Булганчууд оны онцлох үйл явдлаа нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Булганчууд оны онцлох үйл явдлаа нэрлэлээ

Аймгийн Засаг даргын тамгын газраас 2010 оны онцлох үйл явдлыг нэрлэлээ. Энэ талаар хөдөөгийн нийт сум, мөн аймгийн төвийн албан байгууллага, ард иргэдийн төлөөллийн саналыг авч Засаг даргын зөвлөлд танилцуулсны үндсэн дээр дараахь 10 ажлыг сонгон авсан байна. Үүнд

 1.ЦОГЦ БОДЛОГО

Ерөнхийлөгчийн тамгын газар, ШУА-ын харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнтэй гэрээ байгуулж цогц бодлого боловсруулах төслийн багт эрдэмтэн доктор, төр нийгмийн ажилтнуудыг оролцуулан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, УБ хот дахь аймгийн нутгийн зөвлөл, уугуул эрдэмтэд, аймгийн удирдлага мэргэжилтэн нарын оролцоотойгоор боловсруулсан. Цогц бодлого боловсруулах асуудлыг судлах, хэлэлцүүлэх ажлыг хоёр жил  шахам хугацаанд хийж найман үндсэн бүлэгтэй боловсруулав. Энэхүү бодлогод аймгийнхаа хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн давуу болон сул талуудад дүгнэлт хийж эрхэм зорилго, алсын хараа, тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойллоо. Цогц бодлогыг хэрэгжүүлэх ажлыг 2010-2021 он хүртэлх хугацаанд хоёр үе шатаар зохион байгуулна.  

2 ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ЭХЛЭЛ

Булган хотыг найдвартай дулааны эх үүсвэрээр хангахын тулд дулааны станц барихаар шийдвэрлэж тендер зарлан Улаанбаатар хотын “Сэлэнгэ констракшн” компанийг шалгаруулсан юм. Станцыг тэд өөрийн хөрөнгөөр барихаар ажлаа эхлэх бэлтгэл хийж байна. Энэхүү станцыг халаалтын төвлөрсөн шугам сүлжээнд холбоход шаардагдах  585,3 сая төгрөгийг улсын хөрөнгө оруулалтаас гаргахаар төсөвт тусгууллаа. Энэ ажлын дүнд аймгийн төвийн албан байгууллага, нийтийн эзэмшлийн байрны айл өрх дүн өвөл болохоор даарч зутардаг бэрхшээлээс ангижирч, мөн хэрэглэгчид байнгын халуун хүйтэн усаар хангагдана

3. ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭР

Хялганат тосгонд шахмал түлшний үйлдвэр шинээр байгууллаа. Энэ үйлдвэр нь орон нутагтаа ажилладаг модны үйлдвэрүүдээс гарсан үртсийг ашиглаж тусгай технологи, төхөөрөмжөөр хоногт 10-12 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай. Шахмал түлш нь утаа багатай, илч сайтай тул хэрэглэгчдийн талархал хүлээж байна. Үйлдвэр байгуулснаар тус тосгоны 40 гаруй хүн байнгын ажлын байртай боллоо. 500-600 тн шахмал түлш үйлдвэрлэж зах зээлд нийүүлсэн, Улаанбаатарын утааг багасгахад ашигтай гэж үзсэний үндсэн дээр нэлээд хэмжээгээр авах болжээ. Мөн Бугат суман хоногт 4 тонн шахмал түлш гаргадаг үйлдвэр ажиллаж байгаагийн дээр Гурванбулаг, Рашаантаас ирүүлсэн төсөлд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл олгосноор үйлдвэрлэлээ явуулж бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхлээд байна.

4. БЯСЛАГНЫ ҮЙЛДВЭР

Хишиг-Өндөр суманд “Дархан тариа” ХХК францын технологиор бяслаг үйлдвэрлэж эхэллээ. Энэ үйлдвэр нь сүүгээ хүлээн авч хадгалах, ээдүүлж боловсруулах, хэвлэж хэрчих зэрэг олон тоног төхөөрөмжтэй. Бяслагийг монгол уламжлалт аргаас гадна олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэж улмаар гадаад гаргах боломж бүрдэж байна. Үйлдвэр байгуулахад францын талаас  450 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж аймгаас 30 сая төгрөгийн хөнгөлөлтэй зээлээр дэмжсэн байна. Мөн энэ үйлдвэр нь гүүний саамыг хуурайшуулан үйлдвэрлэхээр тоног төхөөрөмжөө сууриллуулжээ.

5. ЗАСМАЛ ЗАМ  АШИГЛАЛТАД ОРЛОО

Тус аймагт улсын болон орон нутгийн чанартай 2,8 мянга гаруй км зам байдаг. Өнгөрч байгаа онд Булган-Уньтын 60, Дашинчилэн-Өгий нуурын 50, аймгийн төвд нэг км засмал зам ашиглалтад орлоо. Ийнхүү шинээр 111 км ашиглалтад орсноор аймгийн хэмжээний нийт замын есөн хувийг засмал зам эзлэх болж бараг 1,5 дахин нэмэгдлээ. Эдгээр замыг “Насны зам”, “Бэрх зараа”, “Булган АЗЗА” компаниуд технологийн дагуу чанарын сайн үнэлгээтэй гүйцэж тээврийн хэрэгсэл эзэмшигчид болон иргэд тавтай зорчих боломж бүрдэж байна

6. СУРГАЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

Аймгаа хөдөө аж ахуйн загвар аймаг болгох зорилт тавьж бодлогын олон арга хэмжээ авч байгаагийн дагуу орон нутагтаа хөдөө аж ахуйн мэргэжилтэй ажилтан бэлтгэх МСҮТ байгууллаа. Хичээлийн байрыг барихад 500 сая, оюутны дотуур байрыг барихад 400,0 сая, сургалтын тоног төхөөрөмжөөр хангахад 95,0  сая төгрөгийн   хөрөнгө оруулалт хийсэн энэхүү төв 120 гаруй оюутан элсүүлэн, сургалт хүмүүжлийн ажлаа явуулж эхэллээ.  Сургалтын тоног төхөөрөмж, оюутны хоолны хоолны газрын иж бүрэн тоноглол, өрөө тасалгааны эд хогшлоор бүрэн хангажээ. Нийт 15 анги танхимтай, үүнээс онолын 4, дадлагын 4 кабинеттай. Цаашид зөвхөн Булган аймагт төдийгүй хангайн бүсийн хэмжээнд ХАА-н мэргэжилтэй ажилтан бэлтгэж мөн АНУ-ын Юта мужийн ХААИС-тай шефийн харилцаа тогтоон ажиллана.

7. ХӨДӨӨГИЙН  АНХНЫ ЗАГВАР СУРГУУЛЬ
 
Улсын хэмжээний 370 гаруй сумаас анх удаа тус аймгийн Дашинчилэн сумын дунд сургууль “Үдийн хоол”-ны загвар сургууль боллоо. Нэг ээлжиндээ 100 хүүхдэд халуун хоол, цайгаар үйлчлэх  хүчин чадалтай энэ төслийг БНСУ-ын “WITH” байгууллага ШУТИС-ийн Хүнсний биотехнологийн сургуулийн “Шим тэжээл” төвтэй хамтран өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүллээ Төрөл бүрийн хоол хийх тоног төхөөрөмж, хүүхэд хооллоход зориулсан ширээ сандал, аяга таваг, халбага сэрээ зэрэг зүйлээр бүрэн хангажээ. Үүний дүнд Засгийн газраас сургуулийдын “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгох зорилтыг тус сургуульд үлгэр жишээ  болох түвшинд хэрэгжүүлэх нөхцөл бүрдлээ
.
8. МУЗЕЙ, СОЁЛЫН ТӨВ
 
Ашиглалтгүй байсан кино театрын барилгыг аймгийн алдартнуудын музей, Булган сумын соёлын төв болгохоор шийдвэрлэсэн юм Энэ дагуу улсын төсвийн нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар өргөтгөн хоёр давхар болгон барьж ашиглалтад орууллаа. Оны зааг дээр хаалгаа нээж шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулан анхны үйлчилгээгээ эхэлсэн энэ алдартны музей, соёлын төв нь 20 шахам өрөө тасалгаатайн дотор урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах 220 хүний суудалтай үйлчилгээний том танхимтай. Нэг давхарт хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, интернэт кафе, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон төрөл бүрийн урлагийн дугуйланг хичээллүүлэх танхимуудтай. Шинээр нэмж барьсан хоёрдугаар давхрыг аймгийн алдартан, анхдагчдын ордон болгоно. Энд хүндэтгэлийн танхим, 17 сумын танилцуулга бүхий галерей  байрлуулна

9. Гамшиг хохиролыг саармагжуулсан

Өнгөрч байгаа он цастай шуургатай, цантай жавартай байсны улмаас 260 гаруй мянган малаа нүд аниулж, 120 орчим өрх айл хоттой малынхаа тал хувийг хорогдуулж 50 шахам айл өрхийн хашаа малгүй болсон нь үнэхээр гамшиг байлаа. Үүнээс ч их гарз хохирол учрах байсныг аймгийн төр захиргааны байгууллагын авсан арга хэмжээ, малчин түмний шургуу хөдөлмөрийн үрээр сааруулж чадсаныг оны онцлох үйл явдлаар олон нийт нэрлэлээ. Ийм үр дүнд хүрсэн нь  аймгийн онцгой комисс 3 удаа хуралдан цагийн байдалд дүгнэлт хийсэн, ажлын хэсгийг хэд хэдэн удаа гарган ажиллуулсан,  газар дээр нь олон асуудлыг шийдсэн, нөхцөл байдлаа дээд шатанд танилцуулан дэмжлэг авсан, малчдад туслах хөдөлгөөнийг орон нутагт өрнүүлсэн зэрэг олон ажил үр дүнгээ өгсөн гэж үзэж байна. Эдгээр ажлын дүнд малчдад туслах хөдөлгөөнөөр 24 сая гаруй төгрөг хуримтлуулж. “Тогтвортой амьжиргаа-2” төслөөс 50 сая төгрөг, ”Дэлхийн зөн” ОУБ-гаас 3 удаа 80 мянга гаруй доллар, ОХУ, Хятад, туркээс өвс тэжээл, бараа материалын хандив, УИХ-ын гишүүдээс дэмжлэг авснаар тулгарах бэрхшээл, учрах хохирлыг сааруулах боломжийг бүрдүүлсэн байна

        10. “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”

Өнгөрч байгаа он бол хүн ардын эрүүл мэндийн талаар авах арга хэмжээг ихээхэн өргөтгөсөн ажил үйлсээр дүүрэн байв. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт заасны дагуу 2010 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болголоо. Жилийн ажлын удирдамж төлөвлөгөөнд тусгасан олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүллээ. Сар бүр тодорхой чиглэлийн ажил зохион байгуулж ажилласан. Ажлын явцтай танилцан туслан зөвлөсөн Аймгийн ЗДТГ, агентлаг,  байгууллагууд  нийт 13, сумын ИТХ, ЗДТГ-аас хоёроос гурван болзолт уралдаан   зарласан ажлыг ихээхэн идэвхжүүлсэн байна. Сум, байгууллагууд зохион байгуулсан ажлаа “Аялах дэвтэр”-т бичин түүх болгон үлдээлээ   

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж