртөө ижий нь хүүгээ дагуулан өөрийн гараар нөгөө хөеөгөө хоослуулсан огтонуудыг үүрэнд мэхээрийг тарааж. Бүр нар жаргаж, үдшийн бүрий болж, шөнийн од гялалзтал шүү. Гэхдээ л хэдийн хожимдсон байж.
Хэд хоногоос гэрийнх нь эргэн тойрон, хонины бэлчээрт хялганаар өөрийгөө боомилж үхсэн өдий төдий оготоно байсан юм гэсэн. Хөөрхий эх оготнууд үр зулзагаа тэжээж, тэтгэх хүч нь хүрэхгүйгээ мэдэхдээ ингэж хялганаар өөрийгөө боомилж үхдэг юм гэж ижий минь тэр шөнө надад хэлж билээ. Би ингэж л буурай ижийдээ анх удаа ухаанаар зодуулж, алив амьтанд хатуу цэвдэг хандах нь ямар аймшигтай байдгийг мэдэрсэн юм. Буурай ижий минь энэ түүхийг ярихдаа үе үе яриагаа таслан бодолхийлж, санаа алдан зовниж суусансан.
Үгүй, нээрээ бид чинь ижий шигээ ингэж гэмшсэн нь олон болов уу. Хөх уулсын онь хөтөл сэтэртэл саравчилж, сэмжин үүлсийн магнай зөөллөн мэнд амрын цацлаа өргөн, алсын зэрэглээ цайран уустал санаа алдах буурайгаа би баярлуулж чадсан болов уу.
Болохоос болохгүйг хийхдээ энэ хүн шиг бодол болон санааширдаг бил үү.
Цасан мөс гялалзсан нутгийн уулсынхаа оргилыг будан суутал харуулдахад нь эвий муу буурайдаа би яарсан бил үү.
Аливаа амьтны эх гэдэг юутай ариун дагшин бэ. Ариун дагшны үргэлжлэл болох ижийнхээ ачийг бид хичнээн ч бага санадаг юм бэ. Өнгөрсний гэгээн сайхан үргэлжлэл болж ирээдүйдээ гэгээн сайхныг цогцлоогч энэ эх хүн хэчнээн аугаа тэнгэрлэг нэгэн бэ. Сайн сайхан бүхнийг нь өөрөө л авсан хэрнээ эдүгээ навсгар бор гэрийнх нь зууханд өвдөг бохируулан суулгаж, ганц домбохон бүгээн цайг нь залгуулж хатуурхан яваа нүгэлтэн нь би.
Ийм их нүглийн өмнө голдоо ортлоо гомдмоор шүү дээ. Тэгээгүй ээ, миний буурал. Тэнүүн энгэртээ ертөнцийн хамгийн сайхан бүхнийг тэвэрч байгаа юм шиг миний муу охин гэсээр тэвэрч үнсдэг. Аяа энэ аугаа хүмүүсийн өмнө хүн бид чинь ямар өчүүхэн ч амьтас вэ дээ.