2010 оны хамгийн ”муу” 10 баг

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

2010 оны хамгийн ”муу” 10 баг

10. “Эль Классико” дахь Реал Мадрид…


2009 оны зун наймааны зах дээр бужигнуулж бүрэлдэхүүнээ эрс
хүчирхэгжүүлж чадсан Испанийн Эзэн Хааны баг 2010 онд нэг ч цом авч
чадаагүй. Мөн дайран дээр давс гэгчээр Аваргуудын Лигийн шөвгийн 16-гаас
хэтэрч чаддаггүй өвчнөө давтаж, Испанийн цомын тэмцээнд 16-д ч үлдэж
чадаагүй гэх мэт таатай гэхээсээ тааруухан мэдээгээр дүүрэн байсан Реал
Мадридыг “муу” багийн 10-т нэрлэж байна.
Хэдийгээр Моуриньо ирснээр Реал Мадридын тоглолт шинэ түвшинд гараад
байгаа ч Барсагийн хажууд “ногоон”-оороо байгаа нь өнгөрсөн сарын 29-д
болсон Эль Классикод харагдсан билээ. Барселон клүб өөрийн
байгуулагдсаны 111 жилийн ойн өдрөөр түүхэн ялалт байгуулсан бол
Реалынхан тэр ялалтын “гэрч” нь болсон юм. Хувь заяаны шоглоом гэж…
Өнгөрсөн улиралд өөрсдийн хүрэх ёстой амжилтдаа хүрч чадаагүй Эзэн
Хааны баг буюу Реал Мадрид “оддыг оршуулдаг биш, оддыг төрүүлдэг, оддыг
гялалзуулдаг” баг болж, 2011 оны шилдэг багийн нэг болно гэдэгт найдаж
байна. Энэ жилийн “муу” баг ирэх жилийн түрүү магнай болох болтгугай.
😀

9. “Рафа”-тай Интер

2010 оны 5 сард  Италийн Интер Милан клүб Италийн клүбүүдээс анхны
хэт-трикийг хийж түүхийн анхдагч болсон билээ. Гэтэл яг тэр
бүрэлдэхүүнээрээ жилийн сүүлийн хагаст дэндүү муу тоглолт үзүүллээ. За
яахав амжилтдаа ханасан тоглогчдын сэтгэлзүй, гэмтэл бэртэл, өнгөрсөн
зун багтаа нэг ч олигтой тоглогч аваагүй, тоглогчид нь ДАШТ-ний дараа
сэргэлт авч чадаагүй зэрэг олон шалтгаан Интерийн муу тоглолтын уг үндэс
байж болох юм. Гэхдээ л тэдний үзүүлж буй өнөөдрийн тоглолт ердөө
хагас жилийн өмнөхөөс тэнгэр газар шиг ялгаатай байгаа гэдгийг уншигч
та бүхэн мэдэж байгаа. Олон шалтаг тоочиж болох ч тэнгэр газрын ялгаа
гарахаар тийм шалтгаан гаргах хэцүү л дээ.
Хэдийгээр тэд 2010 оны сүүлийн хагаст 2 цом нэмж хүртсэн ч эдгээр 2 цом
бол ердөө л бэлэгдлийн чанартай эд гэдгийг хөлбөмбөг сонирхогч та
бүхэн мэдэж байгаа.
“Рафа”-тай Интер дэндүү “тааруу” тоглож байгаа тул 2010 оны муу багуудын жагсаалтын 9-д “Рафа”-тай Интерийг нэрлэж байна.

8.  “Мара”-тай Аргентин

Магадгүй 2010 оны ДАШТ-д оролцсон хамгийн хүчтэй бүрэлдэхүүнтэй баг
Аргентины шигшээ баг байсан байх. Аргентин тоглогчид өнгөрсөн улиралд
үнэхээр ноёрхож байлаа. Тевез Премьер Лигт гялалзаж байхад Аргентин
тоглогчид дээр тулгуурласан Интер авч болох бүхий л цомыг түүлээ. Месси
бол угаасаа тодорхой. Дээр нь Игуан урьд хожид байгаагүй сүпер формтой
байж, Ди Мариа Португалд бужигнуулж байлаа. Гэтэл “Мара” сонин шийдвэр
гаргаж “сонин” баг бүрдүүлсэн байв.
Энэ нь ч ДАШТ-ний үеэр тод харагдаж байлаа. Эхний тоглолт. Нигерийн
шигшээ багт гоолын мэдрэмжтэй нэг л хүн байсан бол Аргентин эхний
тоглолтдоо л будаа болох байлаа.  За тэгээд шөвгийн 16-д
“Аргентин+Шүүгч” болж Мексикийг мулталсандаа.
Үүний ч гор гарч шөвгийн наймд “Лёвийн Хүүхдүүд”-ээр хичээл заалгав!!!
4:0 гэдэг бол Аргентин шиг багт, дээр нь мөнхийн өрсөлдөгчдөө тэгж
хожигдоно гэдэг бол үнэндээ доромжлол юм да. Ийм шалтгааны улмаас
“Мара”-тай Аргентиныг муу багийн 8-д нэрлэж байна.

7. “Ранери”-гүй Ювентус

2007 онд Ювентус клүб Сери-А-д эргэж гарч ирсэн билээ. Тэгэхэд
Ювентусын удирдлагууд Д.Дешамийг халж оронд нь Ранериг сонгож байсан.
Д.Дешам дахиж сэхэхэд бэрх болоод байсан Ювентусыг хөл дээр нь босгосон
бөгөөд түүнийг ажлаас нь чөлөөлөхөд олон хүн гайхаж байсан. Гэтэл
Ювентусын удирдлагуудын шийдвэр зөв байж К.Ранеригаар удирдуулсан “хар
цагаанууд” Сери-А-гийн шилдгүүдийн тоонд дахин багтсан юм. Ранеригаар
удирдуулсан Турины баг 2008 онд 3-т 2009 2-т ороод байлаа. Тэгтэл 2009
оны намар сонин үйл явдал болж Ювентусыг маш сайн удирдаж байсан Ранериг
ажлаас нь чөлөөлсөн билээ. Гэнэтийн шийдвэр гаргаж сюрприз барих
дуртай Ювентусын удирдлагуудын шийдвэр энэ удаа буруу байлаа. Ранеригүй
Ювентус шалдаа бууж өнгөрсөн улиралд эхний 4-т багтах байтугай Европа
Лигийн эрхгүй хоцорсон билээ.
Харин эсрэгээр Ранери мандсан. Ранеритай Ювентус 2-т орж байгаа 7-д
орсон бол Ранериг ирэхэд 18-д явж байсан Рома улирлын төгсөлд аварга
болонгоо алдсан билээ.
Удирдлагын буруу шийдвэрээс мандаж байсан Ювентус өнгөрсөн жил дэндүү
муу тоглосон тул 2010 оны муу багуудын жагсаалтын 7-д нэрлэж байна.

6. “Ханиндаа” – Бока Хуниорс, Ривер Плейт


Аргентины хөлбөмбөгийн түүхийг бичилцэж байсан, бичиж байгаа, ирээдүйд ч
бичих, авьяастнуудын дундаршгүй, ширгэшгүй уурхай болсон Аргентины
домогт хоёр клүб бол Бока Хуниорс болон Ривер Плейт юм.
Бока Хуниорс бол олон улсын болон улсын чанартай тэмцээнүүдээс 43 цом
хүртсэн баг байдаг бол Ривер Плейт Аргентины аваргаар 33 удаа тодорч
түүхэн амжилт үзүүлсэн байдаг юм. Уг хоёр багийн тоглолтыг зүгээр ч нэг
классико гэж нэрлэдэггүй бөгөөд бүр “сүперклассико” гэж нэрлэдэг юм.
Үргэлж аваргын төлөө өрсөлдөж байдаг хоёр баг Аргентины аварга
шалгаруулах тэмцээний хаврын тойрогт доод лиг рүүгээ унах дөхөв!!!
Бока Хуниорс доод лиг рүү унасан багаас ердөө ганц оноо илүү авч дээд
лигтээ үлдэж чадсан бол Ривер Плейтийн хувьд доод лиг рүү унасан багаас
3-хан оноо илүү авсан гээд боддоо.
Уг нь аваргын төлөө өрсөлдөх ёстой Аргентины “Барса, Реал” хоёр доод
лиг рүү унангаа алдсан тул 2010 оны муу багуудын жагсаалтын 6-д нэрлэж
байна.

5. Аяаяаяа… Африкын багууд муу байлаа

Яг үнэндээ 2010 оны ДАШТ-ний өмнө ихэнх мэргэжилтнүүд, шинжээчид,
судлаачид, хөлбөмбөг сонирхогчид Африк тивд анх удаа зохиогдож байгаа
ДАШТ-д Африкын багуудаас муугаар бодоход нэг баг хагас шигшээд шалгарна
гэж таамаглаж байсан. Түүгээр ч зогсохгүй Африк баг ч анх удаа алтан
цомыг өргөж магадгүй тухай яриа гарч байсан.
Гэтэл бодит байдал болон таамаглал хол зөрүүтэй байсныг ДАШТ-ний үр дүн
нотолно. Зарим шилдэг багуудыг ч ичээмээр, байрлал бүрдээ сүпер
тоглогчдоос бүрдсэн Кот’д Ивуарын шигшээ баг үхлийн хэсэг орж тэндээ
“чад” хийсэн бол Камерун, Нигерийн шигшээ багуудад тун дажгүй сугалаа
таарсан ч өөрсдийн арчаагүйгээсээ болж Азиудад дээрлэхүүлсэн.
Камерунчууд Японыг, Нигерийн шигшээ баг Өмнөд Солонгосыг үнэндээ
дийлээгүй.
Харин талбайн эзэд хэсгээсээ шалгараагүй бөгөөд нэгэн таагүй амжилтаар
ДАШТ-ний түүхэнд үлдсэн бөгөөд ДАШТ-нийг зохион байгуулагч улс
түүхэндээ анх удаа хэсгээсээ шалгарч чадаагүй гэдэг базаахгүй
“амжилт”-ын эзэд болсон юм.
Африкын тивийн багуудын нүүрийг Ганын шигшээ багийнхан “тахалсан”. Тэд
ДАШТ-ний шөвгийн 8-д шалгарсан Африкын 3 дахь багаар тодорсон. Харин
тэдний ДАШТ-ний хагас шигшээд шалгарсан анхны баг болоход Суарезын
“бурхны гар” саад болсон юм.
Бараг л гэртээ тоглосон Африкын багууд ДАШТ-д муу тоглосон тул тэднийг 2010 оны муу багуудын жагсаалтын 5-д нэрлэж байна.

4. Сүүлийн байрт орохгүйн төлөө… – Итали, Франц

2006 оны 7-р сарын 9-ний өдөр, Германы нийслэл Берлийн хот, Олипштадион
цэнгэлдэх хүрээлэн. Хөлбөмбөгийн ДАШТ-ний аваргын алтан цомын төлөө
1998 оны дэлхийн аварга, З.Зидан тэргүүтэй Францын шигшээ баг, дэлхийн 3
удаагий аварга Италийн шигшээ багууд тоглохоор гарч ирж байна…
Дээр өгүүлсэн зүйл бол түүх!
2010 оны 6-р сар, ӨАБНУ. Францын шигшээ баг дотор хагарал үүсчээ,
Францын шигшээ баг дорорх хувьсгал, Гюркүфф шоовдорлогджээ, Анелькаг
хөөв, Эвра тэргүүтэй тоглогчид бэлтгэлээ таслав… Дэлхийн аваргууд
хүнд байдалд орлоо, итгэмээргүй юм Италичууд нутаг буцах болов,
Каннаваро хувцас солих өрөөндөө нэвширтлээ уйлжээ, М.Липпи ажлаа
өглөө…
Дөрвөн жилийн өмнө аваргын төлөө өрсөлдөж байсан уг хоёр баг 2010 оны ДАШТ-д 31, 32-т орохгүйн төлөө өрсөлдөв…
Ийм шалтгааны улмаас 2010 ДАШТ-нээс өмнө дэлхийн аварга болон дэд
аваргууд байсан Итали, Францын шигшээ багийг 2010 оны хамгийн муу
багуудын жагсаалтын 4-т нэрлэж байна.

3. “Лүүзэрпүүл” бил үү? Ливерпүүл бил үү?

2009 оны хавар Английн Премьер лигийн аваргын төлөө өрсөлдөөн тун
ширүүн өрнөж байсан билээ. Ливерпүүлчүүд Премьер лигийн аваргын төлөө
өрсөлдөж байсан Манчестер Юнайтедыг талбай дээр нь 4:1-ээр бут ниргэж
эцсийн мөч хүртэл Манчестерийн араас нэхсэн боловч түрүүлж чадаагүй.
Харин 2009 оны зун Манчестерийн гол тоглогч К.Роналдо Реалд дэлхийн
хамгийн үнэтэй хөлбөмбөгчин болж очсон. Хамгийн гол өрсөлдөгч нь
түлхүүр тоглогчоо өөр багт алдсан байсан бол Ливерпүүлийн хувьд байдал
маш сайн байсан юм. Тэд Шаби Алонсог Реал руу явуулж оронд нь Аквиланыг
авснаар сул зайгаа нөхсөн.
Өнгөрсөн улирлын эхэнд Премьер лигийн экспертүүд Ливерпүүлийг Премьер
Лигийн аварга болно гэж бараг бүгдээрээ санал нэгдэж байсан. Гэтэл бүх
юм орвонгоороо эргэсэн!
Улирлын эхэнд хэд хэдэн хожигдол хүлээсний дараа шинэ жил гэхэд бүх юм
хэвэндээ орно гэх зэргээр Ливерпүүлд маш их итгэл хүлээлгэж байсан юм.
Тэгтэл мордохын хазгай гэгчээр “хотон шувуунууд” Аваргуудын лигийн
хэсгээсээ ч шалгарч чадсангүй.
Улмаар Ливерпүүлтэй ямар ч баг таарч тоглохдоо бэргэхээ больж,
Ливерпүүлийн хожигдол тэнцээний тоо хожлоосоо давах болсон. Улмаар
улирлын төгсгөлд Рафа Бенитез ажлаа өгч түүний Рой Хожсон томилогдсон.
Р.Хожсон ирээд ч байдал өөрчлөгдсөнгүй, сайжрах байтугай улам дордож
бусад багийн хөгжөөн дэмжигчид Ливерпүүлийг “Лүүзэрпүүл” гэж дуудах
боллоо.
Дайран дээр давс гэгчээр саяхан Челсийг ахлагч Жон Терри “Бид Ливерпүүл
биш учраас дараа дараагийн тоглолтдоо хожих болно” гэсэн ярицлага
өгсөн нь бусад багууд Ливерпүүлийг яаж үнэлж байгаа нь харагдаж байгаа
юм.
Ийм шалтгааны улмаас Ливерпүүийг 2010 оны муу багуудын жагсаалтад 3-т нэрлэж байна.

2. Фейеноордийн түүхэн дэх хамгийн хар өдөр дохиов

Нидерландын хөлбөмбөгийн гурван “ноён оргил”-ын нэг, Аваргуудын цомын
аварга, УЕФА-ийн цомын аварга, Нидерландын 14 удаагийн аварга баг бол
Роттердамын Фейеноорд клүб билээ.
Гэтэл 2010 оны 10 сарын 24-ний өдөр Фейеноордын түүхэнд хараар
бичигдэх, тэгэхдээ хамгийн хараар бичигдэх өдөр болсон юм. 2010 оны
10-р сарын 24 !
Энэ өдөр Фейеноордынхон эвлэршгүй өрсөлдөгч болох ПСВ Эйндховен клүбт
10:0 бут ниргүүлэв. Уншигч та үүнд битгий эргэлзээрэй, та буруу
хараагүй, тоо 10:0 – ээр өндөрлөсөн юм. Энэ тоо бол эвлэршгүй
өрсөлдөгчдийн хувьд дэндүү дэндүү гэхэд арай дэндүү доромжлол юм. Том
багууд бие биенээ олон тоогоор хождог л до. Гэхдээ арай ч ингэж хожсон
тохиолдол байдаггүй байх. Тэртээ 40-өөд онд л Реал Мадрид заналт
өрсөлдөгч Барселоныг 11:1-ээ хожиж байснаас өөр “аймар том” хожил
байгаагүй байсан бол 2010 онд энэ жагсаалт нэгээр нэмэгдлээ.
Мордохын хазгай гэгчээр Фейеноордынхон энэ улиралд дэндүү муу тоглож
байгаа бөгөөд тэд Европа лигийн урьдчилсан шатнаас мултарсан төдийг
Нидерландын цомын тэмцээнээс хасагдаад байгаа юм. Мөн тэд одоогоор
Нидерландын Лигийн тэмцээнд 13-р байранд бичигдэж байна.
Ийм шалтгаануудын улмаас Фейеноорд клүбийг 2010 оны муу багуудын 2-т нэрлэж байна.

1. Азгүй биш “муу!!!” – Англи

Дөчин дөрвөн жилийн дараах мөрөөдөл биелэх цаг болсон, Капеллогийн
залуус л үүний хийж чадна, Жеррард тэргүүтэй “гурван арслангууд” аварга
болох хамгийн өндөр магадлалтай баг, ялалтын тэнгэртэй Фабио Капелло
байхад ямар нэгэн юм дуулгаж л таарна гэх зэргээр өнгөрсөн зун болсон
ДАШТ-ний өмнө шуугьж байсан билээ.
Харин Английн шигшээ баг дэлхийгээр нэг тарсан үнэнч хөгжөөн
дэмжигчдийнхээ урмыг “хуга дарсан”. За яахав Английн шигшээ үзүүштэй,
урамтай, дайчин, эрч хүчтэй, тоглолт шиг тоглолт хийгээд ДАШТ-нийг
орхисон бол тэдний  хөгжөөн дэмжигчид гомдохгүй байсан байж болох юм.
Гэтэл ДАШТ-д тоглосон Английн шигшээ багаас хөлбөмбөг гээ ч юмыг
хайгаад хайгаад, эрээд эрээд үнэндээ олоогүй. Үлбэгэр, удаан, эрч
хүчгүй, дамжуулалтгүй “буудахаас” өөр юмгүй гээд хөлбөмбөгт байж болох
бүх “муу юмыг” шингээсэн баг бол өнгөрсөн зун ДАШТ-д тоглосон Английн
шигшээ баг байсан юм.
Хэдийгээр хэсгийн тоглолтдоо муу тоглож байсан ч хасагдах шатны
шийдвэрлэх тоглолтууд дээр л жинхэнэ тоглолтоо гаргана гэж Английн
хөгжөөн дэмжигчид итгэж байсан. Харин энэ итгэл бодит байдал дээр
цөөхөн бөмбөгөөр хожигдоосой гэсэн хүслээр солигдсон юм. Африкт
гялалзсан “Лёвийн хүүхдүүд”-ийн ээлжит золиос нь англичууд байсан
бөгөөд “ах нар нь дүү нараараа” хөлбөмбөгийн хичээл заалгасан.

Дэлхийн хамгийн шилдэг дасгалжуулагчдын нэгээр удирдуулсан, байрлал
бүрдээ дэлхийн шилдэг тоглогчдыг багтаасан Английн шигшээ баг 2010 оны
ДАШТ-д “хөгөө чирсэн” тул CSPORTS.mn АНГЛИЙН ШИГШЭЭ багийг 2010 оны
ХАМГИЙН МУУ БАГААР нэрлэж байна.

Эх сурвалжийг:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж