Дэлхий 2011 оноо угтан баярлажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Дэлхий 2011 оноо угтан баярлажээ

Дэлхийн таван тивийн ихэнх орнууд шинэ оноо угтан уламжлалын дагуу салют буудуулах болон үндэстэн болгоны онцлогтой бусад баярын арга хэмжээг зохион явуулжээ. Харин Египет, Нигери улсын хувьд алан хядагч этгээдийн зэвсэгт халдлагад өртөж, хүний амь нас эрсдсэн хэрэг гарсан байна.

Цас мөсөнд дарагдасны дараа  дөнгөж амсхийж эхэлсэн Нью Йорк хотын 1 сая гаруй иргэд Times Square хүрээлэнгийн эргэн тойронд цуглаж, хуучин оны үлдсэн хэдхэн мөчийг үдэн өнгөрөөж, шинэ 2011 оноо угтжээ.

Он тооллын цагийн хуанлийн хуудас шинээр  солигдох мөчийг үдэн өнгөрөөх талаар дэлхийд алдартай тус хотынхон энэ жилийн хувьд зургаан тн. жинтэй 32256 анивчсан гэрэлтэй, 2688 зүймэл болороос бүрдсэн шилэн бөмбөлөгийг аажмаар унаган доошлуулсан үзүүлбэрээр бэлэг барьжээ.

Бразил улсын Рио де Жанейро хотын Копакабана далайн эргийн шарлагын газарт 2 сая бразилчууд цуглаж, 2016 онд тус хотод болох Дэлхийн Олимпийн наадмыг угтан, салют буудуулах шоу наадам зохион явуулсан байна.

Далайн эрэг дахь наран шарлагын элсэн дээр хуран цугларсан иргэдэд 2016 оны Олимпийн наадмын асар том лого тэмдгийг анх удаа дэлгэн харуулжээ. Олимпийн наадмын таван өнгийг агуулсан гурван хүний дүрс бүхий тэмдэг нь эв нэгдэл, биеийн хөдөлгөөний утга агуулгатай ажээ.

Париж хотын Элисейн талбайд 100000 хүн цуглаж, хахир хүйтнийг үл тоомсорлон бие биеэ үнсэн баяр хүргэж, шинэ оноо угтсан аж.

Вена хотод 700000 хүн түүх дурсгалын газруудад цуглаж, шинэ оноо угтсан бол английн Лондон, Эдимбург хотын мянга мянган хүн гудамж талбайд гарч, шинэ оноо угтан баярлажээ.

Испанийн Мадрид хотын олон мянган иргэд Пуэрто дел Сол хэмээх талбайд цугларч, он цагийн хуанлийн хуудас солигдох мөч ирэх тэр агшинд 12 усан үзмээ идэхээр тэвчээртэй хүлээжээ. Мөн испанийн тамхичид сүүлчийн боломжоо ашиглан бар, ресторан зэрэг олон нийтийн хуран цуглардаг газар “шаваа ханатал” тамхи татаж авсан байна. Учир нь 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон хууль хэрэгжиж  эхлэх юм байна.

Балти тэнгисийн бяцхан орон Эстон улс сүүлийн үед Грек, Ирланд улс өр зээлийн хямралд орж буйг сэтгэл түгшин харж, европ тивийн еврозоны мөнгөн тэмдэгтийн бүсэд нэн яаралтай орохоо яаравчлан шинэ оноо угтсан байна.

Дэлхийн хамгийн өндөр цамхаг болох Дубай улсын Бурж Халифа шөнө дундын үед бүх гэрэлтүүлгээ асаан өнгө өнгийн гэрэл цацруулан цугласан олныг баясгасан ажээ.

Ази, Номхон далайн бүс нутагт  ч шинэ оныг баяр баясгалантай угтжээ. Австрали улс газар нутгийн байрлалын хувьд шинэ оныг угтах анхны улс болох аз тохоожээ.

Австралийн алдарт Harbour гүүрийн орчинд 1,5 сая иргэд цугларч, шинэ оноо угтжээ.

Номхон далайн 6000 хүн амтай Киривати ольтрогийн хувьд сүжиг бишрэл ихтэй иргэдтэй орны хувьд бүх иргэд нь сүм хийдэд очиж, залбирал мөргөл үйлдэн шинэ оноо угтсан байна.

Ази тивийн  хувьд  Хонг Конгийн 400000 иргэн шинэ жилээ угтаж, өнгө өнгийн салют буудахыг сонирхон үзсэн бол японы сая сая иргэн шинто мөргөлийн сүмд очиж, өөрийгөө “ариусгах” мөргөл үйлджээ.

Эх сурвалж: AFP

Бэлтгэсэн Д.Пунцаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж