Хөрөнгийн зах зээл хөгжиж эхлэв үү?

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээл хөгжиж эхлэв үү?

Хөрөнгийн зах зээлийг түшиглэж хөгжинө гэсэн уриаг Ерөнхий сайд С.Батболд 2010 оны эхэнд дэвшүүлсэн. Олны анхаарлыг хандуулсан хөрөнгийн зах зээл өнгөрсөн онд ямар үйл явдал, амжилт, алдаа оноотой байсныг эргэн сонирхоё.

Хамгийн үнэтэй хувьцаа 576 мянган төгрөг

Аливаа улсын санхүүгийн салбар “хос морь”-иор буюу арилжааны банк болон хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнээр амьдардаг гэх. Хэдийгээр Монголд энэ зах зээлийн хөгжил сул гэгдэж байсан ч сүүлийн жилүүдэд багагүй ахиц гарсан гэгдэж буй. Улирагч 2010 онд Монголын хөрөнгийн зах зээлд түүхэнд байгаагүй хэд хэдэн амжилт тогтоов. Одоогоор Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 342 компани хоёр дахь зах зээлд хувьцаа гаргаж байна. Тэдний зах зээлийн үнэлгээ өнгөрсөн наймдугаар сарын 31-ний өдрийн арилжаагаар түүхэнд анх удаа нэг их наяд төгрөгийг давж  1,021.5 тэрбум төгрөг болсон юм. Оны отгон арилжаагаар энэ үнэлгээ нэг их наяд 373 тэрбум төгрөг болов. Энэ нь 2006 онд 131.2 тэрбум төгрөг байсантай харьцуулахад ямар өөрчлөлт гарсныг графикаас хараарай. ТОП-20 индекс 2010 онд 15 600 нэгжид хүрсэн нь 2007 оны есдүгээр сарын 4-ний дээд үзүүлэлтийг давжээ.

Монголын хөрөнгийн бирж дээр нүүрсний уурхайнуудын үнэт цаас хамгийн идэвхтэй байв. Үүнд, Шивээ-Овоо-13 000, Могойн гол-11800, Шарын гол-10 500, Багануур-10 50, Адуунчулуун-8000,  Баянтээг-7001 төгрөг байна.Хамгийн үнэтэй хувьцаагаар “Тавантолгой” толгой цохиж байна, тус хувьцааны нэг бүрийн үнэ 576 мянган төгрөг. Тэгвэл 20 мянгаас дээш төгрөгийн үнэтэй хувьцаа “Улаанбаатар ЗБ” 27 500, Төмрийн завод 27 000,  “Баянгол ЗБ” 23900 төгрөг, “Сүү” хувьцаа 20987 төгрөг байна.

Монголын хөрөнгийн биржийн арваннэгдү­гээр сарын 2-ны өдрийн арилжаагаар “Бага­нуур” ХК-ийн 2 996 028 ширхэг хувьцааг 6400-6850 төгрөгийн хооронд арилжиж нийт 19,2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Энэ нь хөрөнгийн биржийн түүхэн дэх 20 жилийн хугацаанд нэг өдөрт болон нэг хэлцлээр хийсэн хамгийн их үнийн дүн бүхий арилжаа болж байв. Үнэ нь хямд ч хамгийн олон ширхэгээр арилжаалагддаг үнэт цаасаар “Хөх ган”, “Ремикон”, “Женко тур бюро” “Гермес центр” гэх мэтийг нэрлэж болно. Эдгээр үнэт цаасны ханш 54-200 төгрөг юм.
Хөрөнгийн биржийн өнөөгийн байдлын тухай цөөн үзүүлэлийн тоймлоход ийм байна. Цаашид ч улам өөрчлөгдөж, дэвшинэ гэдэгт найдъя.

Нэмж гаргасан хувьцаа, Засгийн газрын бонд гялс зарагджээ

Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 11-ний өдрийн үнэт цаасны  3815 дахь удаагийн үнэт цаасны  арилжаагаар анхдагч зах зээл дээр нэмж үнэт цаас гаргасан “Хай би ойл” ХК-ийн 738 361 ширхэг, “Нако түлш” ХК-ийн 1 180 195 ширхэг хувьцааг нийт 398.7 сая төгрөгөөр тэргүүн ээлжинд худалдах авах захиалгын дагуу арилжжээ. Тэгвэл үүнээс нэг сарын өмнө буюу есдүгээр сарын 17-нд Засгийн газрын бондыг Монголын хөрөнгийн зах дээр гаргасан нь мөн л тэр өдрөө зарагдаж дууссан юм. Засгийн газар төрийн албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор богино хугацаатай үнэт цаасыг есдүгээр сарын 17-ны өдрийн арилжаагаар худалдаанд гаргасан юм. 30 тэрбум төгрөгийн бонд 365 хоногийн хугацаатай, жилийн 7.5 хувийн хүүтэй, нэг бүр нь 10 сая төгрөгийн 1500 ширхэг бондыг 7.2-7.29 хувь хүүтэйгээр 15 тэрбум төгрөгөөр зарсан. Харин 546 хоногийн хугацаатай жилийн 7.8 хувийн хүүтэй, нэг бүр нь 10 сая төгрөгийн 1500 ширхэг бондыг 7.79 -7.8 хувийн хүүтэйгээр 15 тэрбум төгрөгөөр арилжсан юм.

Энэ дашрамд сонирхуулахад манай хөрөнгийн биржийн үнэт цаасны үнийн өсөлт дэлхийд тэргүүлсэн тухай Хятадын олон улсын радио мэдээлжээ.

Английн фунт стерлингээр тооцвол Монголын хөрөнгийн биржийн хувьцааны үнэ энэ онд 187 хувиар, төгрөгөөр тооцвол хувьцааны өсөлт 136 хувьд хүрчээ. Дээрх радиогийн мэдээлж байгаагаар манай улсын хөрөнгийн зах зээл хэдийнэ олон улсын төвшинд үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгааг онцолжээ.
 
Дэлхийн хөрөнгө оруулагчид Монголыг сонирхох болов

Монголын хөрөнгийн зах зээлийг зөвхөн Сүхбаатарын талбайн баруун талын буйдхан ягаан байшинд өдөр бүр болдог арилжаагаар төсөөлөх аргагүй. Монголын ашигт малтмалаар олон улсын зах зээл дээр хөрөнгө босгох марафонд гадаад, дотоодын олон компани дэлхийн хэмжээнд хүч сорьж буй. Өнгөрсөн жил энэ салбарт тэсрэлт болсон үйл явдал бол Гонгконгийн хөрөнгийн биржид Монголын компани  IPO хийсэн нь юм.

Гонгконгийн хөрөнгийн бирж дээр Монголын үндэсний компаниудаас “Энержи ресурс” анхдагч зах зээл дээрээс хөрөнгө босгохоор гаргасан нэг бүр нь 7,02 гонконг долларын нэрлэсэн үнэтэй 975 дугаартай хувьцааны ханш өдгөө 9,07 гонконг долларын хүрээд байна. Түүнчлэн Монголын уул уурхайн компаниудын хувьцаа “мода”-нд оров. Олон улсын зах дээр Монголын хөрсөн доорх баялаг дээр суурилсан эрэлттэй хувьцаанууд бий. Тухайлбал, Амеркийн NASDAQ дээр “Ivenhoe mines”, Toronto-гийн бирж дээр “Хан ресорсез”, Английн хөрөнгийн бирж дээр “Петро Матад” гэх мэт 20 орчим компани олон улсын зах зээл дээр гараад байна. Цаашид эдгээр MGL гэсэн шошготой хувьцаануудыг Монголын хөрөнгийн бирж дээр арилждаг болгохоор салбарынхан хичээн ажиллаж буй.

Хөрөнгийн бирж Лондонтой түншлэхээр боллоо

Монголын хөрөнгийн биржийг олон улсын төвшинд арилжаа хийдэг болгох зайлшгүй шаардлага тулгараад буй. Үүний тулд Хөрөнгийн биржийн удирдлагад гадаадын баг ажиллуулахаар жилийн турш яригдсан. Төрийн өмчийн хороо оны сүүлчийн өдөр энэ асуудлыг шийдэж, Лондонгийн биржтэй хамтарч ажиллах гэрээг үзэглэсэн юм. Гэрээнд ТӨХ-ны дарга Д.Сугар, Лондонгийн Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Xavier Rolet нар гарын үсэг зурав. Удтал дуншсан асуудал нэг тийшээ шийдэгдлээ гэх хүн байгаа ч бас сөрөг байр суурьтай хүмүүс байгаа юм. Тухайлбал, Лондонгийн биржээс Монголд нэвтрүүлэх технологи нь төдийлөн дэлхий нийтэд түгээмэл биш, зөвхөн Шри-Ланк болон Лондонгийн биржийн зарим арилжаанд ашигладаг технологи гэсэн шүүмжлэл бас байна. ТӨХ оны отгон хурлаараа Хөрөнгийн биржтэй холбоотой чухал шийдвэрийг гаргасны нэг нь ТУЗ-ийн дарга Л.Ганбатыг “Ньюком” группын гүйцэтгэх захирал Б.Болдоор сольсон явдал юм. Түүнийг ерөнхий сайд С.Батболдын хүн гэх бөгөөд Хөрөнгийн биржийн дэд захирал Х.Алтай ч мөн энэ фракцад багтаж байна.

Тун удахгүй Хөрөнгийн бирж “хадам”-д гарч, техникийн шинэчлэл хийх гэх мэтээр нэлээд өөрчлөлт өрнөнө. Мөн 2011 оны нэгдүгээр сарын 20-нд Монголын хөрөнгийн бирж 20 жилийн ойгоо тэмдэглэх юм.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж