Учирсан хохирлыг 370 сая төгрөгөөр барагдуулна

Хуучирсан мэдээ: 2011.02.16-нд нийтлэгдсэн

Учирсан хохирлыг 370 сая төгрөгөөр барагдуулна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас өнөөдөр дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Увс аймгийн “Увс-Дулааны станц”-д гарсан гэмтлийн улмаас төсөвт болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд учирсан хохирлыг барагдуулахад шаардлагатай 370 сая төгрөгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн нөөц сангаас гаргахаар тогтлоо.

    Цаашид хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг дулаанаар байнга, найдвартай хангах зорилгоор “Увс-Дулааны станц”-ын эзэмшилд байгаа газар доорх шугам, сүлжээ болон станцыг орон нутгийн өмчлөлд эргүүлэн авах талаар судалж, танилцуулахыг Увс аймгийн Засаг даргад үүрэг болголоо. Засгийн газрын нөөц сангаас гаргасан 370 сая төгрөгийн тодорхой хувийг станцыг эзэмшигч аж ахуйн нэгжээр буцаан төлүүлэх арга хэмжээ авахыг судлах нь зүйтэй гэж хуралдаанаас үзсэн байна.

    Нөөц сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, гүйцэтгэлийн тайланг Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгалаа.

    2011 оны нэгдүгээр сарын 17-нд Увс аймгийн “Увс-Дулааны станц”-д гарсан техникийн гэмтлийн улмаас Улаангом хот хөлдөхдөө тулж аваарийн байдалд шилжсэн байсан юм.

    Улсын Онцгой комиссын өгсөн чиглэлийн дагуу салбарын яам, Эрчим хүчний газар Ажлын хэсэг гарган станцын 2 дугаар зуухны ул ширэм, явах ангийн суурь, үнс татах ковшийн засварыг богино хугацаанд иж бүрэн сольсон. Мөн хотын төв шугамд байсан усны томоохон алдагдлыг илрүүлж, хэрэглэгчдийг дулаанаар хангаж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

Томилолт урамшууллын зардлыг олгоно

Өнгөрсөн оны сүүлийн хагаст гарсан гамшгийн голомтод ажилласан аврагч, албан хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд зориулж хуулийн дагуу 194 сая 357 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.

Манай улсын хэмжээнд тохиолдсон хүчтэй салхи, шуурга, аадар бороо, аянга, хүн, малын гоц халдварт өвчин, үер, үйлдвэрлэлийн осол, аюулт үзэгдэл, цас зудын голомтод Онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 2270 албан хаагч ажиллаж 55 хүний цогцос гарган, 233 хүний амийг аварч, иргэдийн эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинг хамгаалах ажилд хүчин зүтгэжээ.

2010 оны сүүлийн хагас жилд ой хээрийн түймэр гэхэд л 12 аймгийн 32 суманд 51 удаа гарч 149 123 га талбай шатаж үлэмж хэмжээний хохирол учирсан байна.
Өнгөрсөн онд Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Завхан, Төв, Хэнтий аймагт гарсан ой хээрийн түймэр, тарваган тахлын халдвартай тэмцэх болон шүлхий өвчний улмаас устгасан малын нөхөн төлбөр, халдварын голомтыг устгах, тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулсан 1 тэрбум 700 сая 352 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.  
Нөөц сангаас олгосон хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулж, тайланг Онцгой байдлын ерөнхий газарт энэ оны I улиралд багтаан ирүүлэхийг дээрх амйгуудын Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгав. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж