Ц.Нямдорж гишүүн бухимдав

Хуучирсан мэдээ: 2011.01.01-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж гишүүн бухимдав

УИХ-ын баасан гаригийн чуулганаар НӨАТ-өөс жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг чөлөөлөх тухай төслийг хэлэлцсэн юм. Хуулийн хэлэлцүүлгийн явцад Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж үүнийг шүүмжилж, “Энэ хууль цоо буудуулсан поошиг шиг болох нь л дээ. Эхний хоёр томъёолол дээр гэхэд жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж сэлбэг хэрэгслийг Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлогыг НӨАТ-ийн татвараас чөлөөлнө гэж байгаа. Одоо Монгол улсын бүх тоног төхөөрөмж  жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай гээд ийнхүү татвараас гоожиж алга болно. 2006 онд татварын дөрвөн хуулийн шинэчлэлээр дахин чөлөөлөлт чиглэлээр хөнгөлөлт эдлэхгүй гэсэн бодлого гаргаж ирсэн. Уржнан жил гэхэд жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай орж ирж байгаа тоног төхөөрөмжийг бүгдийг чөлөөлөх шийдвэр гаргаад,  жагсаалтыг Засгийн газар гаргасан чинь долоон хуудас жагсаалт гарсан. Одоо дээрээс нь нэмээд үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаанаас олсон орлогыг бүгдийг нөтөөс чөлөөлнө гэдэг нь цаашид Монгол улс татваргүй болно шүү. Үүнийгээ Байнгын хороод нь авч үзмээр байна. С.Баярцогт сайд  энэ өргөн барьсан хуулиа татаж авбал яасан юм бэ? Татвар төлөх нь үнэн гэж алтан зарчим байдаг. Гэтэл жижиг, дунд үйлдвэрийн нэрээр бүх юмыг татвараас чөлөөлж хаяад байх уу? Үүнээс болоод ирэх оны татварын баланс алдагдахад хүрнэ шүү. Татварын хуулиудыг хэтэрхий  гоожуурын систем болгож болохгүй ээ. Зах зээлийн горимдоо нийцэж амьдармаар байна” хэмээн бухимдав. Татварын чөлөөлөлтийн талаар оны сүүлийн хурлаар оруулан батлуулах гэсэн нь ийнхүү шүүмжлэлд орж, завсарлага авахад хүргэсэн байна.

Б.Манд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж