Арван хүн хуруу, гараа тайруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Арван хүн хуруу, гараа тайруулжээ


Нийслэлчүүд уламжлал ёсоор хуучин оноо үдэж, шинэ оноо угтлаа. Энэ жилийн хувьд дүүргүүд нийслэлчүүдээ баяраа тэмдэглэх талбай зэхэж, Үндэсний соёл амралтын хүрээлэнд залуус баяраа тэмдэглэсэн. Харин бид баярын өдрүүдэд онцгой анхаарал татсан асуудлуудыг товчлон хүргэж байна. Аливаа баяр ёслолын үеэр эрүүл мэндийн байгууллагууд, Онцгой байдлын газар, цагдаагийнхан ачаалал ихтэй ажилладаг билээ.

Нийслэлд  34 хүү, 21 охин шинээр мэндэллээ

Баяр ёслолын үеэр байнгын ажилтай байдаг хүмүүс бол эмнэлэг, цагдаагийн байгууллага, ТҮК буюу тохижилт үйлчилгээний компани, Онцгой байдлын газар байдаг. Энэ жил он солигдох мөчид  Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 34, нэг, хоёр гуравдугаар төрөх газарт 21 шинэ хүн мэндэлсэн байна. Нийслэл маань  оны зааг дээр 34 хүү, 21 охинтой боллоо. Харин Яаралтай түргэн тусламжийн төвд иргэдээс 419 дуудлага ирснээс дийлэнхи нь төрөлтийн болон ослын дуудлага байсан аж.

Шуурхай удирдлагын төвд  3634  дуудлага иржээ

Шуурхай удирдлагын 105-р төвд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 30-ны өдрөөс энэ сарын1-ны өдрийг хүртэл иргэдээс 3634 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй 137 үйлдлийг  бүртгэж золгүй байдлаар 16 хүн нас барсан гэсэн мэдээлэл өгч байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 30-ны өдөр тус төвд  иргэд аж ахуйн нэгжээс 1268 дуудлага ирснийг цагдаагийн ажилтнууд шалгахад гэмт хэргийн шинжтэй 53 үйлдэл бүртэгдсэн аж. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 22, хүний амь нас санаатай бүрэлгэсэн нэг хэрэг гарчээ. Харин өнгөрсөн сарын 31-нээс өчигдрийг хүртэл 2217 дуудлага ирсний  58 нь гэмт хэргийн шинж чанартай байжээ.

103-ын дуудлага  нэмэгджээ

Яаралтай тусламжийн  103 төвд хандсан дуудлагын тоо  өнгөрөгч  баярын өдрүүдэд  эрс нэмэгджээ. Тухайлбал, өнгөрөгч сарын 31-нд нийт 418 дуудлага хүлээн авсан  бол энэ сарын 1-ний өдөр 515 дуудлага мэдээлэл хүлээн авч түргэн тусламж үзүүлсэн байна. Ирж буй дуудлагын олонхыг зүрх судас, амьсгалын замын халдварт өвчин, ханиад томуу хүндэрсэн, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болсноос бэртэж гэмтсэн болон хордлогын дуудлага эзэлжээ. Яаралтай тусламжийн 103 төв гурван ээлжээр тус бүр 17 эмч, 17 автомашинтай ажиллаж байгаа аж. Баярын өдрүүдэд ачаалал нэмэгддэг учир  долоон автомашин  нэмж дуудлагад явуулжээ. Өчигдрөөс дуудлагын тоо багасч 300 гаруй дуудлага хүлээн аваад байна гэх мэдээлэл өглөө.

Галын 20 дуудлага иржээ

Онцгой байдлын газарт галын 20 дуудлага иржээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо буюу  Зүүн дөрвөн замын урд зам дээр Hyundai загварын автобусны хөдөлгүүрийн хэсэг  шатаж байсныг Аврах гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасгийг очиж унтраажээ. Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах Тэх худалдааны төвийн баруун талд иргэн Ч-ийн 3,5х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшлын хамт шатаж байсныг унтраажээ.

Гэмтлийн эмнэлэг ачаалал ихтэй байлаа

Шинэ жилийн баярын үеэр Гэмтэл согогийн үндэсний төв болон Түлэнхийн төвд бэртэж гэмтсэн, хөлдсөн, түлэгдсэн осгосон хүмүүс их иржээ. Түлэнхийн төвд гэхэд дуудлага их, энэ талаар тодорхой мэдээлэл өгөх зав алга гэж тус төвийн хүлээн авахийн эмч хэлж байлаа.   Он солигдох мөчийг салют буюу ёслолын буудлагагүйгээр төсөөлөх аргагүй. Гэтэл салютнаас болж олон хүн бэртэж гэмтжээ. Энэ талаар Гэмтэл согогийн үндэсний төвийн Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн ээлжийн сувилагч Б.Гэрэлээс тодруулсан юм.

-Баярын үеэр ачаалал хэр байсан бэ?

-Манай эмнэлэг энгийн үед 150-160 дуудлага хүлээн авдаг. Баярын үеэр ачаалал их байсан. Гэмтэл согогийн үндэсний төвд өнгөрсөн сарын 31-ний өдөр 171 дуудлага ирснээс 14 хүн хүнд бэртлийн улмаас хэвтэн эмчлүүлж байгаа, нэгдүгээр сарын 1-ний өдөр 176 дуудлага ирсэнээс 18 хүн хэвтсэн гэсэн мэдээлэл байна. Үүнээс манай тасагт салют буудуулах гэж байгаад бэртэж гэмтсэн 10 хүн ирсний найм нь хүнд хэлбэрийн гэмтэлтэй учир мэс ажилбар хийсэн. Яаралтай хагалгаа хийлгэсэн хүмүүсийн биеийн байдал хэвийн эмчилгээ хийж байна. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн 32 настай Ц-гийн гар хүнд гэмтэж бугуйнаас урагш тайруулсан. Одоогоор манай тасагт хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн ихэнх нь эрэгтэй, 19-35 насны хүмүүс. Гэмтсэн хүмүүсийн зарим нь хагалгаанд орж дараа дараагийн эмчилгээ хийгдээд явж байна. Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Өмнөговь болон нийслэлийн Налайх дүүргээс гэмтсэн хүмүүс ирж эмчлүүлж байгаа. 

Тус тасагт эмчлүүлж буй Сонгинохайрхан дүүргийн харьяат Ц хоёр гарынхаа бугуйг тайруулжээ. Тэрбээр сэтгэл санаа, маш хүнд, биеийн байдал ч хүндэвтэр байгаа аж. Ц “Сальютаа асаагаад буудуултал хоёр дахь удаагийн буудалтаар л дэлбэрчихсэн. Нэг мэдэхэд хоёр гар мэдээгүй болоод ухаан алдчихсан байна лээ. Баяр тэмдэглэх гэсэн биш хоёр гаргүй болчихлоо. Надад үнэхээр хэцүү байна. Би салютаа дэлгүүрээс л авсан юм. Ийм зүйл болно гэж хэн мэдэх вэ дээ” гэж байлаа.

Ш.Оюунчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж