Эко констракшны зарим байрын халаалт доголджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Эко констракшны зарим байрын халаалт доголджээ

Эко констракшины Баянзүрх дүүрэг дэх  зарим орон сууцны халаалт доголдож, өвлийн хүйтэнд  оршин суугчдынх нь эрх ашиг зөрчигдсөөр удаж байгаа аж. Олон сая төгрөгөөр худалдаж авсан  байр нь ийнхүү халаалтгүй байгаа оршин суугчид бухимдаж буй.  Халаалт дулаан өгч эхэлсэн аравдугаар сараас л Баянзүрх хотхоны зарим айлын халаалт доголдож  эхэлсэн байна. Энэ талаар тус  орон сууцыг барьсан Эко констракшны Баянзүрх хотхоныг хариуцсан менежерээс тодруулахад “олон айл халаалтгүй  байгаа зүйл байхгүй. Халаалт нь сул байгаа  цөөн тооны айл бий. Цаанаасаа ирж байгаа дулаан нь хангалттай хүрэлцэхгүй байгаагаас дулаанаа шахаж дийлэхгүй байна. Мөн дулаан дамжуулах горимын алдагдал гарснаас үүдэлтэй. Бид дулаан өгч эхэлснээс хойш шаардлагатай засваруудыг шат дараатай хийсээр байна. Ойрын хугацаанд халаалт нь доголдож  байгаа цөөн айлын  дулааныг хэвийн  өгч эхэлнэ” гэх хариулт өгсөн юм. “Эко констракшн” компанийн барьсан Баянзүрх хотхонд нийт 480 айл оршин суудаг  аж. Өмнө нь тус хотхоны гаражид  борооны ус орсноос оршин суугчдын автомашин эвдэрч гэмтэж  байсан  удаатай.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж