Испанид тамхидалтын эсрэг хууль хэрэгжиж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Испанид тамхидалтын эсрэг хууль хэрэгжиж эхэллээ

Испани улсад тамхидалтын эсрэг хууль үйлчилж эхэллээ. Европын орнууд дундаа хатуухандаа орох Испанийн тамхины эсрэг хуулиар томоохон шөнийн клубууд болон зоогийн газруудад тамхи татахыг хоригложээ. Түүнчлэн телевиз, эмнэлэг, сургууль цэцэрлэгийн тоглоомын талбайн орчимд тамхи татахыг хориглосон байна.

Одооноос хэрэгжиж эхлээд буй тамхидалтыг хориглох тухай хуулийн төслийг анх 2006 онд танилцуулсан ч Испани улсын шөнийн цэнгээний газар, кафе, рестораны эзэд бизнест нь харшлах уг хууль батлахыг эсэргүүцэн, гомдол, санал гаргасаар байжээ. 2006 онд анх танилцуулсан хуулийн төслөөр ажлын байран дээр тамхи татахыг хориглосон ч шөнийн цэнгээний газрууд болон зоогийн газруудыг тамхины эсрэг уг хуулийг дагаж мөрдөх эсэхийг нь тэдэнд сонголт болгосон тул дийлэнх нийтийн үйлчилгээ эрхлэгчид дотоод журмандаа тамхидалтын эсрэг ямар нэг хориг тавиагүй байна. Харин томоохон зоогийн газар, шөнийн клубуудэд тамхи татах тусгай талбай гаргахыг үүрэг болгожээ.

Испанийн эдийн засгийн хямралаас болж ашиг орлого нь аль хэдийн буурч эхлээд байгаа үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчид тамхидалтыг хоригловол орлого нь дахин 10 хувиар буурч болохыг мэдэгдсэн байна. Гэвч шинэ журам хэрэгжсэнээр тамхичдыг тамхиа хаяхад тус дөхөм болно гэж эмч, эрүүл мэндийн ажилтнуудын үзэж байгаа ба өдөр тутам 160 орчим Испани иргэн тамхитай холбоотой өвчнөөр нас бардгийн зэрэгцээ тэдний дөрөв нь дам тамхидалтаас болж амь насаа алддаг ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж