Саван, угаалгын нунтгийг хувиарлалтаар олгохыг зогсооно

Хуучирсан мэдээ: 2010.12.31-нд нийтлэгдсэн

Саван, угаалгын нунтгийг хувиарлалтаар олгохыг зогсооно

2011 оноос эхлэн Кубын засгийн газар саван, угаалгын нунтгийг ард
иргэддээ хувиарлалтын картын системээр олгож ирснийг зогсоохоор
шийдвэрлэсэн байна. Энэ тухай Gaceta Oficial цахим хуудсанд лхагва
гаригт нийтлэгдсэн бөгөөд кубын эрх баригчид социалист системийг  үр
ашигтай болгох гэсэн бас нэгэн алхам хийж байгаа нь энэ ажээ.

Уг сайтад дурдсанаар 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн саван,
угаалгын нунтаг, шүдний оог хувиарлан олгох бүтээгдэхүүний жагсаалтаас
хасч, чөлөөт зах дээр тусгайлан тогтоосон үнээр борлуулах юм байна.

АНУ-ын засаг захиргаа Куба улсын эсрэг эдийн засгийн хориг тогтоосны
улмаас иргэдийн өдөр тутмын хэрэглээний нэн чухал бараа товар болон
хүнсний бүтээгдэхүүнийг картын системээр хувиарлан олгох журмыг 1960
оноос эхлэн хэрэгжүүлж иржээ. Өнөөдрийн хувьд картын систем нь  “үр
ашиггүй, дааж давшгүй ачаалал” болж байна гэж кубын эрх баригчид үзэх
болжээ.

Картын системээр олгодог хүнсний үндсэн нэрийн бүтээгдэхүүн нь хэдийвээр
бүрэн хүрэлцээтэй бус боловч иргэддээ цагаан будаа, шош, элсэн чихэр,
наран цэцгийн тосыг 10 песо буюу америк долларын 45 центтэй тэнцэхүйц
үнээр картаар олгож, үнийг зөрүүг төр хариуцан зохицуулдаг байсан байна.

Кубын улсын телевизийн сувгаар зарим иргэд картын системээр хувиарлан
олгох журмыг өөрчлөх нөхцөл бүрдээгүй байгаа гэж сэтгэгдлээ ярьж,
иргэдийн цалин хөлс бага, өндөр үнэ зэрэг нь  өргөн хэрэглээний
бүтээгдэхүүнийг худалдан авах боломжийг хааж боогдуулна гэж үзэж байгаа
аж. Рауль Кастро төр, засгийн эрх барих болсноос хойш тариачдад
түрээсийн газар олгож, тариачдын улсад нийлүүлэх хүнсний бүтээгдэхүүний
үнийг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, хүнсний хомсдолыг арилгах зорилт тавьж
иржээ. Куба улс хүнсний бүтээгдэхүүний 80 хувийг гадаадаас импортлон
оруулж, картын системээр хувиарлан олгох журмыг баримталж ирсэн юм.

Эх сурвалж: REUTERS

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж