2011 оноос юу хүлээх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

2011 оноос юу хүлээх вэ?

Европ шинэ онд хурдацтай хөгжих төлөвтэй. Япон ч мөн адил. Өөрөөр хэлбэл
дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэх гэсэн найдлага төрүүлж байна.

Хуучин оноо үдэж, шинэ жилээ угтаж буй өдрүүдэд өнгөрсөн жилийн алдаа, амжилтаа дүгнэж, ирэх жилийн зорилгоо тодорхойлдог. Харин энэ удаад  ирэх онд ямар асуудал онцгой анхаарал татаж болохыг TIME сэтгүүлийн тоймоос ишлэн хүргэж байна.

Улиран одсон 2010 он зөвхөн АНУ, төдийгүй барууны орнуудад хүндхэн жил болсон. АНУ, Грек, Ирландын санхүүгийн хямралаас болж дэлхий бүхэлдээ донслох шахав. Ажилгүйдлийн төвшин нэмэгдэж, улс төрийн бослого болох зэргээр бараг сар бүр л шинэ хямрал үүсч байлаа. Харин 2011 онд байдал хамаагүй сайн байх төлөвтэй гэж шинжээчид өөдрөгөөр харахыг хүсч байна.

Тухайлбал, дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ын эдийн засаг дээрдэх шинжтэй байна гэж шинжээчид үзжээ. Гэхдээ нарийвчилсан таамаглал дэвшүүлэхийн оронд ихэнх мэргэжилтнүүд 2011 онд тус улсын эдийн засгийг хоёроос гурван хувиар өснө гэж үзэж байна. Хэрэв энэ өөдрөг таамаг биелвэл бусад орнуудад ч өсөлт харагдах юм. Америкийн эдийн засаг 15 триллион ам.доллар байгаа нь хамгийн ойрын өрсөлдөгч болох БНХАУ-ынхаас гурав дахин том буй. Мөн ажилгүйдэл, инфляци зэрэг гол асуудлууд нь ойрын хугацаанд нааштай тал руугаа орох төлөв байгаа юм. Татварын орлого нэмэгдэж, төсөв ч сайн байх төдийгүй дампуурах эрсдэл багасч байгаа аж.

Европ мөн адил одоогийн “түгжрэл”-ээс гарахаар байна. Европчуудын хувьд Грек, Ирланд, магадгүй Португаль, Испанид санхүүгийн дэмжлэг үзүүлэх ёстой гэдгийг ухаарахад харьцангуй их хугацаа, олон даваа шаардлагатай байв. Герман улсын хувьд өөрийгөө аваад гарчих чадалтай байна гэгдэж буй. Тус улс еврогоос хангалттай их ашиг олсон. Ямартай ч 2010 он бол Европын орнууд зовлонд унасан нэгнээ болон еврог аврах боломжтой гэдгийг ойлгуулсан жил байлаа. Иймээс Европ шинэ онд хурдацтай хөгжих төлөвтэй. Япон ч мөн адил. Өөрөөр хэлбэл дэлхийн эдийн засаг бүхэлдээ сэргэх гэсэн найдлага төрүүлж байна.

Эдийн засгийн хэт халалтаас болж асуудалд унаад байгаа Хятадын хувьд ч 2011 он таатай байх бололтой. Өнгөрсөн онд барууны орнуудын эдийн засаг унаж байхад  БНХАУ-ын эдийн засаг цойлж байсан. Япон, Өмнөд Солонгос, АНУ олон тооны айлчлал хийсэн ч шальтай амжилтад хүрч чадсангүй. Хэт бардамнасан Хятад улс энэ онд харин АНУ болон бусад орнуудтай илүү хамтран ажиллах хэрэгтэй болж байгаа юм.

Солонгосын хойгт үүссэн асуудалд Бээжингийн зүгээс урьд өмнөхөөс илүүтэй тусламж үзүүлэх талтай болж, холбоотон Хойд Солонгост хатуухан үг хэлээд амжсан нь үүний нэг баталгаа.

Афганистан дахь Талибын хөдөлгөөн бутран унана гэсэн найдварыг зарим тал асааж байна. Учир нь Талибын зэвсэгт бүлэглэл гол гол байршилд ялагдал хүлээж эхэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм. Түүнчлэн Пакистаны хамгийн аюултай террорист сүлжээ болох “Haqqani”-гийн хүч буурч байгаа гэж зарим эх сурвалж мэдээлжээ. Афганистаны армийн байдал эрс сайжирсан бөгөөд АНУ-ын цэргүүд талибуудыг буулган автал байршлаа хамгаалж чадахаар хүчтэй байгаа юм. Иракийн хувьд олон улсыг хамарсан хямрал үүсгэхээс сэргийлж, тогтвортой байхаар байна. Гэхдээ тус улсын ардчилал тийм ч сайнгүй байгаа ч энэ нь бүс нутгийн тайван байдалд нөлөөлөхгүй бололтой.

Иран харин олон улс болон орон нутгийн хүчнүүдийн анхаарлын төвд байна. Өнгөрсөн онд дуулиан тарьсан “WikiLeaks”-ийн цацсан мэдээллээс харахад Арабын ихэнхи орнууд Ираны цөмийн зэвсгийн эсрэг нэгдмэл байр суурьтай байна. Дотоодод эдийн засаг, улс төрийн асуудал их байгаа үед Засгийн газар ч гадаад орчин руу бус дотооддоо анхаарлаа хандуулах юм. Америк, Израилиас халдлага хийхгүй гэдэг нь бараг тодорхой болоод байна.

2011 онд АНУ-ын эдийн засгийн сэргэлт бодит болж, санхүүгийн хямралын үеэр алдсан нэр хүндээ эргүүлэн авах болно. Америк загвар дахин       гялалзаж, Америкийн бодлого боловсруулагчид Европ, Японыхтой харьцуулахад харьцангуй илүү одтой байх бололтой.

Ийнхүү шинжээчид ирэх жилийн “зурлага”-ыг тодорхойлохыг хүсч байна. Ирж буй өдөр, хоног, жил бүрийг өөдрөгөөр харахыг хүсдэг нь хүн төрөлхтөний зан юм хойно 2011 он цэнхэр гариг даяараа ихийг хүлээсэн, хүртээсэн, найдвар тээсэн сайхан жил байх болтугай гэж ерөөцгөөе дөө.

Э.Очирт

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж