Тендерийн хуулийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.31-нд нийтлэгдсэн

Тендерийн хуулийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 79.5 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд тусгаснаар орон нутаг нь өөрсдөө тендер зарлаж, ажил гүйцэтгэгчийг шалгаруулах болж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн яам тендер зарладаг зарчмыг  өөрчлөх юм.

УИХ-ын гишүүдийн хувьд дээрх зарчмын өөрчлөлтийг дэмжиж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Энэ хуулийн төслийг 2-3 жилийн турш ярьсны эцэст сая хэлэлцэж эхэллээ. Одоогийн мөрдөж байгаа хууль бол үндсэндээ Төсвийн тухай хуулийг зөрчдөг. Төрийн мөнгийг зүй бусаар зарцуулах нүх сүв цоорхой нь болж, өөгшүүлж байгаа. Жишээ татахад энд гишүүд бид нэлээд хүч гаргаж байж, орон нутагт дунд сургууль барих хөрөнгийг төсөвт суулгаад явуулдаг. Гэтэл яамнаас тендер зарлаад гүйцэтгэгчийг шалгаруулахад хариуцлагагүй компаниуд ороод ирэх жишээний. Адил хөрөнгө шаардсан хоёр сургуулийг хоёр өөр компаниар бариулахад нэг нь барилгын ажлаа дуусгаж цаг хугацаандаа ашиглалтад өгч чадаж байхад нөгөөх компанийнх нь ажил дөнгөж 50 хувьдаа орж байдаг гээд хариуцлагагүй явдлууд гараад байгаа учраас энэ бүхнийг хязгаарлахад хуулийн төсөл ач холбогдлоо өгнө” гэсэн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаад байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж