Хуучирсан мэдээ: 2011.01.02-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 2

Нэгдүгээр сарын 2-ны баяр

Шинэ жилийн баярын үргэлжлэл

Орос, Азербайжан, Бельги, Ботсвана, Казахстан, Македони болон арлын улсууд: Маврикий, Кирибати, Самоа, Сент-Люсия, Сейшельд амралтын өдөртэй.

Оросын өвлийн өвгөний нутаг гэх Великий Устюг хотод хүүхдүүд шүлэг уншаад дахин шинэ жилийн бэлэг авч болно

Гаитийн өвөг дээдсийн өдөр.

Берхтольдын өдөр

Берхтольдын өдрийг Швейцари тэмдэглэж байна. Энэ өдрөөр өөрсдийн загалмайлсан хүүхдүүдтэй уулзаж бэлэг гардуулдаг уламжлалтай. Цюрихийн кантонд  уг баярыг 1713 оноос тэмдэглэж иржээ.

Бас өнөөдөр тус орны нийслэл Берн (Berne) хот үндэслэгдсэний ойд зориулан анх 1191 онд бий болгосон Хувилгаан Бертольдын (Berchtoldstag) өдрийг давхар тэмдэглэдэг. Берн хотыг герцог хэргэмтэн, Бургундийн захирагч Церингийн тавдугаар Бертольдын (Berchtold V) зарлигаар үндэслэжээ.

Берны солигдошгүй бэлгэдэл

Герцогийн эзэмшлэлийн баруун хилийг хамгаалах зорилгоор уг сууринг байгуулсан ба тэр тарвага, зурам эсвэл согоо гэсэн нэр авч болохоор байсан нь хачирхалтай. Герцог шинэ суурин түүний анхлан агнасан амьтны нэрийг авна гэж зарласан байсан юм. Тэр өдөр герцог баавгай агнасан учир хот Берн нэртэй болсон нь немцээр ber — баавгай гэсэн үг юм.

Өдрийн ишлэл   

“Тойрог замаараа явсаар Зөвлөлтийн хиймэл гариг Наранд хамгийн ойрхон цэгт (перигелий) 1959 оны нэгдүгээр сарын 14-нд хүрэхдээ нарнаас 146,4 сая км-ийн зайд байх юм…”

(1959 оны нэгдүгээр сарын 2-нд хөөргөсөн түүхэнд анхны Зөвлөлтийн гариг хоорондын "Луна-1" станцын нислэгийн тухай "ТАСС" агентлагийн мэдэгдлээс)

Гариг хоорондын анхны автомат "Луна-1" станц саранд явагч "Луноход-1" ба "Луна-3" станцуудын хооронд. Москвагийн сансар судлалын музейн үзүүлэн

Уг станц нь саранд хүрч "СССР. Январь 1959" (ЗСБНХУ. 1959 оны нэгдүгээр сар) гэсэн бичигтэй дурсгалын дадар хүргэх ёстой байсан учир "Луна-1" (Сар-1) нэр авчээ. Гэвч станц сарнаас зөрөн өнгөрч Нарны дагуул болсон байлаа. Сурталчилгааны улмаас түүний тухай анхны зориулалтынх нь дагуу худал мэдээлсэн ч тэр нь түүхэнд бичигдэн үлдсэн юм. Анх удаа хүний гараар бүтсэн аппарат сансрын хоёр дахь гэх хурдыг (11,2 км/с) үзүүлэн газрын таталцлаас салан ниссэн юм.

Үйл явдал

Апольд хотод Фридрих Луис Доберман төржээ

1834 он: Германы Апольд хотноо, 1870-аад онуудад нохойн доберман-пинчер үүлдрийн эхлэлийг тавьсан Фридрих Луис Доберман (1834–1894) төржээ. Хотын сан хөмрөгт албатай тэрээр татвар цуглуулдаг байв. Ингээд энэ осолтой ажил хийхэд нь тусладаг пинчер нохойн дайчин чанарыг сайжруулах зорилтыг тэр тавьсан байлаа. Үүний тулд тэрээр пинчер нохдод хамгийн хүчтэй, хамгийн догшин пинчер маягийн золбин ноходыг авч нийлүүлэх болсон байв. Уг үүлдрийг “ухаанд хүргэх ажлыг” дараа нь фокстерьер үржүүлдэг байсан газрын эзэн Отто Геллер гүйцээжээ.

Луи Дагер Сарны анхны гэрэл зургийг авчээ

1839 он: Сар бол дэлхийг тойрдог цорын ганц тэнгрийн биет гэдэгт нь хүн эртнээс эргэлзэж байсангүй. Сар дэлхийгээс 384400 км-ийн зайд оршдог. Нарны идэвх өндөр үеэр сарны гадаргын зарим хэсэг люминесценцийн үйлчилгээн дор сулхан гэрэлтдэг. Түрэлтийн хүчээр Сар дандаа нэг талаараа дэлхийд хандсан байдаг билээ. Луи Дагер анх удаагаа сарны бидэнд харагдах хэсгийн гэрэл зургийг 1839 оны нэгдүгээр сарын 2-нд авсан бөгөөд дагерротип гэж нэрлэгдсэн үйлдлийг тэр жилийнхээ наймдугаар сард нийтэд танилцуулсан байна. Жилийн дараа одон орны дурангаар дамжуулан авсан сарны анхны гэрэл  зургийг Америкийн Ж.У. Дрейпер хийжээ.

Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж