
-Икер, FIFA Ballon d’Or 2010-ын эзэн удахгүй тодрох гэж байна. Таныхаар энэ шагналыг хэн хүртэх бол?
-Испанийн тоглогч энэ шагналыг хүртэх нь шударга явдал гэж бодож байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэд үнэхээр гайхалтай байж чадсан. Ballon d’Or-ын эзнийг тодруулахад ДАШТ чухал нөлөө үзүүлэх байх. Хэрэв эзэн нь испани тоглогч биш бол надад өөр мэдэх юм алга.
-Нэр дэвшигчдийн дотор таны нэр багтсан байсан. Гэхдээ урьд өмнө энэ шагналыг хаалгач авч байсан удаагүй шүү дээ. Чухам ямар учраас гэж бодож байна?
-Хаалгачаас илүү бусад тоглогчдын хувьд магадлал харьцангуй өндөр шүү дээ. Хөлбөмбөг гэдэг үргэлж хөдөлж, дамжуулж, гоолдож, харилцан үйлчлэлийн хүчинд идэвхтэй өрнөж байдаг. Магадгүй хаалгачид бид хөлбөмбөгийн “хар хонинууд” байх л даа.
-Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Испанийн шигшээ баг хаалгандаа хамгийн цөөн гоол алдсан. Мэдээж таны хүчин зүтгэл шүү дээ?
-Бид бүгд л хүчээ дайчлан тоглосон. Хамгаалагчид ч тэр. Бат чанга байж, өрсөлдөгч багийнхаа боломжийг таслах нь чухал.
-Испанийн багаас хагас хамгаалагч, довтлогч нар асар их магтаал хүртэж, харин хамгаалагчдын тухайд зөвхөн чанар яригдаж байсан?
-Тэд үнэхээр авьяастай. Ахмад туршлагатай, шинэ залуу тоглогчид хосолж, гайхалтай зохицож чаддаг. Миний бодлоор хамгийн чухал нь бие биедээ тусалж, дэмжих явдал.
-Давид Вилья Өмнөд Африкт “Алтан шаахай” шагналд тун ойрхон очсон шүү дээ?
-Тийм ээ. Хамгийн гол нь Гондурасын эсрэг тоглолтод тэр торгуулийн цохилт алдчихсан. Гэхдээ л Давид сайн тоглогч. Дэлхийн аваргын үеэр нийт таван гоол оруулсан, маш чухал гоолуудыг ч оруулж л байлаа. Давид Испанийн шигшээд үнэтэй хувь нэмрээ оруулсан. Бид түүнд талархах ёстой.
-2007/08 оны улирлаас хойш та бараг зогсолтгүй давхилаа шүү дээ. “Реал Мадрид”-ын оролцож буй тэмцээн бүрт тоглосноос гадна Евро-2008, Холбоодын цом, ДАШТ гээд л. Ядрахгүй байна гэж үү?
-Үнэнийг хэлэхэд өнгөрсөн гурван жилд би тун бага амарсан. Эрч хүчээ алдалгүй сайн тоглоно гэдэг мэдээж хэцүү. 15-20 хоног амрахад л оюун санаагаа чөлөөлж, эргээд ирэхэд сайхан байдаг. Ирэх жил харьцангуй тайван байна гэж найдаж байгаа.
-Европын төдийгүй дэлхийн аварга болсноор таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Хаа ч явсан хүн бүр таньж, гудамжинд байхад хүрч ирээд л сайхан урмын үг хэлнэ. Ийм гайхалтай түүхэн амжилт гаргаж, олон сая хүмүүсийг баярлуулсандаа сэтгэл хангалуун байгаа.
-Испанийн шигшээ багийг ахална гэдэг гайхалтай мэдрэмж байх даа?
-Тийм ээ, тэгэлгүй яахав. Ийм гайхалтай багийг удирдана гэдэг таатай. Ялангуяа ийм агуу амжилт гаргасан цаг мөчид. Өмнө нь тийм ч сайхан байгаагүй шүү /инээв/. Ээлж дараалан бүтэлгүйтэж, бид их шаналдаг байлаа. Гэхдээ цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн бид ч өөрчлөгдөж чадсан.
-Дэлхийн аваргаас үлдсэн хамгийн тод дурсамж?
-Нэг баг гэдэг утгаараа Швейцарийн багт хожигдсоны дараах уур амьсгал хүнд байсан. Хүн болгон л биднээс өндөр амжилт хүсэн хүлээж байсан болохоор бид асар их шүүмжлэлд өртсөн. Гэхдээ бид чимээгүй байж, анхаарлаа төвлөрүүлж, зөв голдиролдоо орсон. Хөлбөмбөгийн ертөнцөд олон арван цом байдаг ч дэлхийн аваргын цом хамгийн агуу нь.
-Испанийн багийн амжилтаас гадна дэлхийн аваргад аль баг амжилттай оролцсон гэж бодож байна?
-Герман. Тэд үнэхээр хүчирхэг баг. Залуу тоглогчид нь дэлхийг гайхашруулсан шүү дээ. Дэлхийн аваргын үеэр германчууд Англи, Аргентин гээд дэлхийд данстай хүчирхэг багуудын эсрэг маш сайн тоглосон. Ирэх хэдэн жилд тэд бахдам амжилт гаргах байх.
-Тэгвэл хамгийн харамсмаар үйл явдал?
-Франц. Тэд ямархуу байдалтай нутаг буцлаа даа. Бас хэсгийн шатнаас хасагдсан Итали байна. 2006 онд финалд шалгарч байсан хоёр баг тийм эрт нутаг буцсан нь хөлбөмбөгийн ертөнц ямар хурдан хугацаанд өөрчлөгдөж байдгийг харуулсан гэж бодож байна. Энэ өөрчлөлт хэнийг ч дайрч, хэнд ч тохиолдож болно.
-Шигшээ баг болоод клубын хамт та байж болох бүхий л шагнал хүртлээ. Цаашид таныг ямар өрсөлдөөн хүлээж байна?
-Бүх л зүйлд ялагч байхыг хүсч байна. Нэн түрүүний зорилго бол Европын аваргын цомоо эргүүлж авах явдал.
-“Реал Мадрид”-ын талаар ярилцъя гэж бодлоо. 18 сарын өмнө “Реал” Аваргуудын лигийн шөвгийн 16-гаас хасагдаж байсан. Тухайн үед та Европын тавцанд амжилт гаргахын тулд шинэ тоглогчдыг багтаа авчрах хэрэгтэй гэж хэлж байсан. Одоо харин тэр хэлж байсан тоглогчид тань ирсэн болов уу?
-Бидэнд олон сайн тоглогч бий. Тэдний дунд амбицтай, амжилт авчрах залуучууд ч бий. Одоо бидний хувьд байдал сайн байна. Энэ удаад бид юу хийж чадахыг харцгаая.
-Таныг “Реал”-ын уугуул тоглогч болохоор асууж байна л даа. Раул, Гути нар явсан нь багт хэрхэн нөлөөлсөн бэ?
-Хувь хүний хувьд үнэхээр харамсалтай санагдаж байсан. Учир нь тэд Мадридын төлөө бүхнээ зориулсан, би тэдэнтэй 10 гаруй жил хамт тоглосон. Тэд өөр замыг сонгосон, хэдий тийм боловч тэднийг хүндэлж, үргэлж хамгийн сайн сайхныг хүсч байх болно. “Реал Мадрид” тэдний хувьд үргэлж гэр нь, үргэлж хаалга нээлттэй байх болно гэдгийг маш сайн мэдэж байна.
-Та өөрийгөө “Реал”-ын бэлгэ тэмдэг гэж боддог уу?
-Багийн бусад гишүүдээс илүүтэй хамгийн урт хугацааг “Реал”-д өнгөрүүлсэн нь би. Бараг 20 жил Мадридад хүчин зүтгэж байна. Хэн нэгэн намайг “Реал Мадрид” багийг төлөөлөх бэлгэ тэмдэг гэж бодож байвал сайхан л байна. Гэхдээ манай багт энэ үүргийг гүйцэтгэж чадах олон сайн тоглогч бий.
-Эцэст нь, мэргэжлийн хөлбөмбөгч байхын хамгийн тааламжгүй зүйл нь юу вэ?
-Ямар нэг тааламжгүй зүйл олж харахгүй л байна. Магадгүй ямар нэг шүүмжлэлд өртөхөд ойр дотны хүмүүст нөлөөлдөг нь сул тал байх. Хэдийгээр өөрт нөлөөлөхгүй боловч хайртай, хамгийн дотно хүмүүст хүндээр тусах зүйл бишгүй л гардаг.
С.Цэлмэг