
2010 он Монгол орны хувьд амжилт бүтээлээр дүүрэн байж, хийж бүтээхийн их өрнөлийг тавьсан жил болж өнгөрлөө. Тэр дундаа тэртээх цагаан морин жилийн тэсгим хүйтэнд эхлүүлсэн Ардчилсан Хувьсгал эрийн цээнд хүрч, түүхэн ойгоо бүтэн жилийн турш тэмдэглэн өнгөрүүллээ.
20 жилийн өмнө эхлүүлсэн Ардчилсан Хувьсгалын баатруудыг Монголын төр үнэлж шагнасан, түүхэн өдрүүдээ тэмдэглэсэн, ирэх арван жилд явах зүг, хийх ажлынхаа эхлэлийг тавьсан их амжилтаар энэ оноо үдэж байна.
Хамтарсан Засгийн газар 2010 онд Монголын эдийн засагт шинэ эргэлт гаргаж чадлаа.
“Оюутолгой”, “Тавантолгой” бүтээн байгуулалтын их хүч болон хөдөлж эхэллээ. Ингэснээр Монгол хүн бүр хөрсөн доорхи баялгаасаа хувь хүртэж эхэлсэн төдийгүй, насан туршдаа газрын баялгаасаа “Эрдэнийн хувь” хүртэх боломж бүрдлээ.
2011 он Монгол хүн бүрийн хувьд шинэ зууны хоёр дах аравны эхлэл, ирээдүй өөд өөдрөгөөр харсан жил болон эхлэх гэж байна.
Уул уурхайн салбарууд эргэлтэнд орсоноор Шинэ төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, 100,000 айлын орон сууц, авто зам зэрэг Монгол оронд урьд өмнө сонсогдоогүй бүтээн байгуулалтын нөр их ажил биднийг хүлээж байна.
Ардчилсан нам Ардчилсан Хувьсгалын хоёрдох давалгаа эдийн засгийн хувьсгалыг эхлүүлж, “Монгол хүн-2020” хөтөлбөрийг ард түмнээрээ хэлэлцүүлэхээр болж байгааг энэ мөчид дуулгахад таатай байна.
Монгол хүн эх орондоо эзэн нь байж
ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ
ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ
ЭРҮҮЛ ЧИЙРЭГ
АЖИЛТАЙ, ОРЛОГОТОЙ
АЮУЛГҮЙ ОРЧИНД сэтгэл өөдрөг амьдрах нь “МОНГОЛ ХҮН-2020” хөтөлбөрийн зорилго юм аа.
Монгол орныхоо төдийгүй Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч, ажиллаж, сурч байгаа монголчууддаа айлчлан ирж буй шинэ оны мэндийг хүргэж, аз жаргал, амжилт бүтээл нь оргилон дэвжиж байхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Та бүхэндээ Шинэ оны мэнд хүргэе.