
“Түшиг”-ийн Баттүшиг гэсэн тодотголтой залуу захирал компани груп болгон үргэлжлүүлж, Түшиг их дэлгүүрээс гадна хотын супер төвд Улаанбаатар их дэлгүүрээ нээж, дэлхийн стандартыг Улаанбаатараас мэдрүүлнэ гэсэн зорилго тавиад байгаа. Дэрсхэн балчир хүүхэдтэй мисс бүсгүй Э.Мөнгөнцэцэг ч танхилхан гэргийн дүрээ business woman тодотголоор солиод байна. Тэрбээр Улаанбаатар их дэлгүүрийнхээ захирлаар ажиллаж байгаа. Дэлхийн нэртэй брэнд худалдаалдаг Улаанбаатар их дэлгүүрийнхэн энэ удаад алдарт Chanel –ийг Монголд анх удаа албан ёсоор худалдаалж буйгаа зарлан тунхаглалаа. Монголын дээдсийн хүрээнийхэн, урлаг соёлын оддыг цуглуулсан Chanel-ийн нээлтийн ёслолын үзэсгэлэнт захирал бүсгүй нээж, улаан тууз хайчлан, ирсэн зочидтойгоо эелдгээр мишээн бараа бүтээгдэхүүнээ танилцуулж, тэр үдшийн жинхэнэ эзэн хатагтайн үүргээ гүйцэтгэж олныг бишрүүлэв. Шаргал үстэй ялдам бүсгүй дэлхийд алдартай Chanel-ийн Ази номхон далайн бүсийн захирлыг Монголдоо урин танилцуулж, зочидтойгоо эелдэг гэгч нь ярилцаж байв. Өдгөө 29 настай захирал бүсгүй Монголын хамгийн залуу захирлуудын нэг ч гэж тооцогдож болохоор, томоохон их дэлгүүр, нэртэй компанийн хувьд. Захирал бүсгүй мөн нөхрийгөө Монголын тансаг хэрэглээ брэндийн зах зээлийн загалмайлсан эцэг гэж бардамхан зарлаж байна.