НӨАТ-ын хууль маргаан дэгдээв

Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын хууль маргаан дэгдээв


-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн ч эцсийн шийдэлд хараахан хүрээгүй юм-

Өнгөрсөн жилийн буюу 2010 оны хамгийн сүүлийн өдөр Төрийн ордонд үйл явдал ихтэй байлаа. Хуваарийн дагуу 10 цагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаж эхэлсэн. Хуралдаа хойрго ирдэг гишүүд энэ удаад нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаанд идэвхтэй орол­цов, ганц хоёрхон гишүүнийг эс тооцвол. УИХ-ын нэгдсэн чуулганаар дараах гурван асуудлыг авч хэлэлцэв.

Хамгийн эхэнд Захиргааны хэр­гийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн болон Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бол дараа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг төслийг Засгийн газраас өнгөрсөн оны долдугаар сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй зарим салбарын хөгжлийг дэмжих зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх талаар уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж Засгийн газар хуулийн төсөл санаачилсан. Тухайлбал,  дотоод­­­­доо тарьж, борлуулсан буу­дай, төмс, хүнсний ногоо, жимс, жимс­­­гэнэ, шинээр барьж байгуулах эрчим хүчний эх үүсвэрийн үйл ажиллагаанд ашиглагдах импор­тын тоног, төхөөрөмж,  зэс, цайр, төмөр, хөнгөн цагаан хайлуулах, уусган боловсруулсан металлаар бүтээгдэхүүн хийх, алт, мөнгө цэвэршүүлэх, коксжуулах үйлд­вэ­­­рийн импорын үндсэн тоног төхөөрөмж, хийн түлш, түү­ний үйлдвэрлэл, олборлолт, боловс­руу­лалт, дамжуулалт, хадгалалт, хийн хай­гуулын тоног төхөөрөмж, тусгай зориу­лалтын машин, механизм, хийн хэрэглээний техник, хэрэгсэл, тоноглолыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр са­нал боловсруулсан байна. Мөн  импор­толсон төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, зам, дохиолол, хол­бооны тоног, төхөөрөмж, хийн түл­шээр ажилладаг зарим  суудлын автомашин,  Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрийн аргаар төхөөрч, бэлтгэн дотооддоо борлуулсан ту­раг болон шулж ангилсан мах, боловс­руулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг  нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж Засгийн газар санал болгосон. Үүний зэрэгцээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим заалт, нэр томьёо нь татварын ерөнхий хуультай зөрчилдсөн агуулгатай  хэмээн үзжээ.

Гэтэл энэ хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн дунд маргаан дэгдээж хоёр тал болон хэрэлдэхэд хүргэсэн. УИХ-ын гишүүн Н.Ганбямба “Энэ хууль нь анх газар тариалан, төмс хүнсний ногооны татвартай холбоо­той­гоор  яригдаж эхэлсэн. Гэтэл энэ хүрээнээсээ хальж давхиад “чоно бороо­­ноор” гэдэг шиг задарсан юм болж байна. Одоо НӨАТ гэдэг ойлголт Монгол Улсын хууль эрх зүйн орчноос хасагдаж эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй болж байх шиг. Монгол НӨАТ-гүй болохоо хүлээн зөвшөөрсөнтэй агаар нэг асуудал болж байна.  Сангийн сайд энэ хуу­лиа татаж авах хэрэгтэй.  Эцсийн хэлэл­цүүлгээр  өргөн баригдаагүй хуу­лийг хэлэлцдэг дэг журам хаана бай­на. Оны төгсгөл болгонд НӨАТ-тэй холбоотой асуудал тулган оруулж ирдэг нь ямар учиртай юм бэ” гэж ширүүхэн мэдэгдсэн.
Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд “Гишүүд нэгдсэн нэг ойлголтод хүрэхгүй бол зөрүүтэй байдал аль аль талдаа ихээхэн ажиглагдаж байна. Эцсийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэх гэдэгт   Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ноос, ноолуур бэлтгэж самнах, ээрэх, тээ­вэрлэх гээд бүх төрлийн бохир аж­лыг нь гүйцэтгэж худалдан авагч талд бэлэн болгож өгөх нь. Гэтэл хам­гийн ойрын жишээ хэлэхэд Хятадуудын өөрсдийн газар нутагтаа хэрэглэхгүй байгаа химийн бодисыг бид газар нутагтаа хэрэглэдэг болох уу.  Амин чухал эрдэнэ болсон усаа бохирдуулан байж  ноос ноолуурыг угааж цэвэрлэж бэлтгээд нэг хэсгийг дотооддоо нийлүүлнэ. Харин үлдсэн бусдыг бөөнөөр нь хятадууд хямд ханшаар худалдаж аваад гарна.  Энэ мэтчилэн олон тодорхойгүй заалтууд байгаа нь  хяналт тавьж болдоггүйн улмаас нэг хуулийн алдаатай заалтаас үүдээд ашигтай хэрэгтэй болгон гадагшаа цувдаг гашуун туршлага бидэнд бий. Үүнийг дахин нягталж үзвэл яасан юм бэ” гэсэн санал гаргасан. Энэ мэтээр маргаан УИХ дахь хоёр намын гишүүдийн хооронд эрчимтэй өрнөсөн.

МАН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан бүлгийн гишүүд хоёр цагийн завсарлага авах хүсэлтэй байгаагаа дуулгахад дахиад л эсэргүүцэлтэй тулгарч байсан ч УИХ-ын дарга Д.Дэмбэрэл МАН-ын бүлгийн гишүүдэд хугацаагүй завсарлага олгосон. Завсарлага авсан МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд хаалттай болов. МАН-ын бүлгийн хурлын дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бүлгийн гишүүд оролцож Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцсэн ч эцсийн шийдэлд хараахан хүрээгүй юм.

Дараагийн “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил,  үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцүүлэхийн өмнө ч МАН-ын бүлгийн завсарлага хэл ам таталсаар байв.

Харин 2010 оны УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ   худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар гишүүд санал бодлоо солилцсоны дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж