
Өнгөрсөн шөнө “Уэст Бром”-ын “Долоогоно” цэнгэлдэхэд зочилсон лигийн тэргүүлэгч “МанЮ” 2:1 харьцаатай ялалт байгуулснаар тэргүүллээ бататгалаа. Өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш гоолдоогүй байсан Уейн Рүүни хар цувралаа зогсоож, шинэ оны эхний өдөр “Уэст Бром”-ын хаалгыг гоолоор мялаасан. Патриц Эврагийн дамжуулалтыг мөргөж, хаалганд оруулсан Рүүни тоглолтын гурав дахь минутад багтаа тэргүүлэл авчирсан юм. Гэвч “Улаан чөтгөрүүд”-ийн манлайлал тийм ч удаан үргэлжилсэнгүй. 14 дэх минутад Жеймс Моррисон 25 ярдаас хүчтэй цохилтоор тооны харьцааг тэнцүүлжээ. Улмаар “Уэст Бром” 62 дахь минутад тэргүүллийг гартаа авах боломжтой байсан ч шүүгч Крис Фойн олгосон торгуулийн цохилтыг Питер Одемвинге чулуу болгож чадсангүй. Харин зочин багаас Чичиарито тоглолтын эцсийн гоолыг оруулж, багтаа ялалт авчирсан байна. 60 дахь минутад Димитар Бербатовыг орлож, талбайд гарсан Хавьер Эрнандес үүргээ тун ч сайн биелүүлж, 75 дахь минутад тооны харьцааг 2:1 болгосон юм. Ийнхүү Чичиаритогийн гавьяагаар “Улаан чөтгөрүүд” ээлжит гурван оноогоо халаасалж, 41 оноотой хүснэгтийг тэргүүлж байна.
Мөн өчигдөр “Манчестер Сити” талбайдаа “Блэкпуль”-ийг 1:0-ээр хожсоноор “МанЮ”-гийн адил 41 оноотой хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдлээ. Гэхдээ “Юнайтед” хоёр тоглолт дутуу байгаа юм.
Өчигдөр болсон тоглолтын дүн:
“Уэст Бром” 1:2 “МанЮ”
“Ливерпуль” 2:1 “Болтон”
“Манчестер Сити” 1:0 “Блэкпуль”
“Стоук Сити” 2:0 “Эвертон”
“Сандерлэнд” 3:0 “Блэкбурн”
“Тоттенхэм” 1:0 “Фулхэм”
“Уэстхэм” 2:0 “Вулвес”
“Бирмингэм” 0:3 “Арсенал”
Харин өнөөдөр “Челси” талбайдаа “Астон Вилла”-г хүлээн авах бол “Ньюкасл” “Уиган”-ы талбайд зочилно.
С.Цэлмэг