Хаалгач: Диего Лопез. 29 настай Испани хаалгач энэ улиралд өөрийгөө бүрэн харуулж байгаа. Анх 19 настай байхдаа “Реал Мадрид”-д очиж байсан ч үндсэн бүрэлдэхүүнд гардаггүй байсан тэрбээр 2007 онд “Шар шумбагчид”-тай нэгдсэнээр боломжоо нээсэн юм. Хоёр жилийн өмнө “Вильярреал”-ыг тавдугаар байрт шалгарахад тусалж, улмаар шигшээдээ дуудагдсан.
Хамгаалагч: Рикардо Карвальо. 32 настай хамгаалагч энэ улиралд ирэнгүүтээ 15 тоглолтод оролцоод байна. Энэ хугацаанд хоёр ч гоол оруулж амжсан. Мөн “АС Милан”, “Атлетико Мадрид” багийг хожсон тоглолтуудын шилдэг тоглогчоор тодорсон. Түүний ачаар “Реал” 12 гоол л алдаад байгаа.
Хагас хамгаалагч: Андрес Иньеста. Каталоны багийн гол хөдөлгүүр болсон 26 настай хагас хамгаалагчийн дамжуулалтууд гайхалтай байгаа. Улирлын бүх тоглолтод оролцож, дөрвөн гоол оруулсан. Оны шилдэгт нэр дэвшсэн “Барса”-гийн гурвын нэг.

Довтлогч: Лионель Месси. Аргентин тоглогч энэ ангилалд үнэхээр шилдэг нь гэдгээ харуулсаар байна. Лигийн 100 дахь гоолоо оруулж, есөн тоглолт дараалан гоолдсон, нэг жилийн дотор 50 гоол оруулсан гээд олон олон амжилтыг Месси тогтоосон. Энэ оны шилдэг тоглогчоор шалгарах магадлал өндөр.
Амжилт нь буурсан тоглогч: Карим Бензема. 41 сая еврогоор Мадридад ирсэн Бензема сэтгэлд хүртэл тоглолт үзүүлэхгүй л байгаа. Энэ улиралд аль хэдийнэ 15 тоглолтод оролцоод байгаа ч ганцхан л гоол оруулаад байна. Жозе түүнд боломж олгосоор байгаа ч боломжийг ашиглаж чадахгүй л байна. Шигшээдээ ч мөн адил.
Шилдэг тоглогч: Месси, Роналду. Энэ улиралд дахиад л энэ хоёрын өрсөлдөөн үргэлжилж байна. Хоёулаа ижилхэн 17 гоолыг лигтээ оруулаад байгаа. Месси ихэнх гоолоо хурдан довтолгооноор оруулдаг бол Роналду 11, эсвэл хаалттай цохилтоос оруулж байна. Аравдугаар сард Роналду 11 гоол оруулж, нэг тоглолтоп дөрвөн гоол оруулсан.
Германы Бундеслиг
Хаалгач: Мануэль Нойер. Улирлын эхэнд “Шальке 04” олон хожигдсон ч энэ нь Нойерын буруу биш юм. Германы шигшээгийн хаалгач хаалгаа муугүй манаж байсан. Сүүлийн гурюан тоглолтод хаалгандаа гоол алдаагүй. Дунджаар гурван сейв хийж байгаа.
Хамгаалагч: Матц Хуммелс. 22 настай залуу хамгаалагч уг нь “Байерн Мюнхен”-д байсан ч 2008 онд “Дортмунд”-д зээлээр ирээд энэ багтаа үлдсэн. Төвийн хамгаалагч хэрнээ довтолгоонд идэвхтэй оролцдог. “Дортмунд”-ын амжилтанд зайлшгүй нөлөөлсөн тэрбээр Германы шигшээд энэ жилээс дуудагдах болсон.
Хагас хамгаалагч: Нури Сахин. 1988 оны хагас хамгаалагч маань 16 настайдаа Бундеслигт тоглож, хамгийн залуу тоглогчийн түүхэн амжилт тогтоосон билээ. Мөн хамгийн залуудаа гоол оруулсан тоглогч. Өнгөрсөн улиралд дөрвөн гоол, найман дамжуулалт өгч байсан бол энэ улирлын эхний хагаст хэдийнэ дөрвөн гоол оруулж, таван дамжуулалт өгөөд байна.
Довтлогч: Теоффанис Гекас. Грекийн шигшээ багийн довтлогч энэ улиралд Бундеслигт шуугиан тарьж байгаа. “Айнтрахт” дээгүүр хэмжээнд өрсөлдөж байгаа нь Гекасын ач. Тэрбээр 17 тоглолтод 14 гоол хийгээд байгаа.
Залуу тоглогч: Шинжи Кагава. 21 настай Япон хагас хамгаалагч Японд дөрвөн жил тоглохдоо бараг хоёр тоглолтод нэг гоол оруулж байсан. Харин энэ улиралд “Дортмунд”-д ирснээр энэ амжилтаа хадгалж, 16 тоглолтод найман гоол оруулаад байна.
Италийн Сери А лиг
Хаалгач: Кристиан Аббиати. “Милан”-ы Дида гэмтсэнээр энэ хаалгачийн байр суурь нэлээд аятайхан болж эхэлсэн. Хоёрдугаар хаалгач Флавио Рома ч мөн гэмтэл авснаар Аббиати энэ улирлыг гараанд тоглон өнгөрүүлж байна. Лигт 17 тоглолт хийхэд долоон clean sheet хийгээд байна.
Хамгаалагч: Тиаго Силва. “Милан”-ы төвийн хамгаалалтыг бүрдүүлэгч гол хүн нь Бразил хамгаалагч Силва юм. Неста зэрэг ахмад туршлагатай тоглогчдыг сэлгээнд шилжүүлсэн тэрбээр энэ зун “Реал Мадрид”-д очино гэсэн шуугиан тархаад байгаа.
Хагас хамгаалагч: Эрнанес. 25 настай Бразил хамгаалагч “Лацио”-гийн дундын шугамыг бүрэн хариуцаж байгаа. “Сау Паулу” багаас ирсэн энэ тоглогчийн талбайн мэдрэмж, чөлөөт цохилтууд үнэхээр гайхалтай. “Лацио” өдгөө Сери А-гийн гуравдугаар байрт яваа.Довтлогч: Златан Ибрахимович. Энэ улиралд “Милан”-ы гол довтлогч нь болсон тэрбээр 21 тоглолтод оролцож, 13 гоол, найман дамжуулалт өгөөд байгаа.
Залуу тоглогч: Хавьер Пасторе. 21 настай Аргентин хагас хамгаалагчийг “МанЮ”, “Порту”, “Милан”, “Челси” багууд булаацалдаж байна. Гоолын дамжуулалт өгөхдөө мэдрэмжтэй энэ тоглогч 17 тоглолтод долоон гоол оруулаад байгаа.