АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама

Хуучирсан мэдээ: 2010.12.31-нд нийтлэгдсэн

АНУ-ын Тэргүүн хатагтай Мишель Обама

Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн Барак Хуссейн Обама 2008 оны арваннэгдүгээр сарын 4-нд 64 хувийн саналаар ялалт байгуулж, АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчөөр сонгогдов. Түүхэн дэх анхны афроамерик иргэн тус улсын ерөнхийлөгч болсон нь шинэчлэл хэрэгтэй болсныг гэрчилсэн гэж болно. Сонгуулийн дүнгээс харахад, боловсролын төвшин өндөр хүн амтай мужууд болон хөдөө аж ахуй дагнан аж амьдралаа залгуулж буй ядуу цагаан иргэд ихтэй мужуудад Обама гайхамшигтай ялалт байгуулж чаджээ. Барак Обама ялалтын илтгэлдээ сонгуулийн үр дүн үргэлжийн мөнхөд сайн сайхны төлөө тэмцэж ирсэн баян ядуу, хөгшин залуу, Ардчилсан Бүгд найрамдах, хар цагаан, Ази Европ, тахир дутуу, эрхтэн бүрэн гэдгээс үл хамааран бүхий л америкчуудын хүчин чармайлтын дүнд бий болсон. Энэ бол миний ялалт биш, та бүхний ялалт байсан гэдгийг хэлээд, “Миний сайн анд, дотны зөвлөх, гал голомтыг минь сахин хамгаалагч амин сүнс, амьдралын минь утга учир Мишельгүйгээр би өнөөдөр энд байхгүй байсан. Тэр бол ирээдүйн тэргүүн хатагтай Мишель Обама” хэмээн хэлж байсан. Харин тэр эмэгтэй чухам хэн бэ?

Дэлхийн түүхийн хуудаснаа АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст Тэргүүн хатагтай хэмээн бичигдсэн энэ нэр өдгөө хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүлийн тэргүүн хуудаснаа залрах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель ЛаВон Робинсон Обама 1964 оны нэгдүгээр сарын 17-нд Иллиноис мужийн Чикаго хотод мэндэлжээ. Хүмүүс түүнээс өөрийнхөө тухай ярихыг хүсэхэд тэр огтхон ч татгалздаггүй. Бүхнээс түрүүнд Мишель өөрийгөө Малиа болон Саша нарын ээж хэмээн тодорхойлдог. Харин ээж болохоосоо өмнө, түүнчлэн гэрийн эзэгтэй, хуульч, нийгэм судлаач болохоосоо өмнө тэр Фрейзер болон Мариан Робинсон нарын хайртай бяцхан охин нь байжээ. Робинсоны гэр бүлийнхэн Чикаго хотын өмнөд дүүрэгт ганцхан унтлагын өрөөтэй энгийн л нэгэн тоосгон байшинд аж төрдөг байсан бөгөөд эцэг Фрейзер нь хотынхоо ус сувгийн компанид ажиллаж, харин ээж Мариан нь Мишель болон түүний ах Крейг нарыг асарч, гэрийн ажлаа амжуулахын зэрэгцээ хайр халамж, инээд хөөр, баяр баясгалан дунд хүүхдүүдээ хүмүүжүүлж, амьдралын ухаан хайрлаж байв. Мишель ахтайгаа хамт нэг өрөөнд унтдаг байсан бөгөөд тэр өрөө нь үнэн хэрэгтээ унтлагын ч биш зочны өрөөнд өрөө тусгаарлагч хийж тохижуулсан жижигхэн өрөө байж. Бага байхын л сэргэлэн, бусдын төлөө сэтгэл зүрхээ харамгүй зориулдаг байсан Мишель хотынхоо нэр хүндтэй сургуулиудын нэг болох Уитни-Янгийн нэрэмжит дунд сургуулийг дүүргэж, улмаар 1981 онд Принстоны их сургуулийн Нийгмийн судалгааны факультетэд элсэн, онц дүнтэйгээр сургуулиа төгсч, нийгэм судлаач мэргэжлээр бакалаврын зэрэг горилжээ. Мишель “Принстонд боловсрол эзэмшсэн өнгөт арьстнууд ба өнгөт арьстнуудын нэгдэл” сэдвээр диплом хамгаалж, тус сургуулийг төгсч гарсан өнгөт арьстнууд нийгэмд ямар байр суурь эзэлж буй талаар судалсан аж. Хожим нь тэр сургуулийнхаа тухай “BMW хөлөглөсөн коллежийн оюутнуудыг хараад би үнэхээр гайхдаг байсан. Гэтэл би өмнө нь оюутнууд битгий хэл BMW-гаар гоёсон томчуудыг ч харж байгаагүй шүү дээ” хэмээн дурсан ярьсан байдаг. Нийгэм судлаачийн мэргэжил эзэмшсэн Мишель дэлхийд алдартай Харвардын Хуулийн сургуульд суралцаж, 1988 онд Хууль зүйн докторын зэрэг хамгаалжээ.

Сургуулиа төгссөний дараа Мишельд Чикаго хотын “Сидли & Аустин” гэх хуулийн фирмээс ажлын санал ирж, улмаар маркетинг болон оюуны өмчийн асуудал хариуцах болов. Энд л тэрбээр ирээдүйн нөхөр Барактай учирсан аж. Ердөө ганцхан өнгөт арьстан ажилладаг байсан тус фирмд Харвардын оюутан Барак дадлага хийхээр ирж, түүний “багш”-аар томилогдсон Мишель аажим аажмаар Баракт татагдаж, хосууд 1992 оны аравдугаар сарын 18-нд гэрлэжээ. Дашрамд дурдахад, тэд анхны болзоондоо Спайк Лигийн найруулсан “Do the Right Thing” гэх кино үзэж байсан гэдэг. Баракийн чухам юунд сэтгэл татагдсан бэ гэж асуухад Мишель “Бусад хүмүүс түүнийг ямар учраас хүндэлдэг, яг түүнтэй ижил. Тэр бусадтай маш сайн харилцаж чаддаг” хэмээн хариулжээ. Хэдийгээр түүний эр нөхөр үргэлж олны анхаарлын төвд байдаг ч Мишель гэрлэлтдээ огтхон ч харамсдаггүй, гэр бүлийнхээ бат бөх байдалд өчүүхэн төдий ч эргэлздэггүй гэнэ.

Өдгөө хосууд Малиа Анн, Наташа гэх хоёр охинтой. Том охин Наташа (Саша гэж дууддаг) нь 1999 он мэндэлж, харин хоёр жилийн дараа Малиа гэх охинтой болжээ. Ээжийнхээ нэгэн адилаар охид Чикаго хотын өмнөд дүүрэгт төрж өссөн бөгөөд одоо Вашингтон хотын Сидуэллийн дунд сургуульд суралцдаг аж. Охидын хүмүүжилд эцэг, эхээс нь гадна эмээ Мариан Робинсон ихээхэн анхаарал тавьж, Цагаан ордонд хамт амьдарч байгаа юм.

Дашрамд дурдахад, Мишелийг боолын овоохойгоос Цагаан ордонд хүрсэн эмэгтэй хэмээн нэрлэдэг. Түүний элэнц эцэг Жим Робинсон Өмнөд Каролинд будааны талбайд ажилладаг боол байсан аж. Давчуухан байшинд тарчиг амьдрал амссан Мишель Барактай гэрлэхээс хоёр жилийн өмнө буюу 1990 онд эцэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Өвчтэй эцэгтээ эм авч өгөх ч боломжгүй хүнд үеийг туулсан Мишель хатуу бэрхийг үзэхийн хэрээр хатуужиж, өдийг хүртэлх амьдралаа өөрийн гараар цогцлоож чадсан хүчирхэг эмэгтэй юм.

Анхны хар арьст Тэргүүн хатагтай, улс төрийн тавцан дахь хиймэл бус өөрийнхөөрөө, бие даасан эмэгтэй гэдгээрээ тэр олны анхаарлыг ихээхэн татаж буй. Америкийн хэвлэлээр Мишелийг Америкийн Карла Бруни, улс төрийн секс бэлгэ тэмдэг хэмээн бичиж, алдарт “People” сэтгүүлийн энэ оны хамгийн дэгжин хувцасладаг эмэгтэйчүүдийн жагсаалтад зүй ёсоор багтжээ. Сүүлийн үед телевизийн сувгаар олон төрлийн нэвтрүүлэгт оролцох болсон хатагтай Обамаг загварын хүрээнийхэн, шинжээч, шүүмжлэгчид төдийгүй энгийн иргэд ч ихээхэн таашааж, сайхан хувцасладаг, загварын мэдрэмжтэй нэгэн хэмээн үнэлдэг. 2007 онд анх “Vogue” сэтгүүлийн хавтсанд зургаа авахуулж, загварын хүрээнийхний анхааралд өртөж байсан Мишель ээлж дараалан алдартай сэтгүүлүүдийн шилдгийн тоонд багтаж, Харвардын их сургууль түүнийг нөлөө бүхий 100 төгсөгчдийн нэг хэмээн онцлов.

Америкийн түүхэн дэх хамгийн өндөр тэргүүн хатагтай нарын нэг тэрээр ихэвчлэн Кэлвин Клайн, Оскар де ла Рента, Изабель Толедо, Нарсисо Родригез, Донна Рикко болон Мариа Пинто нарын урласан даашинзаар гоёдог бөгөөд тамирчин мэт тэгш сайхан бие галбир, мөрөө гаргасан ханцуйгүй даашинз түүний нэрийн хуудас болсон гэж болно.

Тэргүүн хатагтайн хувьд Мишель Обама бусдаас ихээхэн ялгардаг. Түүнийг өмнөх тэргүүн хатагтай нартай харьцуулж, Нэнси Рейган шиг нөхөртөө нөлөөлж чаддаг, Барбара Буш шиг нөхөртөө хайртай, Хиллари Клинтон шиг идэвхтэй, эрч хүч дүүрэн хэмээн дүгнэж, харин үзэл бодлын хувьд Элеонора Рузвельттэй жишдэг юм. Гэхдээ түүний биеэ даасан, тусгаар тогтносон байдал, нөхрөө зөв талаас нь дэмжих чадвар, торгон мэдрэмж нь түүнийг дөвийлгөж, давуу тал нь болдог. Тэр нөхрөө “Өөдөсхөн” хэмээн өхөөрдөж, “Өөдөсхөн минь чи ихийг бүтээж чадна. Их ажиллавал чи дэлхийг ч өөрчилж чадна” хэмээн хэлж байсан удаатай. Харин Барак түүнийг “Хувь заяа минь” гэдэг. Үнэхээр л хувь заяагаар учирсан хосууд амьдралаа өөрсдийн гараар бүтээж, нэгнийхээ дутууг нөхдөг гэнэ. Мишелийн хувьд хотын захирагчийн туслах, Чикагогийн их сургуулийн удирдах албан тушаалтан зэрэг нэр хүндтэй ажил хийж, нөхрөөсөө ч их цалин авч байсан ч хайрт нөхрийнхөө төлөө бүхнээ золиосолж, Баракийн сонгуулийн ажилд бүхий л зүрх сэтгэлээ зориулжээ. Баракийг ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон тухай анх сонсоод Мишель тийм ч таатай хүлээж аваагүй гэнэ. Эх хүний хувьд охиддоо санаа зовж, байж болох муу нөлөөнөөс сэргийлж байжээ. Сонгуулийн кампанит ажлын эхэн үед тэр долоо хоногт ердөө хоёрхон удаа улс төрийн арга хэмжээнд оролцож, зөвхөн охидтойгоо хамт байна гэсэн нөхцөл доор л хоногоор ажиллаж байлаа. Харин удалгүй 2008 оны хоёрдугаар сараас эхлэн түүний оролцоо илт нэмэгдэж, найм хоногийн дотор 33 арга хэмжээнд оролцох явдал ч гарав. Үнэндээ ч Баракийн улс төрийн карьерт Мишелийн оролцоо асар их байсан нь мэдээж. Мэргэжил нэгтэйн дээр гэрийнхээ гал голомтыг сахиж, нөхрийнхөө ажил амжилтын замналыг дардан байхад анхаарлаа хандуулна. Гэхдээ өөрийгөө хэзээ ч орхигдуулаагүй, бусад тэргүүн хатагтай нар нөхрөө ам булаалдан магтаж байхад тэр Баракийг гэрийн ажилд тааруухан гэж хэлэхдээ огтхон ч эргэлзээгүй юм.

Мишель Обама АНУ-ын тэргүүн хатагтайгаар тодорсноос хойш асар богинохон хугацаанд олны дэмжлэг авч чадсан. Ялангуяа цэргийн гэр бүлийнхэн болон зарим нэг Бүгд найрамдахчуудаас дэмжлэг хүртэж чадсан явдлыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ихээхэн онцолж байна. Түүнчлэн хатагтай Обамаг хувийн карьер сайтай эмэгтэй, жинхэнэ ээж бас улстөрчийн сайн эхнэр байх тал дээр мэргэшсэн хэмээн дүгнэдэг нь оргүй хоосон зүйл биш юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж