хуучин оны зааг дээр дэлхий нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрч
буй оны онцлох үйл явдлуудыг нэрлэдэг уламжлалтай. “News” агентлаг
“Ардын эрх сонин” шинэ жилийн эхний өдрийн дугаартаа улирч буй оны
онцлох үйл явдлуудыг нэрлэж байна. Бид үүгээр дэлхийн дахины анхаарлыг
татсан таван үйл явдал болон, Монгол Улсад онцолсон таван үйл явдлыг
нэрлэж байна.
МАХН нэрээ солив
Монголын
улс төрийн ууган нам МАХН нэрээ сольж, МАН-ыг байгуулав. Тус намын
удирдлагууд 2010 оны зун “Нийгмийн шинэчлэл” аяныг орон нутагт зохион
байгуулж, уг аяны хүрээнд намын нэр солих асуудлыг анхан шатныхаа үүр
хороодын дунд хэлэлцүүлсний дараа МАХН-ын Удирдах зөвлөлөөс уг
шийдвэрийг гаргасан билээ. Хэдийгээр намын нэрийг солих талаар маргаан
дэгдэж байсан ч өнгөрөгч аравдугаар сард МАХН-ын Бага хурлаар намын нэр
солих асуудлыг хэлэлцүүлэхэд Бага хурлын 200 гаруй гишүүний зургаагаас
бусад нь Удирдах зөвлөлийн энэ шийдвэрийг хүлээж авсан билээ. Харин Бага
хурлын шийдвэрийг намын Их хурлаар батламжилсний дараа цөөнх болсон
гишүүд МАХН-ын нэр, билэгдлийг хэвээр нь авч үлдэхээр Улсын дээд шүүхэд
өргөдөл гаргаад байгаа. Цөөнхийн энэ байр суурийг илэрхийлэгч нь УИХ
дахь МАХН-ын бүлгийн гишүүн Ц.Шинэбаяр болж байна. Түүнчлэн
намын Бага хурал дээр намынхаа удирдлагуудын шийдвэрийг эсэргүүцэж,
эсрэг санал өгсөн зургаан хүний нэг, МАХН-ын дарга, Ерөнхий сайд,
Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАХН-ын түр штабынхныг дэмжиж байгаа.
Намынхаа удирдлагуудын гаргасан шийдвэрийг эсэргүүцэн түр штаб
байгуулсан Ц.Шинэбаяр, Н.Удвал нарын нөхдүүдийг МАН-ын гишүүнээс хассан
шийдвэрийг намын Ес зүйн хорооноос гаргасан авч “эсэргүү”-нүүд “МАХН-ын
гишүүдэд МАН-ын шийдвэр хамаагүй” хэмээн зарлаж, үйл ажиллагаагаа улам
идэвхижүүлэхээ мэдэгдээд байгаа. Хэдийгээр 90 жил нэг туг далбаан дор
явж ирсэн ууган намд хагарал гарч, хоёр хэсэгт хуваагдсан ч, улс төрийн
нөлөө бүхий хүчнүүдийн нэгийн хувьд өөрчлөлт хийж эхэлсэн энэ алхмыг
“Ардын эрх” сонин 2010 оны улс төрийн онцлох үйл явдлаар нэрлэж байна.
Тавантолгойг түшиглэн 15 тэрбум хувьцаа гаргана
Өмнөговь
аймгийн нутагт орших Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн “Эрдэнэс
Тавантолгой” компани байгуулж, нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргахын
10 хувийг иргэдэд эн тэнцүү эзэмшүүлэх шийдвэрийг Засгийн газар
өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд гаргасан юм.
Харин оны эхэн үед
Тавантолгойн ордыг ашиглах асуудал дээрхээс өөр шийдэлтэй байв.
Нийтдээ 6.4 тэрбум тонн нөөцтэй гэх уг ордыг Засгийн газар бүхэлд нь
гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран эзэмших тухай улс төрийн шийдэлд
хүрч, улмаар хөрөнгө оруулагчийн тендер зарлаад байсан юм. Энэ
нь олон нийтийн, тэр дундаа Монголын бизнесменүүдийн ашиг сонирхол,
санаа бодолд нийцээгүй бөгөөд тэд Засгийн газрын байр суурийг
эсэргүүцэн тэмцэл өрнүүлсэн юм. Үүний үр дүнд Засгийн газар гадаадын
хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийг цуцалж, УИХ Тавантолгойг эзэмших
асуудлаар тогтоол гаргав. Уг тогтоолоор Тавантолгойн ордыг түшиглэсэн
хувьцаат компани байгуулах, иргэн, дотоодын аж ахуйн нэгжүүдэд хувьцаа
эзэмшүүлэх эрх зүйн үндсийг бий болгосон юм. Тавантолгойн ордтой
холбогдох бас нэг дуулиан нь уг ордын дөрвөн хувьд Ухаахудагийн уурхайг
эзэмшдэг “Энержи Ресурс” компани нэр бүхий компаниудтай хамтран
“Mongolian Mining Corporation” нэрээр Гонгконгийн бирж дээр хувьцаа
гаргаж 680 сая ам.доллар босгосон явдал байлаа. Ухаахудагийн уурхайн
нөөцөд тулгуурлан гаргасан хувьцааныхаа 25 хувийг арилжсанаас дээрх
хэмжээний хөрөнгийг босгосон юм.
Тавантолгойн ордын төрийн
мэдэл дэх 96 хувийг эзэмших “Эрдэнэс Тавантолгой” компани орд газрын
нэг хэсэг дээр хувьцаа гаргах бол нөгөө хэсгийг гадаадын хөрөнгө
оруулагчидтай хамтран эзэмших юм. Өнгөрсөн оны турш энэ орд газартай
холбоотой шийдвэр болгон олон нийтийг хамарсан дуулиан болж байсан ч
ойлголтууд нь нэг мөр болж цэгцэрч чадаагүй нь сонин. Уг ордыг
эзэмших “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн Төлөөлөн Удирдах
Зөвлөлийг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар даргалж буй бөгөөд
Гүйцэтгэх захирлаар нь Австралийн мэргэжилтнийг томилохоор болоод
байгаа юм. Мөн уг орд газартай холбоотой орооцолдсон асуудлуудын тоонд
цуцлагдсан, зарлагдсан тендерүүдийг нэрлэх нь зүй байх. Одоо уг орд
газартай холбогдох хөрөнгө оруулагчийн, олборлогчийн гэсэн хоёр тендер
ид үргэлжилж байна.
Мэргэжлийн сумо Асашёорюүгүй боллоо
Монголын
спортынхон улирч буй онд халгиж цалгисан ялалтаар дүүрэн байлаа.
ОУОХ-ноос анх удаа зохион байгуулсан хүүхдийн олимпиос цэл залуухан
аваргууд тодорч, аравхан настай бяцхан шатарч Д.Номин-Эрдэнэ Ази тив,
дэлхийн аваргад дараалан түрүүлж, чөлөөтийнхөн Азийн наадам, дэлхийн
аваргаас алтан медалийн түүхээ эргүүлэн авчирч, спортынхон 5045 хүний
суудалтай орчин үеийн сүрлэг ордонтой болсон гэхчлэн ололт, амжилт олныг
дурьдаж болно. Гэхдээ спортод харуусмаар, халагламаар үйл явдал тэр
чинээгээр тохиолддог. 2010 оны Монголын спортын онцлох үйл явдлаар
“NEWS” агентлаг их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлсныг онцолж
байна.
Асашёорюү, Асашёорюү…Эрэмгий, эрчтэй, жинхэнэ баатар
шиг “дайтаж” байсан түүнийг ийм эрт их спорт, сумогийн дэвжээнээс бууна
гэж хэний ч санаанд багтаагүй. Асашёорюү зодог тайлахаар шийдсэн
“аймшигт” мэдээгээ хоёрдугаар сарын 4-нд дэлхий нийтэд дуулгасан юм. Эрч
хүч, дайчин барилдаан нь хуучраагүй байсан Асашёорюүг зодог тайлахад
хүргэсэн шалтгаан нь нэг талаас Мэргэжлийн сумо бөхийн холбооноос түүнд
зориулан оногдуулж байсан удаа дараагийн шийтгэл, нөгөө талаас хувь
хүнийх нь характер, үйлдэл байсан гэж нийтэд ойлгогдсон. Токио хотын
шөнийн клубын гадна танхайрсан гэх шалтгаанаар зэмлэл сонссон Асашёорюү
нэг л өдөр хэнд ч хэлэлгүйгээр олон мянган фэнүүдээ гонсойлгосон энэ
шийдвэрийг гаргасан нь хачирхалтай. Тэр ийм л аливаад буулт хийх дургүй
эрч хүч, дийлдэшгүй хүчний туйл хүн. Итгэж өгөхгүй, эвлэрч чадахгүй
байсан их аваргын энэ үйлдэл аравдугаар сарын 3-нд Асашёорюүгийн зодог
тайлах албан ёсны ёслол болсноор цэг тавигдсан гэхэд болно.
1999
оны нэгдүгээр сард сумогийн ертөнцөд хөл тавьж байсан их аварга
Асашёорюү Д.Дагвадорж 2003 онд ёкозуна цол хүртэж, сумогийн дэвжээнээ 11
жилийг өнгөрүүлэхдээ макүүчи зиндаанд нийт 669 даваа авч, Эзэн хааны
тэргүүн цомыг 25 удаа хүртсэн амжилтаараа сумогийн түүхэнд гуравдугаарт
эрэмбэлэгдсэн түүхтэй. Агуу түүх бүтээсэн Асашёорюү энэ онд гайхалтай
нэгэн мөрөөдлөө биелүүлнэ гэсэн. Тэр нь юу байх бол…
Б.Хурцыг Лондонд хорилоо
ҮАБЗ-ийн
Ажлын албаны дарга Б.Хурцыг өнгөрөгч есдүгээр сарын 17-ны өдөр Лондоны
Хитроу нисэх онгоцны буудалд буухад нь баривчлав. Тэрбээр Английн
Үндэсний Аюулгүйн хорооны урилгаар ажлын айлчлал хийхээр Лондоныг
зорьсон билээ. Харин энэ үйл явдлаас хойш хоёр сарын дараа түүний
айлчлалыг зохион байгуулсан Монгол Улсад суугаа Английн Элчин сайд Жон
Диксоныг эргүүлэн татаж байгаагаа Английн Гадаад хэргийн яам мэдэгдсэн.
Ноён Диксон Б.Хурцыг Их Британийн Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөх Сэр
Петер Рикеттстей уулзуулах, Whitehall-д Английн Үндэсний аюулгүй байдлын
хорооны даргатай хийх уулзалтад туслалцаа үзүүлэх санал тавьсан гэсэн
мэдээлэл байгаа.
Б.Хурцын өмгөөлөгчид Английн талыг “хууран
мэхлэх замаар баривчлах үйл ажиллагаа явуулсан” гэдэг үндэслэлээр
буруутгаж буй. Гэвч Английн тал Б.Хурцыг юуны учир баривчилсан бэ? 2000
оны УИХ-ын сонгуульд “С.Зоригийн хэргийг илрүүлнэ, алуурчныг тогтооно”
гэсэн амлалт өгсөн МАХН-ын дарга, тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр
2004 оны сонгуулийн өмнө ТЕГ-т С.Зоригийн хэргийн сэжигтнийг нэн даруй
баривчилж авчрах үүрэг өгсөн. Тагнуулынхан Францад цагаачлан амьдарч
байсан Дамирангийн Энхбат гэгчийг баривчлан авчрахаар тагнуулын дөрвөн
офицер дипломат паспорт өвөрлөн Франц улсыг зорьсон бөгөөд тэд
Д.Энхбатыг Франц, Белги, Германы хилийг давуулан Монголд авчирсан.
Хачирхалтай нь Буянт-Ухаагийн гааль дээр Д.Энхбатыг хилээр нэвтрүүлсэн
тухай нэг ч баримт байдаггүй. Харин Английн талын хувьд хүн Франц,
Герман улсуудтай байгуулсан гэрээ, хүлээсэн үүргийнхээ дагуу олон улсын
эрх зүй, хэм хэмжээг зөрчин хүн хулгайлсан этгээдийг өөрийн нутаг
дэвсгэр дээр саатууулан баривчилсан. Одоо түүнийг Францын талд хүлээлгэн
өгөх эсэх асуудлыг шүүхээр шийдвэрлэх ёстой. Шүүх хурлыг энэ сарын 5-ны өдөр Лондонд хийхээр товлоод байгаа. Үүнээс гадна Б.Хурцтай хамт
уг баривчилгаанд оролцсон Монголын гурван тагнуулч мөн л “персона нон
грата” буюу “тааламжгүй этгээд” гэсэн хаягтайгаар Европын холбооны
хилийг нэвтрэх эрхгүй, нэвтэрсэн тохиолдолд шууд баривчлагдах “ял”
заагдаад байна.
Монгол Улсаас урвасан хоригдолтой болов
УИХ-ын
Гадаад харилцааны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Жаргалсайханд
2010 оны наймдугаар сарын 19-ны өдөр улсын нууц задруулсан, эх орноосоо
урвасан гэдэг үндэслэлээр хоёр шатны шүүхээс 17 жилийн ял оноов. Шүүхийн
шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй Ц.Жаргалсайхан Дээд шүүхэд давж
заалдсан ч шүүх хурал бололгүй шинэ оныг угтав. Түүний аав Д.Цахилгаан
“Миний хүү зохион байгуулалттай бүлэглэлийн золиос боллоо” гэж буй.
Ц.Жаргалсайханд төрийн нууцад хамаарах баримт гаргаж өгсөн гэгдэж буй
Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын хоёрдугаар нарийн бичгийн
дарга Г.Байгальмаа, Г.Сувдсүрэн нарт одоогоор эрүүгийн хэрэг үүсгээгүй
байгаа. Хэрэгтэй холбоотой бүхий л мэдээлэл “Улсын нууц” гэсэн
бамбайгаар халхлагдаж, хөшигний ард сүүдэр ч үгүй өрнөв.
Өмнө нь
улсын нууц задруулсан хэрэгт өнөөгийн УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод
хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Гүндалай нар холбогдож байсан ч
халдашгүй эрхийнхээ ачаар ял шийтгэлгүйгээр өнгөрч байв. Тодорхойгоос
тодорхой ганц зүйл гэвэл өнөөдрийн Монгол Улсад мөрдөж буй хуулиар
шаардлагатай гэвэл юуг ч улсын нууцад хамааруулж болдог. Шаардлагагүй
гэвэл ямар ч асуудлыг улсын нууцад хамааруулахгүй өнгөрөөх боломжтой
хачирхалтай хууль үйлчилж байна. Хуульчдын хэлдгээр дуртайгаа
хамгаалж, дургүйгээ нухах “сонгомол” хууль Монгол Улсыг “Эх орноосоо
урвасан хоригдол”-той болгов. Социализмын гэгдэх үед Бүгд найрамдах
Монгол Улсаас урвасан гэсэн тодотголтой хэдэн мянган хоригдолтой байсан ч
шинэ, ардчилсан Монгол Улсын хувьд энэ анхны тохиолдол болов.
Wikileaks буюу нууцыг улам нууцлах уу?
Wikileaks,
Ассанж гэдэг хоёр үг 2010 оны түүхэн хуудсанд зайлшгүй бичигдэх үг
болон үлдэж байна. Wikileaks бол интернэтийн сүлжээн дэх хэдэн сая вэб
хуудсын нэг. Харин Ассанже гэдэг бол энэхүү вэб сайтыг үүсгэн
байгуулагч. 2010 оны зунаас энэхүү вэб сайтад АНУ-тай холбоотой нууцын
зэрэглэлтэй мэдээллүүд тавигдаж эхэлснээр олны анхаарлыг татсан. Хамгийн
эхнийх нь АНУ-ын цэргүүд Иракт энгийн иргэд болоод сэтгүүлчдийг буудаж
байгаа видео бичлэг байлаа. Үүний дараа Афганистанд амь үрэгдсэн АНУ-ын
цэргийн тоог дэлгэлээ. Харин арваннэгдүгээр сараас АНУ-ын дипломат
албаны нууц мэдээллүүдийг цувруулан нийтэлснээр энэ сайт дэлхийн зарим
нэгэн улстөрчийн үнэн дүр төрхийг олонд ил болголоо.
Wikileaks
сайтын үйлдлийг зарим хүн АНУ-ын эсрэг чиглэсэн зохион байгуулалттай
өдөөн хатгалга гэж үзэж байна. Дипломат албадын нууц мэдээллүүд
нийтлэгдэж эхэлснээс хойш сайтыг үүсгэн байгуулагч Ассанже болон сайтын
үйл ажиллагааны эсрэг улс орнууд нэгдсэн сөрөг арга хэмжээ авч эхэлсэн
сайтын нууц мэдээлэл үнэхээр олон хүний эрх ашгийг хөндсөнийг илтгэдэг.
Сөрөг арга хэмжээ сайтыг санхүүгийн хувьд боомилох зорилгоор тус сайтыг
санхүүжүүлж байсан дансуудыг хааснаар эхэлж, улмаар Ассанжийг Швед улсад
байхдаа үйлдсэн хэмээн үзэж буй хэргээр Лондонд баривчилсанаар өрнөсөн.
Ноён Ассанже баривчлагдсанаас хойш арав хоногийн дараа барьцаагаар
суллагдсан. Австрали гаралтай ноён Ассанже өөрийн гэм бурууг
хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ирэх онд ч нууц мэдээллүүд Wikileaks
сайтын хуудаснаа гарсаар байх болно хэмээн оны өмнөхөн мэдэгдсэн нь энэ
хэрэг явдал 2011 онд ч үргэлжлэх нь тодорхой байна. Гагцхүү үүнд
мэдээлэл ил тод байх нь ардчилсан нийгэмд хэрэгтэй юу, аль эсвэл
улстөрчдөд мэдээллээ нууцлах нь зайлшгүй юу гэдгийг бид ирэх онд мэдэх
болох нь. Wikileaks-ийн хэрэг явдлын үр дагаврыг олон хүн сайн, муу хоёр
янзаар үзэж байна. Нэг хэсэг нь ноён Ассанжийн “ил тод байдал нь бүх
хүнд сайн сайхан нийгмийг бүрдүүлж чадна” гэсэн философиийг дэмжиж
байгаа бол нөгөө хэсэг нь нууцыг улам нууцлах болно гэж байна.
Газар дор 69 хоног амьдарсан нь
Өнгөрсөн
оны наймдугаар сарын 5-нд Чилийн Сан Хосе уурхайд хөрс нурж 33
уурхайчин 700 метрийн гүнд боогдсон. Дэлхийн улс орнуудын уул уурхайд
хөрс нурах тохиолдол бишгүй байдаг. Гагцхүү энэ тохиолдлыг онцлож буй
учир нь эдгээр 33 уурхайчинг хоёр сарын дараа бүгдийг эсэн мэнд аварч
чадсан явдал юм. Тэр тусмаа Монгол Улс уул уурхайдаа түшиглэн дараа
дараагийн хэдэн үеийн аж амьдралыг босгохоор төлөвлөж буй үед энэ явдал
нь монголчуудад сургамж болохоор тохиолдол билээ. Сан Хосе
уурхай Чилийн нийслэл Саньягогоос 725 км-ийн зайд байдаг. Дэлхийн
зэсийн экспортын дийлэнхийг Чили дангаар нийлүүлдэг. Чилийн эдийн
засгийн суурь нь уул уурхай юм.
700 метрийн гүнд боогдсон
уурхайчдыг нуралт болсны дараа бүгд амь үрэгдсэн гэж бодож байсан ч
уурхайчид амьд байгаа гэдгээ мэдэгдэж чадсанаар аврах ажиллагааг
Чилийн Засгийн газар шуурхай авсан. Юуны түрүүнд уурхайчдыг хоол хүнс
болон хэрэгцээтэй зүйлсээр хангах гурван хоолойг уурхайчдын байгаа
гүнд хүргэж чаджээ. Уурхайчдын ар гэрийнхэн уурхайн ойролцоо хуарагнан
амьдарч, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж байлаа. Чилийн Засгийн газрын
анхны тооцоогоор уурхайчдыг зул сарын баярын өмнөхөн аврах байх гэж
таамаглаж байсан ч ердөө хоёр сарын дараа аварч чадсан юм. Нэг хүн
багтах бортгоор уурхайчин бүрийг гүнээс дээш татан гаргаж ирэхийг
дэлхийн мэдээллийн сувгууд дамжуулж байлаа.
Хоёр Солонгосын мөргөлдөөн
Солонгосын
хойгт арваннэгдүгээр сарын 23-ны өдөр их буу, пуужингийн гал дэгдэж,
хоёр Солонгосын ээдрээтэй асуудлыг улам хурцатгав. Харилцан буудалцаан
болсон Хойд болон Өмнөд Солонгосын хилийн орчимд байдаг Ёнхоп арал руу
Хойд Солонгос 200 гаруй удаа пуужингаар гал нээж, хариуд нь мөн өмнөдүүд
80 гаруй сум илгээжээ. Дэлбэрэлтээс бол арлын байр байшингууд сүйдэж,
хоёр хүн нас барж, 16 бэртсэн гэсэн мэдээлэл гарсан юм. Өмнө нь Хойд
Солонгосын зүгээс хилийн ойролцоо цэргийн сургуулилт хийх ахул хариу
барина гэдгээ мэдэгдэж байсан. Энэ анхааруулгыг үл тоймсорлон Өмнөд
Солонгос цэргийн сургуулилт хийсэн гэж мэдэгдэж байгаа. Солонгосын хойгт
ийнхүү байдал хурцатсан нь чамгүй олон монгол иргэд ажиллаж амьдарч
байгаа монголчуудын хувьд ч түгшүүр төрүүлсэн мэдээлэл болсон. Дэлбэрэлт
болсон аралд хоёр монгол залуу ажиллаж амьдарч байсан бөгөөд тэд
мөргөлдөөний үеэр хоргодох байранд байсан талаар News.mn мэдээлсэн
бөгөөд үүнээс үүдэн Монголын талаас иргэдээ аюултай бүст ажиллахгүй байх
анхааруулга гаргасан юм. Солонгосын хойгт дайн дэгдээж болзошгүй
гэгдсэн мөргөлдөөн намжсан ч хоёр Солонгосын хувьд асуудал хурцадмал
хэвээр байна. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын
23-нд Өмнөд Солонгосын цэргийн сургуулилт саяхан эхэлсэн тухай тус улсын
Батлан хамгаалахын сайд мэдэгджээ. Хойд Солонгосын зүгээс энэ
сургуулилт дайн дэгдээж болзошгүй байгаа гэсэн бөгөөд цэргийн хариу
арга хэмжээ авна гэдгээ илэрхийлсэн.
Дэлхийд хоёр системд
хуваагдсан ганцхан үндэстний асуудал цаашид ч хурцатмал хэвээр байх
бололтой. Шинэ оны эхний өдөр л гэхэд Хойд Солонгос өөрсдийн хэвлэлээр
дамжуулан бүс нутаг дахь цэргийн хээрийн сургуулиа зогсоохыг Өмнөд
Солонгост хандан уриалсан байна. Мөн Пхеньян бүс нутгийн
цөмийн зэвсэглэлийг хураах санаачлага гаргахаа илэрхийлэн хоёр
Солонгос харилцааг идэвхтэй хөгжүүлж, цэргийн сөргөлдөөнийг зогсоохыг
уриалсан байв.
А.АЛТАНТУЯА
Гаитийн хар хүчин
Нийтдээ
230 мянган хүний амийг авч нийслэлийг нь бүрэн нурааж, нэг сая хүнийг
орон гэргүй болгосон өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 12-ны сүйрлийн
газар хөдлөлт дэлхийн баруун хагасын хамгийн ядуу энэ орныг анхаарлын
төвд авчрав. Олон орнууд гаитичуудад тусламжийн гараа сунгаж, орон гэр,
оочих аягагүй болсон сая сая хүний аварна гэсэн найдлагыг өгч байна
хэмээн нэгдүгээр сард бичиж байв. Харин энэ азгүй орон хэрхэн сэргэж,
ямар ирээдүй хүлээж байгаа нь огт тодорхойгүй. Тэдэнд тодорхой хэмжээний
тусламж очиж байгаа ч оны турш гаитичуудыг арай ч өлсгөлөнгөөр
үхүүлэхгүй хэмжээнд байлаа.
Гэтэл аравдугаар сард булчин задраах
тахал гарч дэлхий бараг анзаарахаа больсон Гаити дахиад л олны
анхаарлыг татлаа. Гаитид булчин задраах тахлаар 150 мянган хүн өвчилж,
3333 хүн нас бараад байна. Гаити бол хар улс. Хүн амынх нь 95 хувь нь
хар арьстан гэдэгтээ ч биш өнгөрсөн ба өнөө үе нь шөнө шиг харанхуйд
асуудал байгаа. “Дарлан зовоох хар хүчин” Колумбийн дайчид анх тэнд хөл
тавьсан цагаас үйлчилж байна. Гаитийн хүн амын 220 жилийн өмнөхөөс
сайжраагүй амьдралтай цорын ганц улс юм. Тусгаар тогтнол олж авсны дараа
боол байсан хүмүүс жижиг наймаа болон хулгайн наймаа эрхлэх боллоо.
Ямар ч цалин хөлс амлаад тэднийг хөдөлгөж чадсангүй. “Чөлөөлөгдсөн”
боолчуудыг экспортын талбай, барилга байгууламжид “хүчээр ажиллуулах”
гэсэн Дессалины оролдлого бослогод дарагдан таслагдав. Тэр цагаас хойш
Гаитийн түүхийн хар тойрог эргэлдсээр байна.
Польшийн ерөнхийлөгчийн онгоцны осол
2010
оны дөрөвдүгээр сарын 10-ны бямба гаригт Варшав-Смоленскийн чиглэлээр
нисч байсан Ту-154 онгоц сүйрч, Польшийн ерөнхийлөгч Лех Качиньскийн
толгойлсон 88 хүнтэй албан ёсны төлөөлөгчид болон багийн найман гишүүн
амь үрэгдэв. Тэд Катынь дахь Сталины дэглэмийн үед хөнөөгдсөн польш
офицерүүдийн дурсгалыг хүндэтгэхээр явж байсан юм.
Сүйрлээр
Польшийн Үндэсний аюулгүй байдлын товчооны дарга Александр Щигло,
Польшийн зэвсэгт хүчний жанжин штабын дарга Франтишек Гонгор болон
армийн командлагч нар, парламент болон ерөнхийлөгчийн албаны олон хүн
амь үрэгдсэн юм.
Ерөнхийлөгчийн онгоц буулт хийхээр дөрвөн удаа
оролдоод бүтэлгүйтсэн юм. Агаарын тээврийн Оросын агентлагийн дарга
Александра Нерадько онгоц тогтоогдсон хэмжээнээс хэтэрхий доогуур нисч
найман метр өндөр мод мөргөсөн гэжээ. Түүнээс гадна онгоц нисэх
зурвасаас 150 метрээр зөрөн хазайсан байв.
Качиньскийн онгоц 50 удаа
124 цаг нислэг үйлдсэн байжээ. Үүнээс өмнө уг онгоцыг төрийн тэргүүн
нарын хэрэгцээнд 20 жил ашигласан байлаа. Качиньскийн өмнөх ерөнхийлөгч
нар Войцех Ярузельский, Лех Валенса, Александер Квасьневский энэ
онгоцыг ашиглаж байжээ. Онгоцны ослын шалтгааныг тогтоохоор
Засгийн газар хоорондын нисэхийн товчоо ажиллаж байна. Өнгөрсөн
арванхоёрдугаар сарын 17-нд уг товчооноос гаргасан дүгнэлтийг хүлээн
авах боломжгүй гэж Польшийн ерөнхий сайд Дональд Туск мэдэгдэж байв.